Нийслэлийн дэд бүтцийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэхийг үүрэг болгов

Улаанбаатар хотын авто замын ачаалал, зам тээврийн ослыг бууруулах, иргэдийг ая тухтай орчинд амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын болон нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан авто зам, гүүрийн бүтээн байгуулалтын ажил нийслэлд өрнөж байна. Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнгөрсөн амралтын өдрүүдэд тус бүтээн байгуулалтын ажлцуудтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

НАЛАЙХЫН ЗАМЫН ШИНЭЧЛЭЛ, ӨРГӨТГӨЛИЙН АЖИЛ 25 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Эхлээд Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн хүрээнд баригдаж буй 20,9 км авто замын явцын байдалтай танилцсан юм. Энэ зам нь 2 эгнээ байсныг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэж байгаа юм.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын авто замын ажил 25 хувийн гүйцэтгэлтэй төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Замын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Синохайдро Лимитед Корпорейшн”, туслан гүйцэтгэгчээр Монголын “Тэгштплант”, “Гашууны гол”, “Дардан-Говь” зэрэг дөрвөн компанийн 310-аад ажилчин ажиллаж байгаа. Ирэх арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэ зам дээр үерийн ус зайлуулах хоолойг 36 газарт хийж байгаа. Мөн авто машины хоёр тунель, мал амьтны нэг тунелийг хийж байгаагаараа онцлогтой” хэмээлээ.

Уг замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Мөн босоо тэнхлэгийн авто зам буюу Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн авто замын транзит ачаа тээврийг нэвтрэн өнгөрүүлэх чадварыг дээшлүүлэх аж.

МОНГОЛД АНХ УДАА БҮРЭН ЦУТГАМАЛ ГҮҮР БАРЬЖ БАЙНА

Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн ажилтай мөн танилцсан юм. Бусад гүүрийн байгууламжийг дам нуруу тавьдаг бол манайх шууд газар дээр нь цутгаж хийж байгаагаараа онцлогтой. Даацын хувьд Монгол улсад хэрэглэгдэж буй бүх төрлийн машин механизм бүрэн зорчих боломжтой. Бид энэ гүүрэндээ 100 жилийн баталгаа өгч чадна” хэмээн “Бээжин Юни констракшн групп” ХХК-ийн зүгээс хэлж байв.

“Энэ гүүрийн дам нурууг шууд газар дээр нь цутгаж хийж байгаагаараа онцлог. Монголд анх удаа ийм гүүр баригдаж байгаа. Налайхын замтай холбогдоно. Гүүрийн ажил төлөвлөгөөт хугацааны дагуу 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх наймдугаар сард зорчих хэсгийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээн Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх ярилаа.

ХАЙЛААСТЫН УУЛЗВАРААС ДАРЬ ЭХИЙН ЗАМ ХҮРТЭЛ 1.4 КМ ЗАМЫН АЖИЛ ДӨРВӨН АЙЛААС БОЛЖ НЭГ ЖИЛ ГАЦСАН

Хайлаастын уулзвараас Дарь эхийн зам хүртэл 1.4 км замыг 57 у/м гүүрийн хамт шинээр барих бөгөөд авто замын зорчих хэсгийн өргөн 14м, 4 эгнээ хатуу хучилттай, 2 талдаа 2м өргөн ногоон байгууламж, 3м өргөн явган хүний зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтай иж бүрэн авто зам байхаар төлөвлөсөн. 2017 оны зургаадугаар сард эхэлсэн уг замын ажил одоо 85 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Дулааны улиралд зуслан чиглэл рүү түгжрэл ихэсдэг. Энэ зам нь түгжрэлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой. Замын трассын дагуу 108 нэгж талбар нөлөөлөлд өртсөн байсныг чөлөөлсөн. Дөрвөн айл газраа чөлөөлж өгөхгүй байснаас бүтээн байгуулалтын ажлыг бүтэн жил гаран гацаасан байсан. Бид тухайн иргэдтэй уулзаж, тохиролцож чадсан. Нэг айл үлдсэн байгаа. Ирэх долоо хоногт үлдсэн нэг айлын газрын асуудлыг шийд гэсэн үүрэг даалгаварыг холбогдох газруудад өгсөн. Нийслэлээс холбогдох бүх арга хэмжээг авсан. Улсын баяр наадмаас өмнө ашиглалтад оруул” хэмээн үүрэг болгов.

“Төлөвлөгөөт хугацааны дагуу бол энэ замыг ирэх наймдугаар сарын 1-нд ашиглалтад өгөх ёстой. Нийслэлээс долоодугаар сарын 10-наас өмнө дуусгах үүрэг өгч байгаа. Бид үлдсэн нэг айлын асуудлаа түргэн шийдчихвэл энэ хугацаанд нь замыг бүрэн хүлээлгэж өгөх боломжтой” хэмээн “Мотор Сервис” ХХК-ийнхан хэллээ.

Б.ОТГОНСҮХ: АЖИЛТНУУДЫНХАА ТООГ НЭМЖ, 2 ЭЭЛЖЭЭР АЖИЛЛА

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх Замын цагдаагийн ойролцоох гүүхэн гарц барих төслийн ажлын явцтай танилцаж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Төслийн хүрээнд баригдах гүүрэн гарц нь нийт 6 хэсгээс бүрдэх ба Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 4 эгнээ, 470 м урт, 16.5 метр өргөн байх юм. Мөн Зүүн хойд талд үндсэн гүүрнээс Нарны зам руу холбогдох “С” хэсэг, Нарны замын зүүн талаас ирэх авто зам үндсэн гүүрэнд холбогдож, Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” хэсэг, Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрээр дамжиж, Их Монгол улсын гудамж руу буух “А” хэсэг багтаж буй юм. Түүнчлэн төмөр зам дээгүүр явган хүний гүүр, Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдох төмөрбетон гүүр барина. 2017 онд эхэлсэн төсөл удаашралтай байгаагийн бас нэгэн шалтгаан нь гүүр барих чиглэлд байрлаж байсан зарим аж ахуйн нэгж газар чөлөөлөхийг зөвшөөрөөгүй удсантай холбоотой аж. Бүтээн байгуулалтын ажил 62 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, “Нийслэлийн удирдлагууд бүхий л боломжийг дайчлан газруудыг бүрэн чөлөөлсөн. Одоо цаг агаар муудахгүй л бол өөр асуудал байхгүй. Санхүүжилт бэлэн, газар бэлэн. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэмж, 2 ээлжээр 24 цаг ажиллаж, энэ оны наймдугаар сарын 15-ны дотор ашиглалтад оруулах ёстой. Есдүгээр сард хичээл сургууль эхэлж, нийслэлийн автозамын ачаалал нэмэгдэнэ. Тиймээс иргэдийг ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд шахуу ажиллах ёстой юм. Харин ажилтнуудынхаа тоог нэмэхдээ монгол хүн ажиллуулах хэрэгтэй” гэлээ.

Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүрэн гарц барих ажлын хүрээнд Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц нь баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгүүдийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгож, хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn