“Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчилнэ”

Газар зохион байгуулалттай холбоотой зөрчлийг арилгах, зөвшөөрөлгүй эзэмшиж, ашиглаж буй газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлэх ажлыг нийслэлд эрчимтэй зохион байгуулж буй талаар Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээллээ.

2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 330 га газрыг нийтийн эдэлбэрт шилжүүлээд байгаа бөгөөд цаашид зөвшөөрөлгүй эзэмшсэн 7.5 га газрыг чөлөөлөх юм байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 960 гарааш, чингэлгийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Хотын төвд хийж, хэрэгжүүлж буй газар чөлөөлөх ажлыг он дуустал үргэлжлүүлэх аж.

Үүнтэй зэрэгцэн хотын алслагдсан дүүргүүдэд түгээмэл тархалттай ашигт малтмал буюу элс, шавар, хайрга зэргийг зөвшөөрөлгүй олборлодог. Налайх дүүрэгт элс, шар шавар гар аргаар олборлосноос болж 200 га орчим газар сэндийлэгдэж үлджээ. Сонгинохайрхан дүүрэгт мөн зөвшөөрөлгүй олборлолтын улмаас асуудал нь шүүхээр шийдүүлэх хэмжээнд хүрсэн тохиолдол бий.

Эдгээр асуудлыг яаравчлан шийдвэрлэх шаардлагатайг Нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд сануулсан байна. Түүнчлэн энэ онд багтаан зуслангийн бүсийн дахин төлөвлөлтийг боловсруулж, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н гэхэд хуульд нийцүүлж ажлаа эхлүүлэхэд бэлэн байх ёстойг үүрэг болгожээ. Мөн Улаанбаатар хотын ундны усны хилийн цэсийг шинэчлэх ажил хийж байна хэмээн НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ. 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn