Төрийн бус байгууллагууд Ашгийн төлөө бус хуулийн этгээд болно

Төрийн бус байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газраас УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.

Монгол Улс Үндсэн хуульдаа тунхагласны дагуу иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангах зорилгоор 1997 онд батлагдсан уг хууль хэрэгжиж эхлээд нэгэнт 20 гаруй жилийг ардаа үдсэн тул нийгмийн өөрчлөлтийг дагаж төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл, цар хүрээ, зохион байгуулалтын хэлбэрт ч томоохон өөрчлөлтүүд гарчээ. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч нэмэгдэхийн хирээр дээрх байгууллагуудын зарим нь уул усаа хамгаалах тэмцэлд нэгдэж байсан бол яг өнөөдрийн байдлаар шантааж хийдэг гэдэг нэр заримд нь дагалдах болсон нь нууц биш. Ийнхүү хуулийн болон цаг үеийн хэрэгцээ “шаардлагын” улмаас одоогийн Төрийн бус байгууллагын тухай хуулийг Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болгон нэрнээс нь авахуулаад өөрчлөхөөр болжээ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр 1998 онд 1075 ТББ бүртгэлтэй байсан бол 2005 онд 3492, 2010 онд 6915, 2015 онд 11879, 2017 оны 4 сарын байдлаар 17685 , 2018 онд 18000 болж өссөн байна.

Гадаадын иргэн, харьяатын газраас авсан мэдээллээр 2017 оны байдлаар Монгол Улсад гадаадын ТББ-ын болон олон улсын байгууллагын нийт 90 салбар, төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна .

Харин 2017 оны статистик мэдээлэлд дурдсанаар албан ёсоор бүртгэлтэй байгаа 17685 ТББ-ын 48.5% буюу 8578 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, улсын бүртгэлд бүртгүүлсэн ТББ-ын дийлэнх хувь нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа бөгөөд тэдгээрийн 5437 огт үйл ажиллагаа эрхлээгүй, 3340 үйл ажиллагаагаа түр зогсоосон, 267 үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, 63 нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгааны улмаас ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.

Иргэний нийгмийн байгууллага нь Эрүүгийн хуулиар шалгагдаж байна

Дээрх тоо баримтаас харахад, манай улсын хувьд иргэдийн эвлэлдэн нэгдэх, нийгмийн харилцаанд чөлөөтэй оролцох эрхийн баталгаа болсон ТББ-уудын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа мэт боловч бодит байдалд эрх зүйн зохицуулалтын сул байдлаас шалтгаалан бэрхшээлтэй олон асуудал үүссэн хэвээр байна. Тухайлбал, Иргэний хуульд ашгийн төлөө бус хуулийн этгээд нь холбоо, сан, хоршоо гэсэн төрөлтэй байхаар заасан бол Төрийн бус байгууллагын тухай хуульд ТББ гэх ангиллыг бий болгож зөрүүтэй хуульчилсан байгаа аж. Түүнчлэн хууль зүйн хувьд ТББ-ын хэлбэрийг зөв тодорхойлж чадаагүйн улмаас улс төр, шашны байгууллага төдийгүй ашгийн төлөөх хуулийн этгээд ч “ТББ” гэх нэрийг хэт хавтгайруулан хэрэглэх боломжтой болжээ.

Энэ байдал нь төр, ТББ-ын хамтын ажиллагаа, харилцан хяналтыг хуулийн хүрээнд үр дүнтэй зохицуулахад бэрхшээл учруулахаас гадна ТББ-аас иргэд, олон нийтийн дэмжлэгт тулгуурлан идэвхитэй ажиллах боломжийг хязгаарлах, гадаад улсын бодлого, нөлөөлөлд автах, улмаар мөнгө угаах, терроризмын үйл ажиллагаанд ч оролцох магадлалтай хэмээн буруутгах, нийгмийн зүгээс үл итгэх хандлагыг бий болгоод байгааг хэн ч хэлнэ.

ТББ-ыг дэмжсэн тогтвортой санхүүжилтийн орчин бүрдэж чадаагүйн улмаас Монголын иргэний нийгмийн байгууллагууд нь санхүүгийн эх үүсвэрээр дутагдаж ирж. Үүнийгээ нөхөхийн тулд тэд иргэдээс хандив гуйж эцэстээ бусдыг дарамтлан сүрдүүлсэн асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тохиолдол бий.

Төрийн зарим үүргийг гүйцэтгүүлэхээр заасан. Гэвч…

Манай улсын хувьд төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх буюу Төр, ТББ-ын хамтын ажиллагаа нь Төрийн бус байгууллагын тухай болон Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар эрх зүйн хувьд нээлттэй.

Гэвч, нэг жилийн тоон үзүүлэлтээс харахад, дээрх хэлбэрээр төрөөс үзүүлэх дэмжлэг нь ТББ-ын нийт санхүүжилтийн 2 хувьтай тэнцэж байсан нь туйлын хангалтгүй дүн гэдэг нь тодорхой. Түүгээр ч барахгүй төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тохиолдол нийгмийн халамжийн үйлчилгээнээс бусад салбарт бараг байгаагүй аж. Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлнэ хэмээн заасан хэдий ч хэрхэн хэрэгжүүлэх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй, гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх төрийн үйлчилгээний төрлийг ч зааж өгөөгүй. Нэгэнт хуулийн зохицуулалт дутагдалтай тул төр, иргэний нийгмийн байгууллагын түншлэл үр дүнтэй хэрэгжилгүй ирснээр элдэв шантаачжин ТББ “төрүүлж” ирсэн бололтой.

Төрийн бус байгууллагын тухай хуульд 1998-2016 оны хооронд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нэмэлт, өөрчлөлт нь ТББ-ын үйл ажиллагаатай холбоотой тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бус харин салбарын бусад хуулиуд шинэчлэгдсэн, эсхүл тэдгээрт нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой байжээ.

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль батлагдсанаар одоогийн ТББ-ууд нь холбоо, сангийн хэлбэрээр ажиллах нөхцөл бүрдэж, эрх зүйн зохицуулалтын хүрээнд үүсээд байгаа зөрчил, хийдэл арилна гэж төсөл санаачлагчид дурьдсан байна. Санхүүжилт хэмээх хамгийн эхэнд яригддаг асуудлыг шийдэхийн тулд төрийн чиг үүргийг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх суурь зарчмыг тодорхой болгосон гэв.

Эцэст нь Төрийн бус байгууллагаар халхавчлан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийг илрүүлэх, хууль бус үйл ажиллагаа буюу мөнгө угаах зэрэг үйл ажиллагаа эрхэлж буй холбоо, санг ялгах, хариуцлага тооцох боломжийг бүрдүүлэх үүргийг гүйцэтгэж “таарч” байна.

Учир нь ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригийн хэлснээр, “ТББ-ын санхүүгийн эх үүсвэр, хандив тусламжийн дүн, эргэн зарцуулалт тодорхой бус, хянагддаггүй, эрх зүйн орчин муу байгаагаас мөнгө угаах эрсдэл энэ салбарт 62 хувьтай байгаа. ФАТФ-аас танайх энэ салбараа сайжруулаарай хэмээн зөвлөж байгаа” гэсэн юм.

www.eagle.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn