Иргэний үнэмлэх, гадаад паспортын онлайн захиалгын үйлчилгээ нэвтэрнэ

Энэ долоо хоногт гадаад паспортын хэвлэлт удааширснаас иргэдэд багагүй бухимдал үүсгэжээ. Тэгвэл хэвлэлт удааширсан шалтгаан нь мэдээллийн сангийн шинэчлэлтэй холбоотой байсан гэдгийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээллээ. Харин ирэх долоо хоногоос үйлчилгээгээ ямар ч хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх болно хэмээн мэдэгдээд байна.

Улсын бүртгэлийн шинэлэгдсэн хуулиар иргэний гадаад паспортыг ажлын 5 хоногт гаргадаг болсон. Гэвч өнгөрсөн долоо хоногт захиалга өгсөн иргэдийн гадаад паспорт хугацаадаа гарч чадалгүй 1-2 хоногоор хойшилж олгогдсон байна. Үүний шалтгаан иргэдийн мэдээллийн санг өргөтгөсөнтэй холбоотой хэмээн албаны хүн тайлбарлалаа.

УБЕГ-ын иргэний улсын бүртгэлийн газрын дарга Г.Нармандах “Гадаад паспортын хяналтын системийг улсын бүртгэлийн системд нэвтрүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ хүрээнд энэ долоо хоногт гадаад паспортын олголтын хугацаа удааширсан асуудал байгаа. Энэ асуудал дээр улсын бүртгэлийн байгууллага гадаад паспорт захиалсан иргэдээсээ хүлцэл өчих нь зүйтэй байх. Гэхдээ энэ систем нэвтвэрснээр иргэдэд олон давуу тал бүрдэнэ” гэв.

Өмнө иргэд яаралтайгаар захиалга өгч ажлын 3 хоног дотор паспортаа авчхаж болдог байсан. Харин шинэчлэгдсэн хуулиар гадаад паспортыг ажлын 10 хоногт олгож байсныг 5 хоногийн дотор болгон хугацааг нь багасгасан. Нэгэнт хугацаа богиноссон учраас бүртгэлийн байгууллага төлбөр төлсөнд нь илүү үйлчилгээ үзүүлж, төлөөгүйд нь дутуу үйлчилдэг байж болохгүй гэж үзжээ. Харин бүртгэлийн шинэ хуулиар иргэний үнэмлэх болон гадаад паспортын захиалгыг онлайнаар захиалах боломж удахгүй нээгдэх гэж байна. Энэ иргэдэд цаг хугацаа орон зайны хувьд асар том боломж олгохоор байна.
УБЕГ-ын мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнэ “Онлайнаар үйлчилгээ олгосноор иргэд гэрээсээ болон ажлаасаа цахимаар гадаад паспортаа захиалах боломжийг нээж өгч байгаа. Ингэснээр иргэд банк олон төрийн байгууллага дээр ирэн хугацаа алдан дараалан зогсдог нь багасна. Мөн газар зүйн байрлалын хувьд ямар нэгэн хамааралгүй болж байгаа. Жишээ нь Дорнод аймгаас гадаад паспорт захиалсан иргэний материал шуудангаар ирээд хэвлэлтэд ороод буцаад шуудангаар явдаг асуудал 14-21 хоног байсан бол онлайнаар захиалснаар иргэн өөрөө хаанаас авахаа хэлж, хэн авч болох эв гэдгийг сонгож болно”

Онлайн захиалгыг гадаадад суугаа иргэд ч хийх боломжтой болж байгаа бас нэгэн давуу тал болж байгаа юм байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

ЭМГЭНЭЛ

2019-05-18

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn