Богдхан ууланд барьж буй зөвшөөрөлгүй барилгуудыг зогсоохыг үүрэг болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан нөхцөл байдал дээр ажиллажээ.

Наадамчдын гудамжны авто замын ус гаргалгааны хоолойг хааж барилга барьснаар уулын ус төв зам руу бууж үерт автсан. Гурван блок баригдсан 5.0 га тус газарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2017 оны А/167 дугаартай захирамжаар “Талст ширээт” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх олгож байжээ. “Талст ширээт” компанийн архетиктур төлөвлөлтийн даалгавар, нарийвчилсан ажлын зураг нь баталгаажсан боловч барилгыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөө аваагүй барилга барьсан байна. Энэ тухай Мэргэжлийн хяналтын газрын авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаа “Өнгөрсөн зургаадугаар сард тухайн нутаг дэвсгэрийн хойд талын авто зам, замын байгууламжийн эвдрэлийн нөхцөл байдалд нийслэлийн Мэргэжлийн хяналтаас шалгалт хийсэн. Шалгалтаар их хэмжээний бороо орсны улмаас гадаргууны болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий гэсэн дүгнэлтийг тухайн байгууллагад өгсөн ч тухайн компанийн удирдлагууд хүлээж аваагүй” гэнэ. Тэгвэл хотын захирагч С.Амарсайхан тус компанийн үйл ажиллагааг зогсоохыг үүрэг болгожээ. Түүнчлэн Хотын захирагч Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд баригдаж байгаа зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоож холбогдох байгууллагуудыг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг хэлсэн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn