Хууль зөрчин архи зардаг дэлгүүрүүдээ эхлээд цэгцэл, С.Амарсайхан даргаа!

Улаанбаатар хотын даргаар сонгогдоод сар ч болоогүй байгаа С.Амарсайхан тулга тойрсон асуудалтай зууралдан ажлаа эхэлж байна. Монголын хүн амын талаас илүү хувь нь оршин сууж буй Монгол Улсын нийслэлийг захирч буй хүн арай илүү далайцтай сэтгэж, холч ухаанаар ажлаа эхэлбэл өөрийнх үлдээх намтарт хэрэгтэй.

Нэг дарга нь гарч ирээд өмнөхийнхөө шийдвэрийг цуцалж “тоглодог” жишгийг тэр давтах нь. Нийслэлийн Засаг даргын 2015 оны долдугаар сарын 9-ний өдрийн А/609 захирамжаар архи, согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоосон. Хотын шинэ дарга энэ шийдвэрийг эргэж харахыг үүрэгдлээ.

Тэрбээр баар, ресторан, цэнгээний газруудыг зэрэглэл, ангиллаас нь хамаарч ажиллах цагийн хуваарийг нь тогтоох тухай саналаа оруулж ирэхийг холбогдох байгууллагуудад өчигдөр үүрэгдэв. Эндээс зэрэглэл, ангилал гэдэг үг илүүтэй анхаарал татав. Хотод зэрэглэл, ангилал өндөр гэвэл ардаа том гартай, татаастай баар, цэнгээний газрууд л бий. Тэднийг дэмж гэсэн үү, эсвэл борчууд ийм төрлийн бизнес эрхлэх боломжгүй гэсэн санаа юу, ойлгосонгүй.

Улаанбаатарт үнэндээ залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тохиромжтой газар байхгүй учраас тэд баар, цэнгээний газрыг зорьдог. Дээрх газруудын ажиллах цагийн хуваарийг наашлуулж цаашлууллаа гээд юу өөрчлөгдөх вэ? Энэ нь хотын даргын нэн тэргүүнд анхаарал хандуулах асуудал мөн юм гэж үү?

Архидалттай тэмцэх уриалга нь зөв ч архийг 24 цагаар худалдан борлуулдаг, “цагдаагийн дарга нарын мэдэлд байдаг” гэгддэг дэлгүүрүүдээ цагийн хуваарийн дагуу ажиллуулж, хянаж чадаагүй цагт архидалт буурах нь юу л бол. Ядаж л архи худалдан борлуулах цагийн хуваарьтай болго л доо! Архидалтын шалтгаан баар цэнгээний газрууд биш. Амьдралдаа гутарсан, нийгмийн стресст ээрүүлсэн хүмүүс архийг сонгон сэтгэлээ түр ч болтугай тайвшруулдаг гэдгийг эмч, эрдэмтэд тогтоосон. Архи уух нийгмийн шалтгааныг эхлээд арилгах ёстой.

Нийслэлд тулгамдаж буй маш олон асуудал бий. Ялангуяа Улаанбаатар хотын экосистемийн бохирдол хамгийн эмзэг нь. Нийслэлчүүд хөрс, ус, агаар, хог, тоосжилт зэргээс үүдэн олон төрлийн өвчин тусч, хорт хавдрын улмаас хорвоогоос буцсаар байна.

Статистик тоо баримтаас үзэхэд, Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн онд 6073 хүн хавдраар шинээр оношлуулж, 4412 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Элэгний хорт хавдар 36.1 хувь, ходоодны хорт хавдар14.8 хувьтай байгаа бол уушгины хорт хавдар 8.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 6.4, хувь, умайн хүзүүний хорт хавдар 6.1 хувийг эзэлж байна.

Энэ тоон үзүүлэлтүүд “аюулын харанга” дэлдэж буйг хотын дарга анзаарахгүй байна гэж баймааргүйсэн. Эрүүл монгол хүн үгүй бол хэн ажил хийж, улс орноо хөгжүүлэх билээ?

Хоёрдугаар асуудал нь түгжрэл. Ажил сургуульдаа явах гэж бүтэн нэг, хоёр цагийг түгжрэл дунд өнгөрүүлж байгаа нь асуудал биш гэж үү, хотын дарга аа! Түгжрэлээс болж хэчнээн хүн ажлаа алдаж, цаашлаад хэчнээн хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаараа хохирч байгаа бол…

Одоо жуулчны улирал эхэлж байна. Монгол Улсын нийслэл “өмхий” гэж гадныханд хэлүүлэх таатай байдаггүй. Энэ мэт олон чухал, тулгамдсан асуудал байхад баар, цэнгээний газрын цагийн хуваарьтай зууралдаж суугаа нь оновчтой санагдахгүй байна.

Монгол Улсын нийслэлийн өнгө төрх удирдаж буй даргаас шалтгаална. Нийслэлчүүдийнхээ амьдралыг өөрийн царай шигээ “толийлгох” хэрэгтэй байна, хотын дарга аа!

Д.ЭРДЭНЭТУЯА www.news.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn