ШШГЕГ-ын дарга нар Ц.Нямдоржид ийм их “өртэй” юм уу

Ц.Нямдорж сайд сүүлийн үед нэг л биш ээ. Хосгүй шударга хүний баг зүүчихээд, биднийхээ эсрэг янз бүрийн хорлонтой юм хийгээд байдаг болж. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах далимаар ойртсон болгон руугаа азаргалж, улаан цагаан дайрсаар байгаад иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хөндөж орхив. Ингээд тэр Засгийн газрын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр авч хэлэлцэхгүй болгож чадлаа. Энэ нь түүний хамгийн сүүлд хийсэн лайтай ажлуудын нэг. Урьд нь зөндөө олон хууль зассан хэргээр албан тушаал буурч байсныг хүмүүс мартаагүй байгаа байх. За тэгээд мань эрийн тэр жил “Би түрээсийн орон сууцанд амьдардаг” гэсэн хөгийн хошин явдлаас хойш гэр бүл, үр хүүхэд, ах дүүсийнх нь орон сууцны тоо улам өсөх хандлагатай болж, одоогоор түүний зиндаанд хүрэх улс төрч ховор болов. Нийтдээ арван долоо, найман шинэ байр, хуас ярайлгаад сууж байгаа аж.

Мөн гар хөл бологсод нь нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд амьдарч байсан, төрсөн дүү Ц.Батсүхийнх нь нэр дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдэлд байсан таван өрөө орон сууцыг 13.7 сая төгрөгөөр үнэлэн шилжүүлжээ. Үүнийг булзааруулахын тулд Ц.Нямдорж саяхан үнийн дүнг 13.7 сая биш 50 сая хэмээн мэдэгдэв. Гэхдээ түүний энэхүү албан тушаалын нөлөөлөл нь 2012-2013 оны хороонд болж өнгөрсөн бодит үйл явдал байлаа. Ц.Нямдоржийн дүү Ц.Батсүхэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 13 дугаар хороололд 127 метр квадрат талбай бүхий уг таван өрөө байрыг өгсөн тухай албан ёсны баримт нь байж байна. Энэхүү баримтанд нэг метр квадратынх нь суурь үнийг 150 000 төгрөгөөр тооцон нийт үнэлгээг 13 сая 716 мянган төгрөг гээд цагаан дээр хараар бичиж үлдээсэн байгаа юм. Гэтэл Ц.Нямдорж үүнээс дөрөв дахин өндөр үнээр худалдаж авсан хэмээн гүрийх нь утга учиргүй төдийгүй дэндүү ичгүүргүй юм. Ер нь энд хэдээр худалдаж авсан нь тийм ч сонин биш. Хамгийн гол нь ШШГЕГ-ын байрыг ингэж авсныхаа дараахан нэг сар орчмын дотор хувьчилж өгсөнд хэргийн мөн чанар байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд насаараа зүтгээд байр ч үгүй салж, тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө арай ядан амь зууж буй олон хүн бий. Хэрвээ төсвийн хөрөнгөөр барьсан албан тушаалын зориулалттай байраа хувьлах байсан юм бол тэдгээр орон сууцгүй ахмадууддаа давуу эрхээс хувьчилж өгсөн бол үнэхээр том буян болох байлаа. Харамсалтай нь тэгсэнгүй, Ц.Нямдоржийнхон.

Хоёр жил гаруйн өмнө Шүүхийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас бас түүнд өндөр үнэтэй автомашин авч өгсөн юм. У.Хүрэлсүхийн танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж эхэлснийхээ дараахан мань эр 130 мянган ам.доллар буюу 313 сая 950 мянган төгрөгийн үнэтэй “Лексус 570” загварын машин унадаг болсон бөгөөд үүнийгээ ШШГЕГ-ын хөрөнгөөр авахуулсан нь ч баримтаар нотлогдсон билээ. Эндээс үзэхэд тус газрын үе үеийн дарга нар Ц.Нямдорж болон түүний ах дүү нарт ихээхэн өртэй байсан юм уу гэлтэй.

О.Баяр

Шуурхай.мн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn