“Соёлын бүтээлч сар” аян ээлжит семинараа зохион байгууллаа

Соёлын яамнаас зохион байгуулж байгаа “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд урлаг соёлын салбарыг хамарсан томоохон арга хэмжээнүүд болж байна. Тус аяны хүрээнд “Бүжгийн сургалтын заах арга зүй, улсын болон олон улсын уралдаан тэмцээний чиг хандлага” сэдэвт семинар энэ сарын 18-ны өдөр боллоо. Сургалт семинарт танхимаар мэргэжлийн байгууллагын төлөөлөл, цахимаар орон нутгийн болон хувийн хэвшлийнхэн мөн МБҮС-ийн багш нар оролцсон байна.

Сургалтаар бүжгийн сургалтын төвүүдийн баримтлах заах арга зүйн чигийг тодорхойлох, үндэсний болон олон улсын бүжгийн уралдаан тэмцээний ач холбогдол, чиг хандлага, оролцогчдын ур чадварын ахиц дэвшлийг тодорхойлох зэрэг цаг үеийн олон чухал асуудлуудын талаар мэргэжлийнхэн зөвлөлдсөн юм.

Уг арга хэмжээнд Соёлын яамны урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, Монголын балетын хөгжил сан, Монголын балетын үндэсний сургуулийн захирал, Балетын тэмцээн зохион байгуулах хорооны тэргүүн  МУГЖ, Монгол улсын Соёлын элч Д.Алтанхуяг, Монголын Балетын Урлагийн Холбоо ТББ-ын захирал, Монголын балетын үндэсний сургуулийн багш МУСТА Ц.Жаргалан, Монгол улсын консерваторийн Бүжиг циркийн мэргэжлийн сургуулийн захирал МУГЗ Н.Оюун, сонгодог бүжгийн эрхлэгч, МУГЖ Х.Мөнгөнхөлөг, сонгодог бүжгийн багш МУГЖ профессор Г.Туул, сонгодог бүжгийн багш МУГЗ, Хүндэт профессор Н.Энхтуяа, УДБЭТ-ын гоцлол бүжигчин, Номадик продакшны бүжиг дэглээч Г.Батчимэг, СУИС-ийн бүжгийн урлагийн сургуулийн ахлах багш Д.Алтантуяа гээд салбарын шилдэг төлөөллүүд оролцлоо.

Тэд мэргэжлийн урлагийн байгууллагын алсын хараа, МУК-ийн бүжгийн сургалтын заах арга зүй, сургалтын программын тухай, сонирхогчдын балетын арга зүй, хөгжил, Ковидын үеийн сургалт ба байгууллагуудын уралдаан тэмцээн дэх оролцоо, боловсон хүчний хэтийн асуудал гээд олон чухал сэдвийг хөндлөө. Нэг өдрийн турш бүжиг урлагийн салбарынхан өмнөө тулгамдсан дээрх асуудлаар санал бодол, туршлагаа солилцсон юм.

Салбарын олон талт оролцоо болоод сургагч багш нараа хөгжүүлэх, Олон Улсын тэмцээн уралдаанд оролцогчдоо бодлогоор дэмжих талаар тэд санал нэгджээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn