Ардын жүжигчин Э.Амартүвшин “Луйза Миллер” дуурийн Миллерийн дүрийг бүтээнэ


Ардын жүжигчин Э.Амартүвшин 2021 оны арванхоёрдугаар сарын 20-ноос 2022 оны нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Англи улсын нийслэл Лондон хотын Хатан хааны дуурийн театрт Ж.Вердийн “Набукко” дуурийн Набукко хааны дүрийг амжилттай бүтээлээ. Нэгдүгээр сарын 23-нд болсон хаалтын тоглолтыг “Би-Би-Си Кардиф дэлхийн дуучин” /BBC Cardiff Singer of the World/ уралдааны захирал Дэвид Жаксон, менежер Сью Перри-Грек нар ирж сонирхсон ба тоглолтын дараа уулзан, халуун дотно яриа өрнүүлжээ. Дэвид Жаксон дэлхийн шилдэг дуучны эгнээнд зүй ёсоор ороод байгаа Э.Амартүвшин баритоноор маш их бахархаж байгаагаа илэрхийлсэн байна. Харин менежер Сью Перри-Грек “Гайхамшигтай сайхан хоолойтой Э.Амартүвшин бол уралдааны 40 жилийн түүхэнд “Үзэгчдийн шагнал”-ыг хүртсэн цорын ганц гадаад дуучин” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Ардын жүжигчин Э.Амартүвшингийн дараагийн бүтээл нь Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн бүтээл “Луйза Миллер” дуурийн Миллерийн дүр байх нь. Тэрбээр Ромын дуурийн театрт хоёрдугаар сарын 8, 10, 12, 15, 17-нд уг дуурьт дуулах юм. Энэхүү дуурь нь суут хөгжмийн зохиолчийн 15 дахь дуурь бөгөөд Ф.Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” жүжгээс сэдэвлэн бүтээжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn