Монголд шатахууны үнэ өсөхгүй байх боломж бүрдлээ

Монгол Улс шатахууны хувьд хойд хөршөөс хараат. Тэр ч утгаараа дотоодын жижиглэнгийн үнэ дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш, ОПЕК орнуудын “салхинаас” хамааралтай байдаг. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд л гэхэд Монгол Улсад шатахууны жижиглэнгийн үнэ 400 орчим төгрөгөөр нэмэгдээд байна. Тухайлбал, 2017 оны арванхоёрдугаар сард 1630 төгрөг байсан иргэдийн өргөн хэрэглээний Аи 92 шатахууны үнэ өнөөдөр 1900 төгрөг давсан байгаа. Мэдээж Монголд шатахууны үнэ өсөх нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш, ОХУ-ын хилийн үнэ, ам.долларын ханш, дотоодын Онцгой албан татвараас хамаардаг. Тавдугаар сараас дэлхийн зах зээл дээрх газрын тосны ханш бууж байгаатай холбоотойгоор долоодугаар сарын 9-нээс дотоодод иргэдийн өргөн хэрэглээний Аи 92, 95 автобензиний үнэ 50 төгрөгөөр бууруулсан байдаг. Ингэхдээ наймдугаар сараас дэлхийн зах зээл дэх нефтийн ханш өсөхтэй холбоотойгоор дотоодод жижиглэнгийн шатахууны үнэ өснө гэдгийг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлж байв. Учир нь оны эхэнд дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш 54 ам.доллар байсан бол АНУ-ын Иранд тавьсан хоригтой холбоотойгоор дөрөвдүгээр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш огцом өсөж 74 ам.доллар хүрсэн юм. Түүнчлэн долоодугаар сарын эхэнд болсон ОПЕК-ийн орнуудын хурлаар газрын тосны олборлолтоо бууруулах шийдвэр гаргасан юм. Ингэхээр нийлүүлэлт багасаж, үнэ өснө гэсэн таамаг байсан.

Энэ нөхцөл байдал эсрэгээрээ эргэх нөхцөл байдалтай байна. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны ханшийн график доошоо чиглэсээр байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн хурцадсан хийгээд, өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт бага түвшинд байгаагийн улмаас газрын тосны эрэлт багааж, ханш унаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар олон улсын бирж дээр аравдугаар сард нийлүүлэх нөхцөлтэй “Брэнт” төрлийн газрын тосны ханш 58.60-59.00 ам.долларын орчимд хэлбэлзэж байна. Ойрын хоёр сарын турш ханш энэ түвшинд хэлбэлзэх магадлалтайг мөн шинжээчид гаргажээ. Ингэхээр Монголд шатахууны үнэ энэ сард өсөхгүй байх боломж бүрдлээ.

www.eagle.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn