“Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” хэлэлцүүлэг болов

“Монгол улсад байгаль орчинд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийг дэмжих тогтолцооны өөрчлөлт” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Энэхүү хэлэлцүүлэгт ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, НҮБХХ-ийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Биати Транкман, НҮБХХ-ийн ХАА-н бүтээгдэхүүний ногоон үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн захирал Эндрю Боварник тэргүүтэй, албаныхан, олон улсын байгууллагын төлөөлөл, судлаачид, боловсруулах үйлдвэрүүдийн төлөөлөл оролцов.

Монгол улс жилдээ 9500 гаруй тонн ноолуур бэлтгэх нөөцтэй ба дэлхийн ноолуурын 40 гаруй хувийг бэлтгэж байна. Гэвч үйлдвэрлэж, экспортолж байгаа эцсийн бэлэн бүтээгдэхүүний тоо хэмжээ маш бага байна. Иймээс Монгол Улсын Засгийн Газраас 2018 онд “Ноолуур” хөтөлбөрийг баталж, жилд бэлтгэх нийт түүхий эдийн 60 хүртэл хувиар эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.

“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Засгийн газраас Монгол Улсын Хөгжлийн банктай хамтран ажиллаж, 2018 онд ноолуурын үйлдвэрлэл эрхлэгчдэд нийтдээ 188.2 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Хөтөлбөрийн үр дүнд ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 1.3 дахин өсч, самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 5.5 %, ээрэх үйлдвэрлэлийн хүчин чадал 7.7%, сүлжих үйлдвэрийн хүчин чадал 23.2%-иар тус тус өсч, нийтдээ 1570 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн байна.

ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле “Төрийн зүгээс малын чанарыг сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх талаар хийгдэж буй ажлуудын нэг нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд барих бодлого барьж байна. Өнгөрсөн 2018 онд Монгол улсын хэмжээнд нийт 66.2 сая мал тоологдсоны 27.1 саяыг нь ямаан сүрэг эзэлж байна. Ямаан сүргийн тоо толгой, өмнөх оноосоо 222 мянган толгойгоор буурсан байна.

Байгаль орчинд ээлтэй байдлаар үйлдвэрлэгдсэн ноолууран түүхий эд, ноолууран бүтээгдэхүүнийг худалдан авах, худалдаалах сонирхол худалдан авагч нар, ялангуяа дэлхийн томоохон брэнд компаниудын дунд эрчимтэй нэмэгдэж байгааг хүлээн зөвшөөрч, үйлдвэрлэлээ байгаль орчинд ээлтэй байдлаар эрхлэх, малынхаа эрүүл мэндийг хангаж малчдын нийгмийн асуудлыг уялдуулан шийдвэрлэх нь чухал байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn