Ч.Хүрэлбаатар: Засгийн газрын өр ДНБ-ий 61.9 хувь болж буурсан

Япон улсаас Монгол Улсад олгох 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурах ёслол Сангийн яаманд өнөөдөр боллоо. Уг буцалтгүй тусламжийг цэвэр усны нөөцийг бүрдүүлэх төсөлд зарцуулах юм. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Буцалтгүй тусламжийн санхүүжилт ямар үе шаттай орж ирэх вэ?

-Өнөөдрийн олгож байгаа буцалтгүй тусламжийг цэвэр устай холбоотой хийгдэх ажлуудад чиглэнэ. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах шийдвэрийг Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд гаргасан. Энэ бүх ажиллагаа Засгийн газрын хүрээнд явагдаж байгаа. Эхлээд мөнгөө өгөөд, зарцуулалтыг нь Японы олон улсын хамтын ажиллагааны системийнхэнтэй ярилцана.

-Цэвэр усны төслийн хүрээнд хаана хаана хэрэгжүүлэх вэ?

-Үүнийг мөн Японы олон улсын хамтын ажиллагааны системийнхэнтэй хэлэлцэнэ.

-ОУВС-гийн хөтөлбөр энэ онд хэрэгжиж дуусна гэж харж байна. Хөтөлбөрийн үр дүн ямар байна вэ?

-Олон улсын валютын сангийн хөтөлбөр 2020 оны дөрвөн сард хүртэл хэрэгжинэ. Үр дүнг нь та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн өсөлт 6,9 хувьд хүрсэн. Засгийн газрын өр ДНБ-ий 74 хувьтай байсан бол 61.9 хувь болж буурч байна. Төсөвт ашигтай гарч, төсвийн сахилга бат сайжирсан. Сангийн яам татвар төлөгчдийн мөнгө хамгийн оновчтой байх чиглэлээр ашиглагдах ёстой гэж үзэж байна.

-Татварын багц хууль хэрэгжсэнээр иргэд, аж ахуйн нэгжид ирдэг дарамт хэр буурах бол?

-Татварын багц хуулийг бид 2018 оны нэгдүгээр сараас хойш ярьсан. Татварын багц хуулиар эдийн засгийг дэмжих, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих зорилготой санаачилсан. Татварын байгууллага дарамталдаг байх ёсгүй. Дарамт гэдэг дотор хувь хэмжээтэй асуудал байгаа. Монголын хамгийн том аж ахуй нэгжээс эхлээд жижиг аж ахуй нэгж ч жилд дөрвөн удаа тайлан гаргадаг. Шинэ хуулиар жилд 1-4 удаа тайлан гаргах, хөрөнгө оруулалт хийгдэх, татварын буцаан олголтыг 90 хувь хүртэл олгодог байх заалт оруулж өгсөн.

Н.Энх www.shuud.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn