Монголын компаниуд $4 тэрбумын үнэлгээгээ алдав

Өнгөрсөн оныг уул уурхай, түүхий эдийн зах зээлд сэргэлт авчирсан жил байлаа хэмээн эдийн засагчид, томоохон компаниуд дүгнэсэн. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдэр, хөнгөн цагаан гээд голлох түүхий эдийн үнэ харьцангуй тогтвортой байсан, тэдгээрийн эрэлт, хэрэглээ нэмэгдсэнээс ийн дүгнэсэн хэрэг. Харин хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн компаниудын үнэлгээ тэр хэрээр өссөнгүй. “Би Эйч Пи Биллитон”-ын хувьцааны ханш хоёр гаруй хувиар буурсан нь харьцангуй тогтвортойд тооцогдож байгаа бол бусад топ компаниудын үнэлгээ 2018 онд 10-30 хувиар буурчээ. Харин Монголд үйл ажиллагаа ажиллагаа явуулдаг компаниудын үнэлгээ дунджаас хоёр дахин хурдтай буюу 30-60 хувиар унасан байна. Товчхондоо бол өнгөрсөн онд Монголын компаниуд дөрвөн тэрбум ам.долларын үнэлгээгээ алдсан гэсэн үг.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компани өнгөрсөн онд зах зээлийн үнэлгээ нь долоон тэрбум ам.доллараас 3.2 тэрбум ам.доллар болж, 3.8 тэрбум ам.долларын үнэлгээгээ алдаад байна. Тус компанийн нэгж хувьцааны ханш 2018 оны эхэнд 3.5 ам.доллараар үнэлэгдэн арилжаалагдаж байсан бол оны сүүлийн өдөр 1.65 ам.доллар болж, 55 хувиар буурчээ. Гэхдээ 12 дугаар сарын сүүлийн хагаст АНУ-ын хувьцааны зах зээлийн уналтыг дагаж, хувьцааны ханш нь унасан гэдгийг тодотгох хэрэгтэй. Уг компанийн үнэлгээ шууд Оюутолгой төслийн үнэлгээ юм. Монголын хамгийн том орд, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамгийн гол бенчмарк гэж тодорхойлогддог тус компанийн үнэлгээ 55 хувиар унасан нь Монголын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг хөрөнгө оруулагчид хэрхэн дүгнэж буйг харууллаа гэсэн үг.

Олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд ихэвчлэн Торонто болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг. Торонтогийн хөрөнгийн биржид хайгуулын шатны компаниуд бүртгэлтэй бол Хонконгийн хөрөнгийн биржид нүүрсний олборлогч компаниуд бүртгэлтэй байгаа юм. Тус хоёр биржид бүртгэлтэй компаниудын хувьцааны ханш хэрхэн өөрчлөгдсөнийг графикаас тодорхой харах боломжтой.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компаниудын үнэлгээ 50-71 хувиар буурсан байна. Хэдий тус биржийн гол индекс TSXV Composite index 2018 онд 34 хувиар унасан ч Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын үнэлгээ түүнээс хоёр дахин илүүгээр буурчээ.

Өнгөрсөн оны тавдугаар сард тус биржид IPO хийсэн “Степпе гоулд” компанийн хувьцааны үнэ хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд 1.84 канад доллар байсан бол 12 дугаар сарын 30-нд 0.84 канад доллараар хаагдаж, 54 хувиар буураад байна. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 40 сая канад долларын үнэлгээгээ алджээ. Тус компани Дорнод аймагт алтан цагаан овоогийн алтны үндсэн орд болон хэд хэдэн алтны хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Торонтогийн хөрөнгийн биржид IPO хийж, 25 сая ам.доллар амжилттай босгосон. Уурхайгаас 2018 оны сүүлээр анхны бүтээгдэхүүнээ гаргаж авна гэж төлөвлөж байсан ч хойшлуулж, 2019 оны эхний хагас жил болгосон. Уурхайн олборлолтоо эхлүүлэх бүх бэлтгэлээ хангасан хэмээн компанийн зүгээс мэдэгдэж байгаа. Гэвч орон нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэж байгаа юм.

Монголд хайгуулын чиглэлээр олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэ Ресурс Девелопмент” компани өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн нь Монголын уул уурхай болон хөрөнгийн зах зээлд шинэ үзэгдэл. Арваад жил эрчимтэй хайгуул хийж байгаа хөндий төслийн хайгуулын ажил нь дуусаж, олборлолтын шатанд шилжихэд бэлэн болсон. Урьдчилсан байдлаар жилд 50 мянга гаруй унц алт олборлож, найман жил олборлох тооцоо гарсан. Алтны агуулга харьцангуй өндөр хүдрийн биет нээн илрүүлсэн гэдэг нь “Эрдэнэ ресурс” өнгөрсөн онд чамгүй амжилттай ажилласныг илтгэнэ. Гэлээ ч тус компанийн нэгж хувьцааны үнэ торонтогийн биржид өнгөрсөн онд 0.58 канад доллараас 0.22 канад доллар болтлоо буураад байгаа юм. Мөн австралийн үнэт цаасны бирж дээр бүртгэлтэй “Занаду Майнз” компанийн хувьцааны үнэлгээ 2018 оныг 0.28 австрали долларын ханштай угтаж байсан бол оны сүүлийн өдөр 0.1 австрали долларын ханшаар хаагдсан байна. Өнгөрсөн 11 дүгээр сард компани хармагтайн ордын нөөцийн тайланг шинэчилснээ зарласан. 1.9 сая тонн зэс, 4.5 сая унц алт бүхий 598 сая тонн хүдрийн нөөцийг тогтоогоод байгаа. Тус компани өнгөрсөн онд торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлсэн.

Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нүүрсний компаниуд алт, зэсийн хайгуулын компаниудтай харьцуулахад арай дээр дүр зурагтай байгаа ч бас л чамгүй үнэлгээгээ алдаад байна.

Хувьцааны зах зээлийн өндөр өсөлт хагарч байна хэмээн шинжээчид дүгнэж байна

Нүүрсний үнэ харьцангуй өндөр, компаниудын олборлолт, экспорт өсөлттэй байхад хувьцааны ханш нь бууралттай байна.

Монголын угаасан коксжих нүүрсний хамгийн том экспортлогч “Энержи ресурс” буюу Mongolian Mining Corporation 2018 онд 4.8 сая тонн угаасан коксжих нүүрс үйлдвэрлэж, 4.3 сая тонныг борлуулсан байна. Энэ нь өмнөх оноосоосоо 21-25 хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг.

• Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг хайгуулын компаниудын үнэлгээ 50-71 хувиар буурсан байна.

• Өнгөрсөн онд “Туркойз Хилл Ресурс” компанийн зах зээлийн үнэлгээ долоон тэрбум ам.доллараас 3.2 тэрбум болж буурчээ. Уг компанийн үнэлгээ шууд Оюу толгой төслийн үнэлгээ юм.

• “Степпе Гоулд” компанийн хувьцааны үнэ 1.84 канад доллар байсан бол 12 дугаар сарын 30-нд 0.84 канад доллараар хаагдлаа.

Харин компанийн хувьцааны ханш 2018 оны эхний өдрийн арилжаагаар 0.217 хонконг долларын ханштай хаагдаж байсан бол сүүлийн өдөр 0.158 хонконг доллар болжээ. Компанийн хувьцааны ханш нэг жилийн хугацаанд 27 хувиар буурч, зах зээлийн үнэлгээ нь 403 сая хонконг доллараар буурчээ. Ойролцоогоор 50 гаруй сая ам.долларын үнэлгээ алдсан гэсэн үг.

“Саусгоби ресурс” компани 2018 онд 25.8 сая хонконг доллар буюу 3.3 сая орчим ам.долларын үнэлгээ алджээ. Оны эхний өдөр хувьцааны ханш нь 1.32 хонконг доллараар хаагдаж байсан бол 12 дугаар сарын 14-ний өдөр 1.18 хонконг доллар болж, 10 хувийн уналттай байсан байна. Тус компани China Investment Corporation-д 41.8 сая ам.долларын төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулаагүйн улмаас дефолтод орсон. Үүнтэй холбоотойгоор торонто, хонконгийн хөрөнгийн биржид хувьцааны арилжаа нь 12 дугаар сарын 17-ноос зогсоод байгаа юм. Өнгөрсөн оны эхний гурван улирлын байдлаар компани 65 сая ам.долларын орлоготой ажилласан гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 орчим хувиар буурсан гэсэн үг.

Хөшөөтийн уурхайд олборлолт явуулдаг “Мо Эн Ко” компанийн хувьцааны ханш дотоодын бусад компанитай харьцуулахад хамгийн ихээр буурчээ. 2018 оны туршид хувьцааны ханш нь 0.19 хонконг доллараас 0.12 хонконг доллар болтлоо буурсан байна. Зах зээлийн үнэлгээ нь 131.7 сая хонконг доллар буюу ойролцоогоор 17 сая орчим ам.доллараар буурчээ.

Монголын нүүрсний компаниудын хувьцааны ханшийн уналт нь Хятад, АНУ, Австралийн нүүрсний компаниудтай харьцуулахад өндөр байна. АНУ-ын Arch Coal, Австралид үйл ажиллагаа явуулдаг Yancoal Australia, Хятадын China Coal Energy Company зэрэг томоохон экспортлогч болон үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш 2018 онд 10-13 хувиар л буурчээ.

Өнгөрсөн онд уул уурхайн компаниудын борлуулалт, ашиг өссөн ч хувьцааны ханш нь тийм ч таатай өнгөрсөнгүй. Нэг талаас хувьцааны зах зээлийн өндөр өсөлт хагарч байна хэмээн шинжээчид дүгнэж байна. S&P Metals and Mining index 2016 оны эхнээс 2018 оны эх хүртэл гурав дахин өсөөд байсан бол 2018 онд 27 хувиар буураад байна. Уул уурхайн салбарын гигантуудын хувьцааны ханш ч дунджаар 10-20 хувиар буурсан бол Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын ханш 30-70 хувиар буурчээ. Энэ нь Монголын компаниудын эрсдэл дэлхийн бусад компаниудаас багадаа хоёр дахин их гэдгийг тодорхой харуулж байгаа юм. /Asian Mining/

Эх сурвалж: zgm.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn