“Бургер кинг”-ээр үйлчлүүлсэн 140 орчим иргэн хордлого авчээ

“Бургер Кинг”-ийн Зайсан дахь салбараас энэ сарын 02-07-ны өдрийн хооронд бургер худалдан авч идсэн 140 хүн хордлогод оржээ. Тус салбарт хооллоод хордлого авсан хамгийн сүүлийн хүн энэ сарын 15-ны өдөр ХӨСҮТ-д ирсэн байна.

Түргэн хоолны “Бургер Кинг” сүлжээ нь нийт 11 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа боловч ганцхан Зайсан дахь салбарт нь хооллосон хүмүүсээс хордлогын шинж тэмдэг илэрчээ. Хордлогод орсон хүмүүсээс гүйлгэх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байсан бөгөөд одоогоор гурван хүн эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаа аж. “Бургер Кинг”-ээс хордсон хүмүүс үхрийн махтай бургер болон тахиан махтай бургерээс хордсон байжээ.

ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд нийт эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн 120 гаруй өвчтөн, 10 гаруй ажилтнаас шинжилгээ авсан. Уг шинжилгээний үеэр хүмүүсээс асуумж судалгаа авах, тархавар зүйн тандалт судалгаа хийх, нян судлалын шинжилгээ авсан. Шинжилгээний урьдчилсан байдлаар И коли буюу гэдэсний савханцар үүсгэгч илэрсэн. Ер нь гэдэсний халдвар үүсгэгч нян олон янз байдаг аж. Манай улсын хувьд цусан суулга, гэдэсний савханцрын тохиолдол илүүтэй бүртгэгддэг байна. Энэ үүсгэгч нь бохирдсон хүнсний бүтээгдэхүүн, нян тээгч өвчтэй хүнээс дамжин халдварладаг юм.

Бургер Кинг нь 1954 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхий даяар 11 сая гаруй хүн энэ сүлжээ ресторанаар үйлчлүүлдэг байна. 2015 онд “Макс” группийн оxин компани болох Макс Центр компани албан ёсны онцгой эрxт франчайз компаниар сонгогдон, анxны салбараа Улаанбаатар хотод нээсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn