МХЕГ-ын байцаагч авлига өгөхийг завдсан цэцэрлэгийн эрхлэгчийг АТГ-т өгчээ

Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, багш нар хүүхдүүдийн эцэг эхээс хандив, засварын мөнгө нэрээр мөнгө хурааж байгаа нь хууль бус гэж үзэж эцэг эхчүүд гомдол гаргах нь улам нэмэгдэж байна. Мэдээж гомдлын дагуу холбогдох газрууд тухайн цэцэрлэг болон эрхлэгчийг нь хуулийн дагуу шалгадаг болсон.

Энэ удаад авлига өгөхийг завдсан нэгэн цэцэрлэгийн эрхлэгчид гурван шатны шүүхээс ял оноосон хэргийг та бүхэнд мэдээлэх гэж байна.

Болсон хэрэг явдлыг сийрүүлбэл цэцэрлэгийн эрхлэгч Г нь нийтийн албан тушаалтнаар буюу тухайн цаг хугацаанд Сонгинохайрхан дүүргийн … дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч Б-д дугтуйтай мөнгө өгөхийг завджээ. Учир нь байцаагч Б нь цэцэрлэгийн эрхлэгч Г –г тус цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагч нараас хууль бусаар мөнгө хурааж авсан гэх зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан байна.

Гэвч цэцэрлэгийн эрхлэгч авлига өгөх гэсэн эл үйлдлийг мэргэжлийн хяналтын байцаагч Б АТГ-т илчилсэн байна. Шүүгдэгч Б авлига өгөхийг завдсан талаараа шүүхийн шатанд тайлбарлахдаа “Би АТГ-ын ОНЗ-ийн дарга Б болон бусад хүмүүст телевизээр гүтгүүлж, сэтгэл зүйн хүнд дарамтад орсон байх үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Б гэдэг хүн ирж, манай цэцэрлэгт шалгалт хийсэн. Тухайн өдөр Б байцаагчид өгөх бичиг баримтаа өгчихөөд М эгчийнх рүү очих ёстой байсан юм. Энэ үед талийгаач ээжийн маань төрсөн дүү, эгч М-ийн бие муудсан, мөн очих ёстой нэг хүн нь нас барсан тул төрсөн дүү Г БНСУ-аас над руу 1,000,000 вон шилжүүлсэн. Үүнээс дүү Г-ийн хэлсний дагуу 150,000 воныг солиулж М эгчид өгөх ёстой байсан. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө ханш үзээд воныг солиулахад 319,500 төгрөг болохоор нь тэгшитгээд 320,000 төгрөг болгон дугтуйлан цүнх рүүгээ хийсэн. Ингэхдээ дугтуйтай мөнгө цүнхэнд байсан номны завсар хавчуулагдсан болохыг тухайн үед анзаараагүй. Би Б байцаагчид баримтаа өгөхөөр цүнхнээсээ гаргах үед цүнхний цахилгаанд баримт хийсэн нүхтэй хавтасны уут нь хавчуулагдан гацсан тул эхлээд чөлөөтэй байсан 30 жилийн ойн баримтаа гаргаж өгчихөөд цүнхнийхээ цахилгаанд хавчуулагдсан уутыг гаргах гээд ухаж байтал дугтуйтай мөнгө номын завсар орсон байсныг Б байцаагч гэнэт хүн дуудахаар нь л мэдсэн. Б байцаагчийг хэлэх хүртэл М эгчид өгөх ёстой байсан мөнгө маань номын завсар хавчуулагдсан байсныг мэдээгүй. Би “энэ мөнгө ажил явдалд хэрэглэх хүнд өгөх эм тарианы мөнгө” гэж тэнд байсан хүмүүст хэлж байсан. Би хахууль өгье гэж бодоогүй, өгөх байсан бол юу гэж олон хүний нүдэн дээр ил шууд гаргаж өгөх билээ…” хэмээн мэдүүлсэн байна.

Түүнд гурван шатны шүүхээс нийтийн албан тушаалтан өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгөхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г-ийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 2000 нэгж буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn