Ц.Бямбасүрэн: Уулын нарсыг Улаанбаатарт авчирч суулгахад гурваас таван жил болоод үхдэг

БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Ц.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Уулын нарсан модыг сугалж авчираад нийслэлд тариад байдаг. Гэтэл эдгээр мод хэдхэн жилийн дараа үхчихдэг гэж үнэн үү. Манайхан мод шилжүүлэн суулгахдаа ямар алдаа гаргаад байда юм бол?

-Бид хөгшин ойг зохистой хэмжээнд ашиглаж байх ёстой гэж боддог боловч ашиглалтынхаа горим, ойн аж ахуйн арга хэмжээнийхээ хүрээнд маш зөв тодорхойлж үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Манай Ойн тухай хууль ч бас харьцангуй энэ тал руу чиглэсэн. Ойн санд ургаж байгаа уулын ойн хөрсний цэвдгийг барьж байгаа шилмүүст, тэр дундаа нарсан ой нь манай нийт ойн сангийн тавхан хувийг эзэлдэг нөөц багатай ой. Түүний эко системийн онцлогийг харгалзаад нөхөн сэргээх чадварыг нь харгалзаад, нийт ойн тархалтыг харгалзаж зохистой үйл ажиллагаа төлөвлөж явуулдаг байх ёстой. Шилмүүст мод дасан зохицох чадвартай газар дээрээ нэгэнт ургавал өсөлт сайн, экологийн үйлчилгээ сайн, био масс харьцангуй сайн. Байгалийн ойдоо ургаж байгаа мод, зориудаар түүнийг хот суурин газар авчирч тарих хоёр үйл явц бол тэс өөр ойлголт. Нэгдүгээрт нарс мод ногоон байгууламжид тохирох мод мөн үү гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй.

-Тохиромжгүй гэсэн үг үү?

-1980-аад оны үед Олон улсын хамтарсан экспедицийнхэн Монголд ажиллаад суурин газар, тэр дундаа Улаанбаатар хотод суурьшлын бүс бий болж байгаа энэ үед ногоон байгууламжийг нь ямар төрөл зүйлийн модоор бүрдүүлэх нь зөв бэ гэсэн судалгаа хийж үзсэн байдаг. Ингэхдээ нарс модыг төдийлөн зөвлөөгүй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод нарс мод төдийлөн тохиромжгүй гэж үзсэн. Яагаад гэвэл нарс мод биологийн хувьд стресст ордог, шинэ орчин нөхцөлдөө дасахын тулд их хугацаа шаарддаг, эрсдэл өндөртэй ийм мод. Бид суурьших процесс явагдаж эхэлснээс хойш байгалийн ойгоосоо модыг их хэмжээгээр суулгаж ирсэн. Тухайн үед бид урьдчилж мод үржүүлгийн аж ахуйгаа хөгжүүлээгүй байснаас болоод бэлэн моднуудыг ойгоос шилжүүлж суулгаж байсан практик байна. Одоо бол 21-р зуунд үр гэдэг жижигхэн зүйлээс тэр том биомасс, мод ургуулах боломж технологийг бүгдийг нь ашиглаад, ногоон байгууламжид хэрэгтэй тарьц суулгацынхаа нөөцийг бүрдүүлэх боломж бүрэн бий болсон. Гагцхүү урт удаан хугацаанд ургадаг мод гэдэг зүйлийг тэвчээртэйгээр ургуулдаг мод үржүүлэг гэдэг аж ахуйг мэргэжлийн хүмүс эхлүүлээд, тогтвортой урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ёстой юм.

-Нийслэлд таны мэдэж байгаагаар хаана нарс мод суулгаад, суулгасан модод нь үхсэн бэ?

-Мэргэжлийн хүний хувьд 2007 оноос хойш байгалийн ойгоос нарс мод шилжүүлэн суулгах процессыг өөрийнхөө хэмжээнд судалж байсан. Тодруулбал нийслэлийн иргэдийн нүдний өмнө ил байдаг тодорхой хоёр обьектыг иш татъя. Нэгдүгээрт таван шараас сүлжмэлийн үйлдвэрийн урд уулзвараас 10-р хороолол хүртэлх гудамжны замын голын хэсэгт 500 ширхэг нарсыг 2007 онд суулгасан байдаг. Одоо бол тэр нарс модноос нэг ширхэг ч байхгүй. Тухайн үед тарихтай нь зэрэгцүүлээд 80 см өндөртэй нарс мод тарьсан нь одоо гурван метр өндөртэй ургачихсан байна. Уулнаас авчирж суулгасан нарс мод нь бүгд үхсэн гэсэн үг. Хоёрдугаарт Занабазарын гудамж буюу Гандангийн урд гудамжинд 300 ширхэг модыг суулгасан. 2013 онд дахиад авчирч суулгасан. Тэднээс одоо байгаа нь арваад л мод байна. Тодорхой хэмжээний арчилгааг хийж ирсэн ч нарс мод биологийн онцлог, 3-5 жил өөрт байгаа шим шүүсээрээ, хүний зориудын арчилгааны ачаар амьдарч байгаад үхдэг байдал ажиглагдаж байсан. Байгалийн ойгоос мод шилжүүлэн суулгахдаа нарс гэдэг мод, ер нь аливаа модны хувьд экологийн үйлчилгээгээ хэр зэрэг үзүүлж байгааг маш сайн ажиглах ёстой. Мод анх ургаж байгалаасаа ургасан газартаа байхдаа экологийн үйлчилгээгээ хэр үзүүлдэг байсан юм, нааш нь хотод авчирсан хойно дасан зохицсон байсан газартаа үзүүлж байсан экологийн үйлчилгээнээсээ хэр зөрүүтэй болж байна, хэр ялгаатай байгааг нь харьцуулж ажиглах ёстой юм.

-Мэдээж тэр их моддыг орон нутгаас нь худалдаж авсан байж таарна. Хэр их мөнгөөр авч суулгаж байсан юм бол?

-Харамсалтай зүйл ажиглагдаж байсан нь байгалийн ойгоосоо шилжүүлж нийслэлд авчирсан мод нэг бүрийн үнэ нь 500 мянган төгрөг байдаг байсан. Тухайн үеийн өмчийн харилцааны газар, Орон нутгийн өмчийг хариуцсан бүртгэлийн байгууллагуудад яг ногоон байгууламжийн эд хөрөнгө болж бүртгэгдсэн нь одоо хүртэл тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл ногоон байгууламж гэж хот байгуулалтын нэг салбарын хувьд хөрөнгө зарцуулалт, зардлын зориулалт, төлөвлөлт, зарцуулалт, бүртгэл учир дутагдалтай байж ирсэн. Хотын ногоон байгууламж Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр, татвар төлөгчдийн хөрөнгөөр хийгддэг ажил. Тэгэхээр тэнд хийгдэж байгаа худалдан авалт, хөрөнгө оруулалт хамгийн зөв зохистой байх ёстой. Энэ утгаараа ногоон байгууламж маань гарцаагүй, 100 хувь ургадаг мод л тарьдаг обьект байх ёстой. Манайхан ургах эсэх нь тодорхойгүй байхад байгалийн ойгоос нарс мод шилжүүлэн суулгаад ногоон байгууламжийн талбайгаа туршилтын талбай болгоод байдаг. Магадгүй энэ нь зарим хүмүүсийн овжин сэтгэлгээ ч юм уу. Нарс мод гурваас таван жил амьдарчихдаг учраас өөрөө албан тушаал хашиж байх үедээ сайхан харагдах, ажил хийсэн болж харагдах гэсэн хүмүүсийн овжин заль гэж хараад байгаа.

-Нийслэлийн ногоон байгууламжид нарс мод тарихад тохиромжгүй гэлээ. Ямар мод зүгээр вэ?

-Мэргэжлийн хүний нүдээр харж байхад яг өнөөдрийн Улаанбаатар хотын ногоон байгууламжид хамгийн тохиромжтой мод бол навчаа гээдэг навчит төрлийн моднууд юм. Нэгдүгээрт өвлийн агаарын бохирдлын үед ургамал стресст ордог, тэгэхээр тэр үед навчаа гээчихээд эргээд хавар болохоор ургадаг ургамал мод хамгийн тохиромжтой. Навчит мод бол харьцангуй олон ч төрөл байдаг. Гэхдээ улсын нийслэл хот учраас тодорхой хэмжээгээр модлог ургамалын зүйлийн бүрдлийг агуулсан байх ёстой. Тиймээс яг мэргэжлийн мод үржүүлгийн газрын бойжуулгын талбайгаас шилжүүлэн суулгасан зохих тооны шилмүүст моднууд байх ёстой.

-Нарс мод шилжүүлж суулгахыг хориглосон хуулийн заалт бий юу?

-Монгол Улсын Ойн тухай хуулийн 29-р зүйл буюу ойд хориглох үйл ажиллагаа гэсэн зүйл, 29.1.8 дээр байгалийн ойгоос зулзаган модыг энэ хуулийн 14.1-д заасан эрх бүхий байгуулагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгахыг хориглоно гэж заасан байдаг. Зулзаган мод гэдэг нь байгалийн модны үрнээс гаралтай 2-10 настай залуу модлог ургамалыг хэлнэ гэж байна.

-Цаашид БОАЖЯ-наас ямар бодлого барьж ажиллах вэ?

-Хот суурины ногоон байгууламжийн салбарт тохиромжтой стандартын тарьц суулгацыг бид нар бэлдэж чадаагүйгээс нөөцийн хомсдолд орсноос байгалийн нарс авчираад байгаа талаар би ярилаа. Мөн олон төрлийн цэцэглэдэг навчит модны хэрэгцээ бас байгаа. Мод үржүүлгийн салбар хөгжөөгүйгээс нийслэлд харь зүйлийн модлог ургамал ихээр тарих болсон. Энэ нь Ойн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа. Ойн тухай хуулийн 29.1.11-т “Зөвхөн туршилт судалгааны зориулалтаар модлог ургамалын тарьц суулгацыг импортолж болно” гэсэн заалт бий. Харин нийтийн эзэмшлийн гудамж талбайд ургуулах, улсын болон орон нутгийн төсвөөр, хувь хүмүүст худалдан борлуулах зорилгоор импортын зөвшөөрөл олгодоггүй. Харь зүйлийн ургамалыг их хэмжээгээр ногоон байгууламждаа тарьж байгаа нь байгалийн нарс мод шилжүүлэн суулгаж байгаагаас дутахгүй сөрөг үр дагавартай. Магадгүй ҮАБ-ын хэмжээнд хүртэл яригдах хор нөлөө авчрах асуудал юм. Тиймээс байгалийн мод шилжүүлэн суулгах болон импортоор модлог ургамалын тарьц суулгац оруулж ирэх асуудыг журамлах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдээд, 2017 оноос журмын төсөл боловсруулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn