Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд хамруулан хөгжүүлэх Ази, номхон далайн бүсийн VI конгресс эхэллээ

Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах IV конгресс Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн конгрессын уулзалтад Ази, номхон далайн бүсийн орнуудын төлөөлөгчид өөрсдийн орны сургамж болон сайн туршлагаа хуваалцахаар иржээ. Уг үйл ажиллагааны гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ), олон улсын төрийн бус байгууллагууд болон Ази, номхон далайн бүсийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх юм.
Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна. Тэдний 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан аж. Конгрессд оролцохоор ирж буй зочид төлөөлөгчдийн багагүй хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд учраас дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээг хийжээ. Мөн дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан гаднаас ирж буй зочдын аюулгүй байдалд Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн яаралтай тусламжийн баг “Чингис хаан” нисэх буудалд ажиллажээ.


Конгрессын талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2018 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслэж Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан. Нэг жилийн хугацаанд бид Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессын бэлтгэл ажлыг хангасан” гэв.

Монгол Улсад 105700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн статистик бий. Эдгээр иргэн бүрт хүрч ажиллахын тулд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Энэ агентлагийг байгуулснаар салбар дундын үйл ажиллагааг уялдуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах тал дээр ахиц гарч байгаа. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаанд онцгой анхаарч байгаагийн илрэл нь энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс юм гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалдаг ТББ-ын төлөөллүүд хэлж байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 1978 онд “2000 он гэхэд бүх нийтээрээ эрүүл байх” Алма-Атыгийн тунхаглалыг гарсан бөгөөд нарийн мэргэжлийн эмнэлгийн сэргээн засах тусламж, үйлчилгээ хязгаарлагдмал байгааг харгалзан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарыг хамт олны санаачлагаар дамжуулан сайжруулахад чиглэсэн Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар танилцуулсан юм. Үүнээс хойш 30 гаруй жил дэлхийн 90 гаруй оронд Хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагыг хэрэгжүүлж байна. Монгол Улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг соёрхон баталсан орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого, эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх олон арга хэмжээг авч байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг уламжлалтай.

· Анхдугаар хурал 2008 онд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье” уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон.

· Хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцсон.

· Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд” сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан.

· Монгол Улсад эдгээр өрүүдэд зохион байгуулагдаж буй IV конгрессыг “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвийн дор 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож байна.
www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn