АНУ-аас хандивласан 302 мянган тун хүүхдийн Файзер вакциныг хүлээн авлаа

АНУ-аас Монгол Улсад хандивласан 302,400 тун Ковид-19 өвчний эсрэг хүүхдийн Файзер вакцин Ковакс хөтөлбөрийн дагуу Монголд ирүүлжээ. Вакциныг Мичиган мужийн Каламазу дахь Файзер компанийн үйлдвэрээс шууд нийлүүлсэн байна.

АНУ-аас хандивласан корнавируст халдварын эсрэг вакцины нийт тоо уг хандивтай нийлээд 1.4 сая тун боллоо. Монголын ард түмэн энэхүү цар тахлыг даван туулахад АНУ дэмжсэн хэвээр байх бөгөөд КОВАКС хөтөлбөрөөр дамжуулан өгч буй хандив нь уг дэмжлэгийн нэг хэсэг билээ гэж тус улсын ЭСЯ мэдэгдэв.

Цар тахал эхэлснээс хойш АНУ-аас Олон улсын хөгжлийн агентлаг (ОУХА буюу USAID)-аар дамжуулан Монголд 8.1 сая гаруй ам.долларын тусламж үзүүлжээ. Тусламжаар иргэдэд нэн хэрэгцээт эм, шинжилгээ авах иж бүрдэл, эмнэлгийн шаардлагатай багаж хэрэгсэл, хүчилтөрөгчийн эмчилгээ, хувийн хамгаалах хэрэгслээр хангаж байв.

Мөн 2020 оны 12 дугаар сард АНУ-ын ОУХА-аас өндөр чанарын 50 ширхэг амьсгалын аппарат хандивлаж, хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэхэд шаардлагатай нэмэлт сургалтуудыг хийсэн. ОУХА нь эрсдлийн үеийн харилцаа холбоо, эрүүл мэндийн байгууллага, сургуулийн орчинд халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, вакцин түгээх зэрэг ажлуудад тусламж дэмжлэг үзүүлдэг юм.

Мөн АНУ-ын зүгээс Монголын 570 гаруй эрүүл мэндийн байгууллагыг шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, 12,700 эрүүл мэндийн ажилтанд тандалт судалгаа хийх, АНУ-ын Засгийн газраас хандивласан тоног төхөөрөмжийг ашиглах, удирдах, халдвараар өвчилсөн өвчтөнүүдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлжээ.

Ковид-19 өвчний эсрэг дэлхий нийтийн тэмцэлд үзүүлж буй АНУ-ын дэмжлэгийн хүрээнд:

539 сая гаруй тун вакциныг бусад улс оронд хандивласан.
Хөгжиж буй 100 орчим улс оронд хандивлахаар нэг тэрбум тун вакциныг худалдаж авсан.
Ковид-19 өвчний эсрэг вакциныг дэлхий даяар тэгш хуваарилах аюулгүй, үр дүнтэй санаачилга болох Ковакс хөтөлбөрийг дэмжих зорилгоор Вакцины холбоо Гави-д 4 тэрбум ам.долларыг хандивлав.
Эдийн засгаа сэргээн босгох, хүнсний хомсдолыг даван туулах, эрүүл мэндийн аюулгүй байдлаа бэхжүүлэхэд нь улс орнуудад туслах зорилгоор зайлшгүй шаардлагатай эм, хангамж, эмчилгээний хэрэгсэл, бусад тусламжийг хүргэсээр ирлээ.
Ерөнхийлөгч Ж. Байден мэдэгдэлдээ “Энэ вирусын эсрэг бидний хамтын тэмцлийн дэлхий дээрх вакцины гол цөм нь АНУ байх болно” гээд “Бид халдварт өвчний аюулаас хамгаалагдсан, илүү аюулгүй дэлхийг бий болгохын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2022 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn