“Завсардсан” үеийнхэн

“Сургууль гоё. Гэхдээ хүрд цээжлэх хэцүү. Бас хөдөө гэрээ их санадаг байсан. Өвөл хамгийн муухай. Манай өвөлжөө сумын төвөөс зайтай болохоор улирлын амралт болтол дотуур байрандаа л байна. Гэхдээ би гуравдугаар ангиасаа хойш хичээлдээ яваагүй ээ. Хөдөө сүлжээгүй болохоор цахим хичээлдээ сууж, ангийнхантайгаа холбогдож чадаагүй юм. Уг нь зурагтаар хичээл гардаг ч ойлгохгүй юм билээ. Энэ намар сургуульдаа очмоор байсан ч аав, ээж хоёр өвчин зүгээр болохоор хичээлд оруулна гээд намайг явуулаагүй” гэж бяцхан хүү хэвлүүхэн өгүүлэв. Хөл хорио, цар тахлын улмаас хичээл завсардсан хүүхдийн талаарх мэдээлэл цуглуулах үедээ нэгэн сумын нийгмийн ажилтнаас түүний тухай сонссон юм. Улмаар эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр цөөн хором хөөрөлдсөн нь энэ. Тэрээр сургуульд явахыг хүсдэг ч цар тахлын улмаас суралцах боломж нь хязгаарлагдсан тухай тун тодорхой өгүүлэв. Тус суманд хөл хорионы улмаас сургууль завсардсан сурагч түүнээс гадна хоёр байгаа аж. Гурвуулаа эрэгтэй бөгөөд хичээлдээ явахгүй байгаа шалтгаан нь бараг л ижил. Мал маллах хүн хүч дутсан, цахим хичээлд хамрагдаагүй учир сурлага хоцрогдсон зэрэг шалтгаанаар сургуулиас гарах хүсэлт гаргасан байна. Сургуулийн захиргааны зүгээс эцэг, эхэд нь хүүхдээ үргэлжлүүлэн суралцуулахыг ятгасан ч үр дүнд хүрээгүй аж. Цаашид хичээл завсардах эрсдэлтэй хүүхэд цөөнгүй байгаа талаар сургуулийн удирдлагууд онцолж байлаа. Зөвхөн орон нутагт бус нийслэлд ч энэ тохиолдол өнгөрсөн жилүүдийнхээс олширсон байж болзошгүй. Гэвч цар тахлын жилүүдэд сургууль завсардсан сурагчдын талаарх албан ёсны тоо мэдээлэл хаана ч алга. Уг нь салбар яам болон ҮСХ-ноос жил бүхэн боловсролын салбарын статистик гаргадаг ч тус мэдээлэлд сургуулийн гадна буй хүүхдүүдийн талаарх үг, өгүүлбэр байсангүй. Хамгийн сүүлд энэ төрлийн судалгааг цар тахал гарахаас өмнө буюу 2019 онд Боловсролын хүрээлэн хийжээ. Тухайн жил улсын хэмжээнд 600 гаруй хүүхэд хичээл завсардсан байна. Тэдний олонх нь зургаан настай байжээ.

1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байна

Боловсролын хүрээлэнгээс өнгөрсөн оны 10-12 дугаар саруудад “Сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх” судалгаа хийсэн байна. Тус судалгаагаар 2021-2022 оны хичээлийн жилд 1931 хүүхэд сургууль завсардах эрсдэлтэй байгаа нь тогтоогдож. Энэ нь дөрвөн жилийн өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад 61.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хүүхдүүд олноороо сургууль завсардахад цар тахал гол нөлөө үзүүлж байгаа талаар судалгааны багийнхан онцолж байв. Сургууль завсардаж болзошгүй хүүхдүүдийн 77.9 хувь нь орон нутагт, 22.1 хувь нь Улаанбаатар хотод байгаа аж. Орон нутагт байгаа айл өрхийн олонх интернэт, сүлжээнээс алслагдсан бүсэд амьдардаг нь хүүхэд сургууль завсардахад нөлөөлдөг байна. Мөн халдварын улмаас эцэг, эхчүүд хүүхдээ олны хөлөөс алс байлгахыг хүссэндээ сургуулиас гаргах, чөлөө авах тохиолдол ч байдаг талаар дунд сургуулийн багш нар учирлаж байв.

Сургууль завсардаж болзошгүй хүүхдүүдийн 70 хувь эрэгтэй

Сургууль завсардаж болзошгүй эрсдэлд байгаа нийт сурагчдыг насаар ангилж үзвэл:

– 6-7 насны сурагч 354 буюу 18 хувь

– 8-9 насны сурагч 347 буюу 18 хувь

– 10-11 насны сурагч 394 буюу 20.4 хувь

– 12-13 насны сурагч 429 буюу 22.2 хувь

– 14-15 насны сурагч 326 буюу 17 хувь

– 16-17 насны сурагч 81 буюу 4 хувь

– 10-13 насны сурагчид хамгийн их буюу 42.6 хувийг эзэлж байна.

Харин хүйсийн хувьд, 1391 буюу 72 хувь нь эрэгтэй, 540 буюу 28 хувь нь эмэгтэй сурагч байгаа юм. Энэ нь ирээдүйд боловсрол дахь хүйсийн тэнцвэргүй байдлыг нэмэгдүүлэх сөрөг нөлөөтэй.

Олонх нь амьдралын гачигдлаас болж сургуулиа орхиж байна

2018 онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан Боловсролын салбарын танилцуулгад сургууль завсардалтын шалтгааныг тодорхойлсон байдаг. Тус судалгаанд дурдаснаар, сургуулийн гадна буй хүүхдүүдийн олонх нь буюу 30 гаруй хувь нь ямар нэг өвчний улмаас хичээллэж чадаагүй байна. Харин 40 орчим хувь нь тодорхойгүй шалтгаанаар сургуулиа орхижээ. Гэтэл дээрх шалтгаан одоо эрс өөрчлөгджээ. Тодруулбал, өнгөрсөн онд хийсэн судалгаагаар хүүхдүүдийн 45 хувь нь амьдралын гачигдлаас, 39 хувь нь мэдээлэл технологи, техник хэрэгслийн хомсдлоос, 20 хувь нь ажил эрхлэлтээс болж сургуулиа орхиж мэдэхээр байна.

“Завсардсан” үеийнхэнБоловсролын хүрээлэнгийн Боловсролын хөтөлбөрийн судалгааны эрдэм шинжилгээний ажилтан Х.Энхжаргал

2021 оны 10-12 сард Боловсролын хүрээлэнгээс cургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгаа авч үр дүнг БШУЯ-нд хүлээлгэж өгсөн. Хөл хорионы улмаас сумын төвөөс алслагдсан, дэд бүтцийн хөгжил сул, техник технологи дутмагаас үүдэн сурагчид сургууль завсардаж болзошгүй эрсдэл үүсээд байгаа юм. Тиймээс сургууль завсардаж болзошгүй хүүхдийг илрүүлэх судалгаа хийсэн. Судалгаанд нийт 3329 бүлэг хамрагдсан бөгөөд 1931 сурагч сургууль завсардах эрсдэлд байгаа гэх статистик тоо гарсан юм. Ихэнх хүүхдийн сургуулиас гарах шалтгаанд амьдралын гачигдал, техник хэрэгслийн хомсдол нөлөөлж байна. Харин ар гэрийн гачигдлын шалтгааныг тодруулахад, гэр бүл салалт, аав ээжийн архины хамаарал, ар гэрийн анхаарал дутмаг, ажил эрхлэлт зэрэг тэргүүлж буй юм.

Зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлдэг

Цар тахлын жилүүдэд хүүхдүүд хичээл завсардаж буй асуудал дэлхийн ихэнх оронд үүсжээ. Ковид19 халдварын улмаас 190 орны 1.6 тэрбум хүүхдийн 90 орчим хувь нь танхимаар суралцах боломжгүй болсныг ЮНЕСКО өнгөрсөн оны тавдугаар сард мэдээлж байв. Үүний улмаас дэлхий дахинд 24 сая хүүхэд сургууль завсардаж болзошгүй байгаа юм. Улмаар 17 их наяд ам.доллартай тэнцэх хэмжээний ирээдүйн орлого алдах эрсдэлтэй буй. Түүнчлэн ийнхүү сургууль завсардах эрсдэл бүхий хүүхдийн тоо нэмэгдэхтэй зэрэг хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ч өсөв. ОУХБ, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2021 онд хамтарч хийсэн судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийн тоо анх удаа 160 сая болж нэмэгдсэн байна. Энэ нь 10 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж буй гэсэн үг юм. Тэдний тал хувь нь буюу 79 сая нь хүнд, хортой нөхцөлд ажиллаж байна. Манай улсад ч хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна. ХЭҮК-ийн мэдээлснээр 5-17 насны зургаан хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна. Ихэнх хүүхэд хөдөө аж ахуйн салбарт ажилладаг аж. Түүнчлэн 15-17 насны хүүхдүүд барилга, уул уурхайн салбарт аюултай ажил эрхлэх нь түгээмэл байдаг аж.

“178 мянган хүүхэд цахим сургалтад хамрагдах боломжгүй байна”

Хоёр жил гаруй хугацаанд хүүхдүүд цахимаар хичээллэсэн. Энэ байдал өнөө ч үргэлжилж мэдэхээр байна. Танхимын сургалтыг зогсоосноор ямар хэмжээний хохирол учирсан тухай болон цаашид үүсэж мэдэх эрсдэлийн талаарх судалгааны дүн мэдээлэл одоо л эхнээсээ гарч, гарз хохирол нь тодорхой болж байна. Тиймээс гаргасан алдаагаа давтаж, алдагдсан үе бэлтгэхгүйн тулд одоо хичээхэд оройтоогүй.

“Завсардсан” үеийнхэнБШУ-ы сайд Л.Энх-Амгалан

Хүүхдийн амьдарч буй орчин, байршил, гэр бүлийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, амьдрах хэв шинжээс шалтгаалан цахим хичээлийн хүртээмж бидний бодсон шиг байж чадсангүй. Улсын хэмжээнд нийт 178 мянган хүүхэд теле болон цахим сургалтад хамрагдах боломжгүй байдалд хүрсэн байна. Цахим сургалтын чанар хангалтгүй байгаа нь саяхан улс орон даяар явуулсан оношилгооны дүнгээс харагдаж байна. Тиймээс яамны зүгээс анхаарч ажиллана.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn