Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн тул хуулийн дагуу арга хэмжээ авсан

Сүхбаатарын талбайд өчигдөр болсон “Монголдоо сайхан амьдармаар байна” уриатай тайван жагсаалыг цагдаа нар хүч хэрэглэн тараасан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд өрнөөд буй.

ЦЕГ-ын дэд дарга, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал “Өчигдөр өрнөсөн үйл явдлын талаар товч мэдээлэл өгье. Өчигдөр 10.00 цагаас эхлээд оюутан, залуус Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Уг жагсаал Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуульд зааснаар урьдчилж мэдэгдэж зөвшөөрөл авсан жагсаал биш. Цагдаагийн байгууллагын зүгээс үзэл бодлоо тайвнаар илэрхийлэх, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх талаар иргэдэд удаа дараа анхааруулсан. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь залуучуудад үлдээсэн. Мөн 18.00 цагаас Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирээд, залуучуудтай уулзсан. Энэ үеэр ус, ундааны сав, талх шидэх зэрэг үйлдэл гаргасан. Түүгээр ч зогсохгүй нэг эмэгтэйгийн эрх чөлөөнд халдсан. Тухайн эмэгтэйн толгой хагарсан учир ГССҮТ-д очиж, хоёр оёдол тавиулсан.

Ингээд орой 18.00 цагаас хойш жагсагчдын бүтэц өөрчлөгдсөн. Өглөө цугларч, үзэл бодлоо илэрхийлж байсан залуучууд шингэрсэн. Ийнхүү өөр үзэл бодолтой залуучууд ирж нийтийг турхирсан үйлдэл, үг хэллэг удаа дараа гаргаж эхэлсэн. Сүүлдээ төрийн тусгай обект руу халдах, цагдаагийн алба хаагчийн ажилд саад болсон. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн олширсон. Тиймээс албадлагын арга хэмжээ авсан. Шөнө 04.00 цаг өнгөрч байхад жагсагчдын тарахыг шаардсан ч эсэргүүцсэн. Нийт 20 орчим иргэнийг түр саатуулан шалгаж байна. 18 иргэнээс согтолтын зэрэг тогтоогдсон учир эрүүлжүүлсэн” гэв.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: Жагсаж байсан иргэд төрийн тусгай хамгаалалтын алба хаагчийн биед халдсан. Өчигдөр цагдаагийн долоон алба хаагчийн хөл, гар хугарч, толгой нь хагарсан. Тэдгээр алба хаагчид эмнэлгийн тусламж аваад байгаа. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн тул хуулийн дагуу арга хэмжээ авсан. Мөн жагсагчдыг уриалж, өдөөн турхирсан иргэдийг тусгаарлах, түр саатуулах арга хэмжээ авсан. Мөн нэг ч нохой тавиагүй, ус шүршээгүй” гэлээ.

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn