Д.Эрдэнэбат: Яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр:

-Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх сурвалжгүй мэдээлэл цацлаа. Л.Оюун-Эрдэнэ сайд Хөгжлийн банкны, миний нэртэй холбоотой, Ч.Хүрэлбаатар сайд “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлыг ярилаа. Энэ нь улстөржсөн шинжийг агуулж байна гэдгийг надад төрүүлсэн. Би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрт хүсэлт хүргүүлж байна. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулинд прокурорын зөвшөөрснөөс нийтэд мэдэгдэж болно гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтны шатны хэргийг олон нийтэд эх сурвалжгүй мэдээлэл дэлгэн, улстөржсөн үйл ажиллагаа явуулж байгааг анхааралдаа авна уу гэсэн хүсэлтийг хүргүүлж байна.

“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т дуудаж мөрдөн байцаалт явуулж байна. Би Оросын талд байсан “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсанаа баяртай байдаг. Энэ үзэл баримтлал дээрээ хатуу зогсоно. “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирснаар ямар ч хохирол гараагүй.

“Эрдэнэт”-ийн асуудлаар ээлжит улстөржсөн үе шаттай үйл ажиллагаа явуулж байна. Эхлээд дуулиан тарьж, дараагаар нь мөрдөн байцаалт явуулж байна. Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би өөрийгөө өмгөөлөх, хамгаалах айдас алга.

Энэ асуудлаар АН-ыг харлуулах гэж байна. Ийм хар улс төрөөр хол явахгүй шүү гэдгийг эрх баригчдад хэлье. Эрх баригчид ард түмний амьдралыг харлуулж болохгүй хэмээлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Танаас ямар мэдүүлэг авсан бэ?

-“Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд орж ирсэн нь яав ч буруу үйлдэл биш. Дотоод дахь үйл явдал нь хамгийн муу хувилбарыг сонголоо. Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээлэл хийхдээ хэлсэн. Надаас гэрчийн мэдүүлэг авахад би үнэн бодитоор өгсөн. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ 10 гаруй хоногийн өмнө мэдүүлгийг одоо мэдэж байгаа мэт хэлсэн нь улстөрийн зорилготой. Аж үйлдвэрийн сайд байхдаа албан тоот хийсэн үү гэсэн мэдүүлэг авсан. Аж үйлдвэрийн сайд байхад би бүх шийдвэр, тогтоолыг би гаргаж байсан. Миний гараар мянга мянган тогтоол, шийдвэр гарсан. Яллагдагчаар татах тогтоолыг надад танилцуулж, гарын үсэг зурсан.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn