Монгол-Германы соёл, боловсролын зөвлөлдөх уулзалт боллоо

Зөвлөлдөх уулзалтыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны Соёлын харилцааны газрын Африк, Ази, Австрали, Номхон Далай, Латин Америкийг хариуцсан хэлтсийн дарга Штефан Бухвальд нар нээж үг хэллээ. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг хоёр тал тэмдэглэлээ. Уулзалтаар хоёр орны Засгийн газар хоорондын 1997 оны соёлын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулах талаар санал солилцож, одоогийн хэлэлцээрийн хэрэгжилтийг дүгнэлээ. Гёте институт, Францын институтийн сүлжээний нэг хэсэг болох БНФУ, ХБНГУ-ын хамтарсан Соёлын институтийг Улаанбаатар хотноо байгуулах асуудлыг судлах, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулах арга хэмжээ болон соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.

Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал, Монгол Улсын бүрэн дунд боловсролын үнэмлэхийг ХБНГУ-ын холбогдох байгууллагаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлын талаар санал солилцлоо. Монголын тал өөрийн орны Ерөнхий боловсролын тогтолцооны талаар танилцуулж, Германы тал уг асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах дэмжлэг үзүүлэхээр боллоо. Мөн 2018 онд дуусгавар болсон хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг 2020 оны хичээлийн жилээс үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлж, төслийг германы талд гардуулан өглөө.

Уулзалт зөвхөн соёл, боловсролын салбараас гадна спортын зарим асуудлыг хөндсөн юм. Жүдо бөх, хөл бөмбөг, буудлагын мэргэжлийн тамирчдын хамтарсан бэлтгэл зохион байгуулах хүсэлтээ манай талаас илэрхийлж, Холбооны ГХЯ-нд төслийн санхүүжилтийн хүсэлтээ тавьж шийдвэрлүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn