Хугацаа нь дууссан хүнс, эм наймаачдын олз уу?

Манай улсад хүнсний аюулгүй байдал болоод эм, эмэн бүтээгдэхүүний замбараагүй хэрэглээ тулгамдсан асуудал болоод байна. Сүүлийн жилүүдэд байшингийн булан болгонд л эмийн сан нээгдэх болсон. Тэдгээр нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй болон дуусах хугацаа нь тодорхойгүй эмийг худалдаалах нь газар авчээ.

Тухайлбал, Их шүүдэргэнэ” эмийн сан монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилж байсны мэргэжлийн хяналтын мэргэжилтнүүд илэрүүлсэн байна. БГД-т байрлах “Их Шүүдэргэнэ Ариунаа” ХХК-ийн ”Их Шүүдэргэнэ” эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд хүчингүй жороор эм олгосон, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эмээр үйлчилсэн. Мөн эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрчээ. Илэрсэн зөрчилд ЗТХ-ийн 6.6 дугаар зүйлийн 4.1, 6.17 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд уг эмийг хураан авч, устгуулахаар комисст шилжүүлсэн аж.

Мөн Баянгол дүүрэгт байрлах “Хүрмэн” эмийн сангийн /Парадокс салбар/ үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд Ааг фарм ХХК-ийн эмийн сангийн эм барих тусгай зөвшөөрлийг ашиглаж байсан ба тусгай зөвшөөрлийн гэрчилгээн дээр заасан хаяг байршилд ажиллаагүй байна. Түүнчлэн үйлдвэрлэгч болон дуусах огноо зэрэг нь тодорхойгүй Жор-40, Жор-50 нунтаг хэлбэрийн эмийг борлуулжээ. Үүгээр зогсохгүй хуурамч, сэтгэцэт нөлөөт эмийн жороор эм олгосон зэрэг зөрчлүүд илэрсэн аж. Тус зөрчилд улсын байцаагчийн акт үйлдэж, хаяг шошгын зөрчилтэй нийт 600 ширхэг цаасан ууттай Жор-40, Жор-50 эмүүдийг устгуулахаар хураан авч, найруулсан болон дуусах огноо тодорхойгүй усан эмүүдийг газар дээр нь устгуулан ажиллаж гэдгийг мэдээлэв.

Тэгвэл борооны дараах мөөг шиг орон сууц болгоны буланд байрлах зочид буудал, ресторануудын үйл ажиллагаанд ч хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар БГД-ийн 5-р хороо, ”Сэлбэ-Оюу” ХХК-ны Сэлбэ-2 плаза зочид буудлын зочин хүлээн авах өрөөний мини баар нь тусгай зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилжээ. Мөн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байжээ. Түүнчлэн өрөөнүүдийн цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй, физик хэмжилтээр өрөөний гэрэлтүүлэг, шуугиан, температур, чийглэг нь стандартын шаардлага хангахгүй, ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Илэрсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан бөгөөд хяналт шалгалт үргэлжилж байгаа аж.

Эрүүл ахуйн орчинг сайн хангасан газар хоол хийх хэрэгтэй байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нарлаг өргөө хотхонд байрлах “Чайниз” ресторан нь агааржуулалтын системгүй байжээ. Үүний улмаас үйлчилгээний танхимд байрлуулсан шорлог шарах төхөөрөмжөөс гарах утааг зайлуулах агааржуулалтгүй байв. Уг зөрчилд хуулийн дагуу шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгах албан даалгавар хүргүүлжээ.

Зуны цагтай зэрэгцэн зуслангийн зам дагуу хоолны газрууд ихээр ажилладаг. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын зам дагуу стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй Хөөрхөн хуушуур, Лайк хуушуур хоолны газруудыг улсын байцаагчийн актаар түр зогсоож, зөрчлийн хэрэг нээн ажиллажээ.

Ийнхүү иргэд өөрсдийн идэх гэж буй хоол унд болоод эм тангаа сайтар шалгаж хэрэглэхгүй бол бидний эрүүл мэндийн төлөө зүтгэх наймаачид гэж үгүй гэдгийг дээрх шалгалтаас тодхон харагдаж байна. Ашиг олж байвал “монгол хүний эрүүл мэнд” юу ч биш болсон бололтой.

www.dorgio.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn