Чех улс Украинд танк илгээсэн анхны орон боллоо

Украины ерөнхийлөгч Зеленский гуравдугаар сарын 24-нд Брюссельд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр тусламж хүссэн. Тэгвэл энэ хүсэлтийн хариуд Чех улс Т-72 танк болон хуягт явган цэргийн техник илгээх боллоо. Ийнхүү Чех улс нь Украинд танк илгээсэн анхны НАТО-гийн гишүүн орон болов.

Тодруулбал, өчигдөр /2022.04.05/ БВП-1 нэртэй явган цэргийн байлдааны машин, гаубицын их буу, арав гаруй Т-72 танкийг Украин руу явж буй галт тэргэнд ачжээ. Энэ үйл явдлыг Чехийн телевизээр шууд дамжуулсан байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Яна Черночова парламентад хандан хэлэхдээ, “Бид Украинд чадах чинээгээрээ тусалж байна. Цаашид ч хүнд, хөнгөн цэргийн техник хэрэгслээр туслах болно” гэжээ.

НАТО-гийн зүгээс Украинд танк эсэргүүцэх пуужин, бага оврын зэвсэг, хамгаалалтын хэрэгсэл өгсөн ч хүнд хуяг дуулга, байлдааны онгоц өнөөг хүртэл өгөөгүй байсан. Тэр байтугай, Польшоос Украин руу МиГ онгоц шилжүүлэх саналыг хурцадмал байдлаас болгоомжилсны үндсэн дээр цуцалсан.

Чехээс гадна хөрш Словак улс ч мөн Украины эвдэрч гэмтсэн техник хэрэгслийг засварлахад туслана гэдгээ илэрхийлжээ. Герман улсын хувьд Киев рүү явган цэргийн байлдааны машин илгээнэ гэсэн бол Их Британи түргэн тусламжийн 20 машин нийлүүлэх болсон байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn