МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022 оны 4 сарын 06

Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр цахимаар боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газрын 2021 оны тайлан, Удирдлага төлөвлөлтийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас төв банкны олон нийттэй харилцах харилцааны талаарх мэдээлэл,  “Төв банкны Засаглалын өнөөгийн байдал ба олон улсын туршлага” сэдэвт судалгааны ажил, Унгар улсын төв банкны зарим туршлагын тухай болон МБХЗ-ийн 2021 оны тайлан зэргийг хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргав.

Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ) 2021 онд Монголбанкны төв болон орон нутгийн бүтцийн нэгжүүдэд бүрэн аудит шалгалт 10, хэсэгчилсэн шалгалт 7-г хийж, тодорхой асуудлуудаар 10 удаа ажлын хэсэгт орж ажиллажээ. Монголбанкан дээр ажилласан хөндлөнгийн аудитын байгууллага, гадаадын зөвлөхтэй ДАГ хамтран ажиллаж, Монголбанкны 2020 оны санхүүгийн тайланг баталгаажуулах, эрсдэлд суурилсан шалгалт  шинжилгээг явуулах, өөрийн үйл ажиллагааг олон улсын аудитын стандартын дагуу үнэлүүлэх зэрэг ажлыг зохион байгуулжээ. МБХЗ-өөс цаашид Монголбанкны алдагдлыг багасгах, эрсдэлтэй актив, үнэт цаасыг Монголбанк худалдан авахаас сэргийлэх зэрэг ажилд онцгой анхаарч ажиллахыг ДАГ-т зөвлөв. Мөн Хяналтын зөвлөлөөс дотоод аудитын чиглэлээр өмнө гаргасан шийдвэрийн биелэлт, гадаадын зөвлөхийн өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийн байдлыг энэ оны 3 дугаар улиралд МБХЗ-ийн хурлаар дахин хэлэлцэх,  чингэхдээ дотоод аудитын бие даан ажиллах эрх зүйн орчин, боловсон хүчний чадавхийг  бэхжүүлэх  зэрэг ажлын бодит үр дүнд илүү ач холбогдол өгч бэлтгэл хангахыг онцлон тэмдэглэв.

Монголбанкны тухай хуулийн 34 дүгээр зүйл (Монголбанкны мэдээлэл)-ийн үзэл санааг үндэс болгон Монголбанкны олон нийттэй харилцааг олон улсын сайн жишигт хүргэх үүднээс Монголбанк удирдлага, төлөвлөлтийн газар дотроо Хэвлэл мэдээллийн албыг 2021 онд байгуулсан байна. Төв банкны олон нийттэй харилцах харилцааг олон улсын сайн жишигт нийцүүлж, эдийн засагт оролцогчид, нийгэмд төв банкны бодлого, үйл ажиллагааны талаар бодит мэдээллийг түгээн, ил тод байдлыг хангах замаар төв банканд итгэх итгэл, бодлогын үр нөлөөг дээшлүүлж зөв дохио өгнө гэдэгт найдаж буйгаа МБХЗ-ийн гишүүд тодотгон ярилаа. Зах зээлд оролцогчдын итгэл үнэмшил, хүлээлт нь үнэ, валютын ханшид чухал нөлөөтэй тул удирдах ажилтнууд, төрийн түшээд нийгэмд цочрол үүсэх мэдэгдэл мэдээлэл өгөхгүй байх тухай Базель дахь төв банкуудын холбооны шийдвэр, зөвлөмжийг Монголбанк хэрхэн мөрдүүлж буй хийгээд манай хууль тогтоомжид энэ талаар ямар заалт байдгийг тодруулж, танилцуулахыг Монголбанкны холбогдох ажилтнуудад хүсэлт болгов.

“Төв банкны засаглалын өнөөгийн байдал, олон улсын туршлага” судалгааны ажил дуусч буйтай холбогдуулан Хяналтын зөвлөлөөс зарим саналыг танилцуулж, судалгааны эцсийн дүгнэлтийг ойрын хугацаанд эцэслэн дуусгахыг судлаач Д.Ганбаярт даалгав.

Эцэст нь Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны 2021 оны тайлангийн төслийг хэлэлцэн ХЗ-ийн гишүүдийн гаргасан зарим саналыг тусган албажуулаад УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороонд хүргэх нь зүйтэй гэж тогтов.

 

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn