Монгол даргын галбир

Дарга! Энэ үг социализмын үед монголчуудыг жинхэнэ уралдуулж өгсөн дөө. Бидэнд хүчээ сорих өөр бизнес байсангүй. Үйлдвэрт нормчин, нэгдэлд малчин болохоос зугтна. Дарга болбол жирийн олноос арай давуу. Томорвол тусгай хангамж яригдана. Дарга болохын төлөө сайн андаа матах энүүхэнд. Аль ч нийгэмд гай тариад буй монгол зуршлыг шинжихийг оролдов. Хаад ноёд чухам яаж даварсныг нүдээр үзээгүй ч урлаг уран зохиол тэднийг үнэмших аргагүй ой гутам шившиглэснээс болж итгэх бүү хэл эргэлзээ дагуулсан. Харин коммунист дарга нарт дарлуулж, доромжлуулж явсны хувьд тэднийг гадарлана. Тэднээс айж, тэдэнд бухимдавч 30-40 мянгаараа хэлмэгдсэн шарх аниагүй цаг. Ялангуяа намын дарга бол хаад ноёд ч биш бурхан. Амьд бурхан үзээгүй байж нандин шүтээнээ намын даргатай адилтгаж нүгэлд унах шив. Хоймор ширээн дээр гэрэлтэхээс өөр нэмэргүй атлаа сүсэгтнийг бүрэн эзэмддэг цутгамал зурмал бурхнаар намын даргыг зүйрлэж ёжлох гэсэн биш алдас алдлаа. Дотроо бөөн гомдол тээсэн мань мэтийн хулчгар амьтад дээрэлхүү дарга нараа магтаж, хоцрогдлын бузар үндэс-огт үзээгүй хаад ноёдыг буруутгаж жүжиглэнэ. Даргын суудал горилж яваа нь тэр.

Даргын угшил жанжлах. Жанжнаас дарга арай даруу. Жанжин “Муусайн юмнуудад дүрээ нэг харуулъя. Хийморь нь сэргэг” гэж ханхалздаг бол дарга “Намын бодлогод эргэлзэгч хэн байна гараа өргө” гэж шаарддаг. Жанжин үеэ өнгөрөөж даргын зуун эхэлжээ. Дарга нар жирийн ардыг дорд үзсэн дээрэлхүү зангаа нуух авч тэр нь ил. Зориуд шахсан аргил дуугаар “Хэн гэнэ ээ чамайг?” гэж хүний нэрийг дүлий балай мэт дахин дахин хэлүүлдэг. Оросоор нэг үг хэлчихээд “Монголоор орчуулж би чадахгүй байна. Юу ч гэмээр юм бэ дээ” гэж өөрөө монгол мөртлөө орос хүн болох гэдэг бөгөөд бусдыг зөвлөлтийн эсрэг үзэлтэн хэмээн хардаж айлгадаг арга барилтай, нүдээ голдуу аниатай байлгах авч хагас аниатай дээд доод зовхныхоо завсраар ажилтнаа тагнаж зүрхийг үхүүлнэ. Ийм марзан дүртэй дарга нар намд үнэлэгдэн боловсорч, өнгөрсөн зуунд үржив.

Яагаад биднээс ийм бүдүүлэг дарга үүсэв ээ? Ард олноо хуулийн хяналтгүй дураараа жанжилдаг дов жалгын хаад ноёдын уламжлал бидний араншингаас салсангүй. Үйлчлүүлэгчээ тоодоггүй өдгөөх албан хаагчдын дээрэлхүү зан, омог бардам хаад ноёдоос эхтэй гэх гээд байна. Гэхдээ монголчууд адгийн амьтад бус бүх үндэстэнд ийм адгууслага зан нуугдаж буй. Дарга сэтэр зүүмэгц ард олноосоо эрх дархаар томров гэж онгирох-тэнэглэл болох нь ХХI зуунд тодров. Үйлчлүүлэх гэсэн иргэнээ дарга гэгч сэтэртэн хааж боож дарамталж таашаал авдаг. Мунхаг таашаалаа олдошгүй сэнтийн онцгой эрх гэж сагсуурдаг авир монгол хүнийнх. Ийм ааштай монголчуудаас олигтой дарга олдох уу. Үйлчлүүлэгчээ хохироодгоо нам засгаа хайрлаж буй эх оронч сонор сэрэмж гэж бахархдаг.

Хөгийн дүртэй дарга нарын дор социализмыг гардан байгуулагч олон нийт бас их янзтай байв. Худал үзүүлэлтээр зориуд мандуулсан улсын аварга малчин, ажилчин, тариачин гэх онгироо “гарууд” хөөрсөндөө хэнхэг өвчинд солиороод нутаг ус үйлдвэр цехийнхээ хамт олныг “Миний амжилтад хүрэхийн төлөө урагшаа” гэж хөлдөө чирнэ. Амьд плакат болсон малчин энгэр дүүрэн одон эзгүй хээр яралзуулж мал сүрэгтээ гайхуулав. Ашиг нь улсын аварга болчихвол хүүхдээ дээд сургуульд хаалгадах боломж олдох нь бий. Тэдний рекорд хүрэхийн аргагүй өндөр. Нам засаг тэдний рекордыг зохиож, “Аварга ийм амжилтад хүрч чадсан байхад адилхан нөхцөлд ажиллаж буй та нар яагаад чаддаггүй юм бэ” гэж бусдыг дарамтлах шахаа болгоно. Шахуулж буй масс нь харанхуй гэж хачин. Сохроор шүтэхээс илүү ухаан тэдэнд төрөхгүй. Уг нь төрөлхийн оюун нь хайчихав, сэтгэх хүчтэй мотор гавалд нь бий л дээ. Түүнийгээ ажиллуулж сурах нь байтугай хэрэглэж ер үзээгүй улс. Шашны сургаалаас юу ч гадарлаагүй атлаа гагцхүү мухар сүсгээр духаа цоортол мөргөж явснаа болчихоод Ленинг хэн бэ гэдгийг тунгаалгүй сохроор шүтсэн коммунистууд. Мухар сүсэгтнийг нэг үзлээс нөгөөд урвуулах түвэггүй. Учир нь тэдэнд эргэлзээ төрүүлэх суурь мэдлэг гэж байдаггүй. Дарга гэдгийг дуртайгаа үйлддэг ер бус тусгай хүн гэж ойлгохоос бус даргад эрх бас үүрэг гэж байх ёстойг ухамсарлах сөгөө монголчуудад төрсөнгүй.

Харамсалтай нь өдгөө манай ардчилсан Төр Засагт хуучин цагийн дарга галбираар гангарагч цөөнгүй цохиж явна гээч. Нялхаараа хэрнээ дуу хоолой, гүзээ, алхаа гишгээ, бүхэлдээ бие бялдрын хүмүүжил нь социализмын үеийн намын ажилтан яг мөөн золиг чинь. Өвгөн миний ач зээ нарын үе монгол даргынкоммунист галбирыг бүр хуулчихаж! Хүүхдүүд үзээгүй галбираа яаж ингэж дуурайж чадав аа? Гадаад галбир нь ч бас яахав, онц нөлөөгүй гэж үзье. Хамгийн гол нь гадаад бүдүүлэг төрхөө дотоод үзэл нь шууд дагадаг нь юутай зэвүүн бэ. “Миний намын буруу байсан ч би намдаа амиа өгнө” гэж сүржигнэнэ. Нам гэж юу юм бэ? Бүлэг этгээдийн тохиролцоо биз дээ. Нам хормойдсон галбирууд эгээ л Сталинаас айсан орос коммунистууд шиг хөөрхийлөлтэй. Айлгадаг комиссарууд ардчиллын өнгөнд тонилсон байлтай. Эсвэл тонилоогүй юм уу. Зовлонг нь мэдэхгүй зөнөг би хадуураад байна уу. Тонилоогүй бол ч бас хөөрхий шүү. Дураараа дургисан ганц намын дарангуйллаас төрдөг даргын галбир юм л даа энэ.
Бүдүүлэг галбираа муухай гээд хаях хэмжээнд гэгээрээгүй кадрууд эдүгээ төрийн ордноор дүүрэн. Ерөнхийдөө том бага тойрон хүрээлэгчдийн угсаа. Тэд удмынхаа “үнэт галбирыг” дээдлэн хадгалсаар төрийн албанд сүргээрээ жаалж явна. Тэдэнд юун хуулийн засаглал. Эрдсээрээ дэлхийд өрсөлдөх юун урлаг. Том төслөөрөө валют уутлах юун мэдлэг, менежмент, англи хэл. Яг л нэгдлийн дарга. “Борооны дараах мөөг шиг олон” гэх ганц гадаад зүйр үгтэй. Борооны дараа мөөг Монголд хөлөөр хөглөрдөг билүү. “Лаагаа иднэ үү луувангаа иднэ үү” гэх мулгуу ганц афоризмтэй. Дүнхүү атлаа инээх дүр нь гаднаа, идэх шунал нь дотроо. Тэд өндөр хөгжилтэй гүрнүүдэд Монголоо гутаадаг. “Орос ах”, ”Хятад аюул” гэх нууц шүтлэг тэдний зүрхэнд хадаастай. Энэ шүтлэгээ хаявал тэд баларна. Нотолгоо нь орос эхнэртэйг сонгохоос хятадын эрлийз эмээтэйг сонгох ёсгүй гэдэг эх оронч масс улстөрчдийг ингэж буруу зүг рүү түлхэж эвдээд байгаа юм.

Масс 2020 онд хэнийг сонгох вэ? Оюу толгойгоос Рио Тинтог хөөсөн, Гашуун сухайтын төмөр замыг гацаасан, Цагаан суварга тэргүүтэй ордыг нийгэмчилсэн, Эрдэнэтийн 49 хувийхнийг шоронд хатаасан эх орончдыг сонгоно. Массын энэ хандлагыг тантчихсан улстөрчид галзуураад эхлэв. Оюунлаг шударга нэр дэвшигч массын шаардлагыг дагахгүй аваас ялагдана. Ялагдах уу, шударга зангаа нулимж, ялах уу. Муу нэрт нэр дэвшигчдийн дунд дажгүй хүн бишгүй бий. Орос гэргий үндэсний аюулгүй байдлын баталгаа, хятадын эрлийз эмээ тусгаар тогтнолд эрсдэлтэй гэх онолыг шинжлэх ухаанаар нотлоод өгөөч. Миний заалгасан интернационализмээр бол муу хүн байхаас муу үндэстэн гэж байхгүй гэдэг. Орос гэргий эрлийз эмээг асуудал болгох гэсэнгүй. Миний хэлэх гэсэн гол үг сонгогчдын гавалд чулуужсан “орос ах”, “хужаа” гэх үзлийг дөрөөлөгчид бөөндөө байнга ялдаг боллоо. Ялалтаар Төр барих ёс ардчиллынх. Тиймээс Төр Засаг эзэгнэсэн монгол даргын мяраалаг галбирууд буруугүй. Яагаад гэвэл тэднийг сонгосон. Гэтэл шилэгдсэн галбирууд бөөндөө ичиж эмээлгүйгээр луйвар хулгай сүнгэнүүлэхэд тэдний томилсон хуульчид хөдлөхөө больжээ. Шүүх прокурор АТГ нэг бүлэглэлийн мэдлээс нөгөөд шилжлээ. Маниусыг мангасаар айлгадаг технологи МАНАН-гийн аюулыг Хятадын аюулын хэмжээнд дэвэргэв. ХХI зууны оюуны тэсрэлт хөгжилд хурд нэмлээ. Энэ гайхамшиг өөд хүн төрөлхтөн тэмүүлэв. Харин дэлхийн оюуны тэсрэлтийн чичирхийлэл монгол даргын ялзарсан ёс зүй, монгол сонгогчдын тархины цэвдэгт мэдрэгдсэнгүй. Тэнэг улс баялгаар хөгждөггүй аж. Кувейтэд баялгаас гадна ухаан бас байжээ.

Харвингаа унжуулсан хүнд сурталт ланжгар галбир бусармаг үйлдэл хийвэл нам засгаа дээдэлж, нуун дарагдуулах ёстой гэх эх оронч ухамсар өнгөрөгч зуунд тогтжээ. Адгийн наад зах нь том даргад муу хүчин бол юу ч биш гэсэн бичигдээгүй хууль харанхуй олны яс маханд шингэсэн аж. Энэ үзүүлэлтээр авч үзвэл ард түмэн өөрсдөө бүдүүн агаад бүдүүлэг дарга хүсээд ч байсан юм шиг. Ийм тэнэг шалгуураар монгол даргын загвар бүрэлдэн бий болоод хүндлэгдэн дээдлэгдсээр өдгөөтэй золгов. Тэгэхээр бүдүүн дарга нар буруутайн дээр бүдүүлэг масс мөн буруутай аж. Ямар ард түмэн байна, тийм дарга байдаг. Энэ үг зөвхөн Монголд мөнхөрч бусад орны масс ухаажлаа. Мега төслүүдээ, дэд бүтцээ, малынхаа мах яс арьс үсийг дэлхийн стандартаар боловсруулах боломжоо монгол галбирууд 30 жил гацаав. Тэд хагартлаа баяжсандаа “Монгол даргын галбир”-аараа гайхуулж улам пээдийнэ. Тэднийг дэлхийн соёл шоолсоор.

Доржготов

@dorjgotov

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn