“Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээл чанаргүйдсэнээс Хөгжлийн банк сард 9 тэрбумыг алдаж байна


Хөгжлийн банкнаас гаргасан нийт зээлийн 55.6 хувь нь чанаргүй зээлийн ангилалд орсныг 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж, зээл авсан аж ахуй нэгжүүдийг зарласан билээ. Тэр үеэс хойш зургаадугаар сарын 15-ныг хүртэлх таван сарын хугацаанд 41 зээлдэгч 248.9 тэрбум төгрөг төлжээ.

“Зургаадугаар сарын 16-ны өглөө нэг зээлдэгч 20 тэрбум төгрөг төллөө. Ингэснээр зээлийн эргэн төлөлт 270 орчим тэрбум төгрөг болж байна” хэмээн тус банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул өчигдөр мэдээлсэн. Зургаадугаар сарын 15-ны байдлаар Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна. ААН-үүдийн эргэн төлсөн мөнгийг Монголбанкин дахь Төрийн сангийн дансанд байршуулж буй аж.
Гүйцэтгэх захирал Н.Мандуул энэ албан тушаалд 2021 оны наймдугаар сард томилогдсон бөгөөд ажлаа хүлээн авснаас хойш чанаргүй зээлийг эргэн төлүүлэх чиглэлд төвлөрч ажиллажээ. Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлын талаар Н.Мандуул тэргүүтэй тус банкны гүйцэтгэх удирдлагууд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Хөгжлийн банкнаас гаргасан зээлийг гурван багц болгон хувааж болно. Нийт зээлийн:

31 хувийг төрийн өмчийн ААН-ийн зээл
53 хувийг хувийн хэвшлийн зээл
16.3 хувийг Хөтөл, Кью Эс Си компанийн авсан зээл эзэлж байна.
2022 оны нэгдүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл нийт төлсөн зээлийн:

96 хувийг хувийн хэвшлийнхэн
4 хувийг төрийн өмчит ААН
Хөтөл, Кью Эс Си – нэг ч төгрөг төлөөгүй байна.
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн гуравны нэг хувийг эзлэх томоохон зээлийг төрийн өмчит компаниуд авчээ.

“БУЯНТ-УХАА” ХОРООЛЛЫН ОРОН СУУЦНЫ АМ.МЕТР ТАЛБАЙГ САРЫН 6000 ТӨГРӨГӨӨР ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ

Нэгдүгээрт Төрийн орон сууцны корпорацийн зээл:

Засгийн газрын тогтоолд тусгасны дагуу иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд “Буян-Ухаа-1, 2” орон сууцны хороолол, аймгуудад 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас зээл олгосон. ТОСК-ийн хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор хэрэгжсэн бөгөөд ТОСК, Хөгжлийн банктай гэрээ байгуулснаар орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлжээ. Засгийн газраас гэрээний нөхцөлд нөлөөлөхүйц улс төрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн нь өнөөг хүртэл хуримтлагдсан өр төлбөр үүсэхэд нөлөөлжээ.

Энэ талаар Хөгжлийн банкны Төслийн санхүүгийн газрын захирал Б.Сайнзаяа мэдээлэл өгөв.

Хөгжлийн банкнаас жилд 7-10 хувийн хүүтэй авсан бизнесийн зээлээр нийгмийн асуудал болох орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсэн анхнаасаа алдаа болжээ. Тухайн үед “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны ам.метр талбайн үнэ 980 мянган төгрөг буюу зах зээл дэх хамгийн хямд байсан учир тэр байрыг авахын төлөө өрсөлдөж байв.

Хямд учир байрнууд нь хурдан зарагдаж, зах зээл нь ханасан. Гэтэл үлдсэн байруудад тулгуурлан Засгийн газрын тогтоолоор дахин нийгмийн шинж чанартай дараагийн хөтөлбөр болох Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, Түрээсийн орон сууцны санд байруудыг шилжүүлсэн.

Орон сууцны ам.метр талбайг 6000 төгрөгөөр тогтож түрээслүүлэв. 49 ам.метр талбайтай байранд сард 294 мянган төгрөгийн түрээс төлж байна. Түрээсийн гэрээг таван жилээр хийсэн тул иргэд өнөөдөр ч ийм өртгөөр орон сууцаа түрээслэн амьдарч байна. Гэтэл 49 ам.метр талбайтай орон сууц түрээслэх зах зээлийн ханш нь өнөөдөр 1 сая, үүнээс ч өндөр байгаа. Хөгжлийн банкны санхүүжилтээр Буянт-Ухаа 1, 2 хороолол болон аймгуудад 1000 айлын орон сууц гээд нийт 5949 орон сууцыг 2013 оноос эхлэн барьсан. Үүнээс:

-831-ийг нь Түрээсийн орон сууцны санд шилжүүлэн, иргэдэд түрээслүүлсэн. Түрээсийн төлбөрөөс жилд 5 тэрбум орчим төгрөг дансанд орж ирдэг. Гэтэл энэ компанийн өр нь 177 тэрбум төгрөг. Зээл болон хүүгийн төлбөрт сард 14 тэрбум төгрөг төлөх ёстой атал өнөөдөр хүүгээ ч, үндсэн зээлээ ч төлөх боломжгүйд хүрсэн. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн агуулга нь зөв боловч хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ буруу сонгосон гэж мэдээллээ.

ЗАМ БАРИХААР 70.6 ТЭРБУМЫН ЗЭЭЛ АВСАН Ч ӨНӨӨДӨР 156.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛТЭЙ

Хоёр дахь том зээл нь “Эрдэнэс Монгол” ХК-ийн хэрэгжүүлсэн Тавантолгой, Гашуунсухайтын чиглэлийн авто замын барилгын ажлыг санхүүжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас авсан 156 тэрбум төгрөгийн зээл.

Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын захирал Б.Батырбек: “Эрдэнэс Монгол” ХК-ийн эзэмшлийн Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн авто зам барилгын ажлыг санхүүжүүлсэн ч чанаргүй ангилалд орсон. Зээл олгосноос хойш Хөгжлийн банк 2013 оны арванхоёрдугаар сарын 21-нд анхныхаа эрсдэлийн дүгнэлтийг бичсэн бөгөөд “Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 245 км зам нь эдийн засгийн өгөөж муутай, зээлийн эргэн төлөлт хийхэд хүндрэл үүсэхээр байна. Ийм зээл олгох хэрэгцээ шаардлага байна уу” гэсэн асуудлыг гаргаж тавьсан.

Замын ажилд гурван жилийн дотор 45-53 тэрбум төгрөгийн нэмэлт хөрөнгө шаардлагатай. Энэ нь зээлийн эргэн төлөлтөд сөргөөр нөлөөлнө гэдгийг анхааруулсан боловч тухайн үедээ Засгийн газрын тогтоолгүйгээр олгогдсон. Урьдчилан тооцоолж байсны дагуу нэг жилийн дараа зээл нь эрсдэлд ороод эхэлсэн. Гэтэл гэрээг дахин сунгасан. Анх 70.6 тэрбумын зээл авсан бол одоогийн байдлаар хүүгийн үлдэгдлийг оруулбал 156.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна гэлээ.

Хөгжлийн банк цаашид орших уу, эс орших уу?

Улс орны хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай, арилжааны банкиудын даахгүй төслүүдийг санхүүжүүлэхийн тулд Хөгжлийн банк зайлшгүй байх хэрэгтэй.

“Хэдийгээр банкны санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн ч бид зүгээр суухгүй. ТОСК өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй. Үл хөдлөх хөрөнгөө түрээслэх зэргээр зээл төлөх чиглэлд санаачилгатай ажиллаж байна.

ТОСК-ийг өөрийн эзэмшиж буй хөрөнгүүддээ тулгуурлан үнэт цаас гаргаж, Хөгжлийн банкинд эзэмшүүлээч. Бид үнэт цаасыг нь хоёрдогч зах зээлд арилжаалах, мөн банкныхаа балансад бүртгэх зэргээр шийдвэрлэе гэсэн шийдэл гаргаад хамтран ажиллаж байна. Автозамын төслийн зээлийн санхүүжилтийн эргэн төлүүлэх чиглэлд мөн гарч шийдлүүд гарган, банкны хохирлыг барагдуулах талаар яриа хэлэлцээ үргэлжилж байгааг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул онцлов.

“САМУРАЙ” БОНДЫН 30 ТЭРБУМ ИЕНИЙГ УРЬДЧИЛАН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ

Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагуудын өмнө тулгарч буй хамгийн ойрын гол сорилт нь 2023 онд төлөх хоёр томоохон бондын төлбөр.

Нэг нь,
2023 оны арванхоёрдугаар сард төлөх Самурай бондын 30 тэрбум иенийн төлбөр. Иенийн ханш суларч байгаа ба 30 тэрбум иен нь өнөөгийн ханшаар 240 орчим сая доллар. Энэ бол шийдвэрлэх боломжтой дүн. Засгийн газраас Самурай бондыг урьдчилж төлөх хэлэлцээ хийх чиглэл өгсөн. Бидний тооцоолж байгаагаар урьдчилан төлөх боломжтой. Самурай бондыг хугацаанаас нь өмнө төлөхийн тулд иен худалдан авч тусад нь дансанд байршуулахаар төлөвлөн ажиллаж байна. Бид тусгай данс нээж иен байршуулаад, Самурай бондын төлбөрийг эргэн төлөхөд бэлэн гэдгээ дотооддоо болон олон улсад нотолъё гэж төлөвлөж байгаа.

Бид тухайн үед бонд гаргаж байсан андеррайтер хоёр банкуудаар дамжуулан хөрөнгө оруулагчидтайгаа ярилцаж эхэлсэн. Самурай бондын нэг онцлог нь зөвхөн Японы зах зээлд борлогдсон буюу бонд барьж байгаа хүмүүс нь япон хөрөнгө оруулагчид. Японы хөрөнгө оруулагчдад үнэт цаасаа хугацааг нь дуустал барих сонирхол бий.

Хоёр дахь нь,
2023 оны аравдугаар сард хугацаа нь дуусах 500 сая долларыг Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банкнаас олон улсын зах зээлд нээлттэй арилжаалсан бонд. Энэ зээлийг дахин санхүүжилт хийх, заримыг нь эргэн төлөх байдлаар барагдуулах боломжтой. Ирэх оны эхнээс зээлээ төлж эхлэхээр төлөвлөж байна хэмээн Гүйцэтгэх захирал Н.Мандуул тайлбарласан.

2017-2018 онд Хөгжлийн банкны зээлийн чанар муудаагүй, зээл төлөх хугацаа нь болоогүй байсан. Чанаргүй зээл олон жилийн хугацаанд хуримтлагдахад банкнаас төслийн гүйцэтгэлд хяналт тавих ажлаа хийгээгүй зэрэг алдаа бодлогын алдаанууд гарсан учир 2019 оноос эхлэн зээлийн чанар маш хурдан муудсан. Энэ алдааг давтахгүйн тулд шинэ зээл гаргахдаа маш нямбай ажиллаж байна.

“АМГАЛАН” ДЦС-ЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫН 85 ХУВИЙГ ХӨГЖЛИЙН БАНК САНХҮҮЖҮҮЛНЭ

Хөгжлийн банкинд хэчнээн зээлийн хүсэлт ирээд байна вэ?
-Зээлийн эх үүсвэр, ирэх оны эргэн төлөлтийн нөхцөл байдлыг харж, банкны бие даасан байдлыг муутгахгүйгээр зайлшгүй хэрэгцээт төслүүдийг санхүүжүүлэх ёстой.

Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбартаа хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулжээ. Тэдгээрийн нэг болох “Амгалан” дулааны цахилгаан станцын өргөтгөлийн санхүүжилтийг Хөгжлийн банк шийдвэрлэхээр болж, хоёр сарын турш судалгаа хийгээд дуусжээ.

Улаанбаатар хотын дулааны хангамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй “Амгалан” станцын өргөтгөлийн ажил нийт 66.6 тэрбум төгрөгийн төсөвтэй. Үүнээс 85 хувь буюу 56.6 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт хийж байна.

Амгалан дулааны станцын өргөтгөлийн төслийн арилжааны банкууд санхүүжүүлэх боломжгүй учир Хөгжлийн банк санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бол миний Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш гарч буй анхны шинэ зээл. Хөгжлийн банк цаашид маш зөв зүйтэй зарчмаар ажиллах ёстой.

Санхүүжилтийг шууд төсөл хэрэгжүүлэгч рүү бус гүйцэтгэгч рүү гүйцэтгэлийн явцтай уялдуулан үе шаттайгаар шилжүүлэх замаар банкны хяналтын горимыг хатуу хэрэгжүүлж ажиллана хэмээн Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул ярилаа.

Эх сурвалж: www.gogo.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn