Л.Оюун-Эрдэний амбиц ба эцэслэгдсэн царигийн маргаан

Өргөн, нарийн цариг, “Төмөр замаа нарийн царигаар баривал хятадууд танктай орж ирнэ” хэмээн 14 гаруй жил маргасан урд чиглэлийн төмөр замын асуудал энд хүрээнд өндөрлөж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпод оролцох үеэр хэд хэдэн албан уулзалт хийсний дотор БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт онцлох уулзалт байв. Энэ уулзалтаар Хятадын талаас хил дээр тулгасан нарийн царигтай төмөр замтай Монголын талаас огтлолцох цариг нь нарийн байхаар тохиролцжээ. Тодруулбал, Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жил гаруй хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн, нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарлаа гэж албан мэдээнд дурджээ. Мэдээж айлчлалаар яригдсан “нарийн цариг”-ийн асуудал хоёр улсын хувьд ашигтай, тэр дундаа машинаар нүүрсээ зөөж буй монголчуудад бүр ч ч ашигтай. Шатахуунд дугаарлаж зогсохдоо ч урд чиглэлийн төмөр замаа нарийн царигаар нь 14 жилийн өмнө барьчихгүй яав гэж халаглаж байсан монголчуудад бол бүр ч их боломж. Уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсээ зарж улс нь орлогоо олдог жижигхэн эдийн засагтай улсын хувьд бүр том боломж. Гавьяа нь Л.Оюун-Эрдэнийх эсвэл өмнөх Ерөнхий сайд, Засгийн газрынх, манай, танай гэхээс илүү экспортын гол боомтуудаар ачаа тээвэр, нүүрсээ төмөр замаар зөөх боломж нээгдэнэ гэдэг нь өөрөө чухал алхам.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын мэдээлснээр “Тавантолгой-Ганшуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар жилд 15-20 сая тонн нүүрс тээвэрлэнэ гэсэн тооцоолол хийсэн. Авто машинаар тээвэрлэхэд нэг тонныг 32 орчим ам.доллараар тээвэрлэж байна. Төмөр замыг ашиглалтад оруулснаар Тавантолгой өртөөнөөс Гашуунсухайт хүртэл найм орчим ам.доллар, хил гаргахаар 55 орчим цент зарцуулна гэж тооцож байгаа. Ингээд нийт 8.5 ам.доллараар хүргэнэ. Тэгэхээр тээврийн зардал дөрөв дахин буурна гэсэн үг. Хэрвээ нарийн цариг наашаа орж ирсэн тохиолдолд шилжүүлэн ачилтад гурав орчим ам.доллар зарцуулна. Жилд 30 орчим сая доллараас ашиг олох боломжтой” гэж тодотгосон.

Өөрөөр хэлбэл, зөвхөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулахад л тээврийн зардлаа дөрөв дахин бууруулчих боломж бүрдэх нь. Дээрээс нь ачаа, тээврээ төмөр замаар тээвэрлээд эхэлбэл хэдэн мянган чингэлэг гацаад байхгүй, урд хөршөөс авах шатахуунаа ч авчих нь гээд эдийн засгийн хувьд том боломж, үүд хаалга нээгдэнэ.

Үнэндээ 14 жил гацсан алдагдсан боломжийн буруутан нь монголчууд бид өөрсдөө. Хоёр хөрш, гадаад нөхцөл байдал гэхээс илүү дотоодын улс төр нь улсаа “хорлосон” гэж дүгнэх хүмүүс ч бий. Анх төмөр зам барих асуудал яригдаж эхэлсэн цагаас эхлэн энэ асуудлыг зөвхөн “өргөн, нарийн цариг” гэсэн маргаанд монголчуудыг оролцуулсан хүмүүс нь улстөрчид. Ялангуяа экс Ерөнхийлөгч Х.Баттулгын оруулсан “гай” нь хамгийн их гэдгийг мэргэжилтнүүд ч, Хятадын тал ч ил далд хэлэлцдэг.

Хэрэв нарийн царигтай төмөр зам баривал танктай цэргүүд орж ирээд л монголыг эзэлчихнэ гэх хар пи-ар хөвөрч, улстөрчидтэйгээ, ард түмэнтэйгээ үүнд нь итгэж явсан, өнгөрсөн 14 жилийн хугацаанд. Хятадын талаас төмөр замаа нарийн царигтайгаар бариад хил дээр тулгачихсан, харин монголчууд өргөн царигтайгаар бариад эхлүүлчихсэн. Ийм л дүр зурагтайгаар явсаар 2020 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодолгын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Тэрхүү тогтоол нь 2014 оны аравдугаар сарын 24-ны өдөр батлагдсан 64-р тогтоол бөгөөд тус тогтоолд “Хойд чиглэлийн төмөр замыг өргөн, урд чиглэлийн төмөр замыг нарийн царигтай” барих ёстой байв. Гэвч 2020 онд, яг сонгуулийн өмнө эрх баригч МАН олонх байхад, Г.Занданшатар даргатай УИХ энэ тогтоолыг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг үндэслэн хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр төмөр замыг гацаасан, 14 жил алдагдсан боломжийн “буруутан” АН-аас сонгогдсон экс Ерөнхийлөгч, өнөөгийн эрх барьж буй МАН. 2014 оны тогтоолыг хүчингүй болгоогүй, өргөн, нарийн царигийн асуудал үүсээгүй бол бид өнөөдөр ямар эдийн засагтай, ямар нөхцөлд байх байсан бол гэдгийг тунгаана биз ээ, уншигчид.

Олон жил ярьсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам тавих ажлыг үргэлжлүүлж, ирэх жил ашиглалтад оруулна гэдгээ Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зарлачихсан. Цариг, хил холболтын цэг, санхүүжилт, тэр дундаа улс төрийн тоглоом, эсэргүүцэл, олон хүний ашиг сонирхол зэрэг асуудлаас болоод гацсан төмөр замын ажил цаашид хэрхэн өрнөх бол. Хилийн цэгийн холболтыг яаж хийх гээд олон асуудал хүлээж байна, Л.Оюун-Эрдэнийг. Дахин улс төрийн тоглоом, гацаа үүсгэхгүй, эдийн засгаа хорлохгүй байх боломжоо тэд хэрхэн харж байгаа бол…

Сонирхолтой нь өргөн, нарийн царигийн, өнгөрсөн 14 жилийн алдагдсан боломжийн “буруутан” экс Ерөнхийлөгч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд зөвлөж байгаа энэ цагт шүү дээ.
Эх сурвалж: www.news.mn Ш.Оюунчимэг

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn