ЗАЙ ХУРААГУУР-ХОР ТҮГЭЭГҮҮР

зайн хураагуур импортлох, худалдан борлуулахад багахан татвар аваад орлогыг нь тодорхой шаардлага хангасан компанид шилжүүлж, цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулж, эргэлтэнд оруулахыг даалгах нь хамгийн өгөөжтэй шийдэл.
Монголд ахуйн болон бусад төрлийн зайны хаягдал хэрэглээгээ дагаад нэмэгдсээр байна. Гэтэл ашигласан зай ямар хөнөөлтэйг хүн бүр мэддэггүй. Бүх төрлийн зай нь байгаль орчныг бохирдуулж, ундны усыг хордуулж, иргэдийг өвчлүүлж байгааг төр засаг нь хэмжиж, шалгаж ч чадахгүй байсаар. Айл өрх ашигласан зайгаа ахуйн хогтойгоо холин хаясаар.

Монгол улсад хог ялгах соёл тогтоогүй, хог боловсруулах ганц ч үйлдвэр байхгүй. Төр засаг нь түмэн хөтөлбөр, буман төлөвлөгөө гаргадаг ч хэрэгжсэн ажил бараг алга. Бид ер нь хэдий болтол зай хураагуур бол хор түгээгүүр гэдгийг үл ойшоож, зайг ил задгай хаяж өөрсдийгөө, үр удмаа хохироох юм бэ?

Хэрэглээ

Монгол улс 3.2 сая хүнтэй, жилд 6 сая ахуйн хэрэглээний зай импортлож байна. Энэ бүх зай эцэстээ айл өрхийн ашигласан хогтой цуг хаягдаж байна.

2018 оны байдлаар улсын хэмжээнд техникийн хяналтын үзлэгт хамрагдсан 585 мянган тээврийн хэрэгслээс 72 хувь нь суудлын автомашин. Эдгээр суудлын автомашины 83 хувь нь буруу, баруун талдаа хүрдтэй, япон автомашин ба, дийлэнх нь цахилгаан-бензинийн хос хөдөлгүүртэй хуучин Приус. Японд хэрэглэгч 13 жилийн настай хуучин машинаа хаягдалд тушаахад 2500 доллар хүлээн авдаг атал Монголд тэр хаясан машиныг нь 5000 доллараар худалдан авдаг. Приусын зайг нь сольдог ч, хуучин зайг нь яахаа мэдэхгүй хогийн цэгт хаядаг аж.

Хор хөнөөл

Зайнд хүний сэтгэхүйн болон дотор эрхтнийг хямруулж, үр удмын санд нөлөөлдөг, хорт хавдар үүсгэдэг хүнд металлууд байдаг. Тийм учраас хар тугалга, никель, кадми, мөнгөн ус агуулсан зай, тэдгээрээс ялгасан хүчил, электролитийн уусмал зэргийг төр засаг “аюултай хог хаягдлын жагсаалтад” бүртгэжээ. Бүртгэсэн гэдэг нь хор түгээхийг зогсоосон гэсэн үг огт биш. Монголчууд хуруу зайг шүдээрээ хазаж “сэргээдэг” бол, хүүхдүүд нь гоё зайгаар тоглож, зарим нь задлаж, нялх нь залгиж байна.

Саяхан манай төрийн түшээд, мэргэжлийн байгууллагууд иргэдийн гомдлын дагуу шалгалт хийв. Тэд Налайх дүүргийн Хонхор өртөөнөөс баруун урд автомашины зай (аккумлятор) задлан, хар тугалгыг нь хайлуулаад Хятад руу гаргадаг Монгол, Солонгос, Хятадын хөрөнгө оруулалттай гурван өөр компани дээр очжээ. Компаниуд өдөрт нэгээс хоёр тонн машины зайг 1 кг-ыг нь 1600 төгрөгөөр иргэдээс аваад сүхээр хагалж, хар тугалгыг нь хайлуулан гулдмай болгож, хүхрийн хүчлийг нь газарт суулгасан бетон саванд юүлсэн гэдэг ч бүгд хөрсөнд нэвт шингэн, Туул голын сав газрыг хэдэн жил хордуулж иржээ. Энэ бол зөвхөн мэдэгдсэн нь, мэдэгдээгүй олон арван ийм компаниуд байгаа.

Автомашины зай ашиглалтын хугацаа нь дууссанаас хойш их хэмжээний хорт бодис орчиндоо ялгаруулдаг. Ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдаг. Хэрэглэсэн хуруу зай 100-аад жилийн дараа л хөрсөнд шингэж алга болдог.

Шийдэл

Бүх төрлийн зайн хэрэглээ улам бүр өсч буйг дурдсан. Харин зайн хаягдлыг манайд газарт булдаг, эсвэл шатааж байна. Нэг компани нэлээн хэдэн тонн зай цуглуулаад Япон руу явуулахыг оролдсон ч, хоёр хөрш нутаг дээгүүрээ хортой бодис нэвтрүүлдэггүй ажээ. Ашиглаж дууссаны дараа зайг цуглуулан, ялгаж, дахин ашиглахаас өөр сонголт бидэнд үлдсэнгүй.

Монгол Хог хаягдлын тухай хуультай ч хог боловсруулах үйлдвэр барих хөрөнгө байхгүй, газраа ч сонгож чадахгүй сууна. Энд тэнд хуруу зай хүлээж авах ганц нэг цэг байгуулсан ч, цааш нь яахаа мэдэхгүй байна.

Иймд зайн хураагуур импортлох, худалдан борлуулахад багахан татвар аваад орлогыг нь тодорхой шаардлага хангасан компанид шилжүүлж, цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулж, эргэлтэнд оруулахыг даалгах нь хамгийн өгөөжтэй шийдэл юм.

2019.07.24

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn