Монгол эмэгтэй үнэлгээ 100 мянган төгрөг, Cолонгос эмэгтэйн үнэлгээ 60 сая төгрөг, хэчнээн их зөрүү байна даа?

-Бэлгийн дарамт үзүүлбэл Монголд 100 мянган төгрөгөөр, Солонгост 60 сая төгрөгөөр торгоно-

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезид болох олон улсын хуралд оролцохоор Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн “KAL”-ийн нислэгээр нисч байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн биед халдсан гэх хэрэгт холбогдоод байгаа. Түүнийг тус нислэгийн багийн гишүүн монгол ажилтнуудыг хэл амаар доромжилж, заналхийлсэн гэх мэдээлэл ч тарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан Инчеоны Бүсийн цагдаагийн газраас даваа гаригт гэх хоёр эмэгтэйгээс мэдүүлэг авсан байна. Хохирогч хоёр эмэгтэй тухайн үед маш “ичгүүрт” байдалд орж, айж сандарсан тухайгаа хэлээд Д.Одбаяр нарыг шийтгэлээ хүлээгээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. Солонгосын хуулиар иймэрхүү хэрэгт холбогдогсод дунджаар 15 сая вонын торгууль төлдөг гэж байгаа.

Монгол Улсын хуулиар бол харин монгол бүсгүйн биед хэн нэгэн халдсан бол дөнгөж 100-хан мянган төгрөгийн торгууль төлөх юм билээ. Энэ миний санаанаасаа зохиосон зүгээр ч нэг тоо биш. УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь гуайн илтгэлд хүртэл орсон тодорхой байгаа зүйл л дээ. Нэрийг нь дурдахыг хүсээгүй төрийн нэгэн сургуулийн багш нар оюутан охидод бэлгийн дарамт үзүүлэхдээ “70 оноо тавиулах юм бол мөөмөө харуул, 80 оноо тавиулах юм бол мөөмөө бариул,100 оноо тавиулах юм бол хийлгэ” гэдэг хэцүү болзол тулгадаг тухай бараг оюутан сонсогчид нь ам хуурайгүй ярих биз. Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамт учруулбал 100 мянган төгрөгөөр торгоно гэсэн журам байдаг.Эндээс солонгос охины өгзөг, монгол сайхан бүсгүйчүүдийн үнэ цэнийн ялгаа тэнгэр газар шиг ялгагдана. 15 сая вон гэдэг бол 60 сая төгрөг. 100 мянган төгрөгийг вонд шилжүүлэхэд 23400 вон болно. Олигтойхон хоолны газрын таваг хоол ч авч дөнгөхгүй мөнгө.

Манай ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр онгоцонд солонгос бүсгүйг илбэсэн шуугиан ид гаарч байх үеэр Солонгосын нэг өвгөн монголд жинхэнэ утгаараа хүчингийн хэрэг үйлдэхийг завдаад байж байсан байх юм. Арваннэгдүгээр сарын 2-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт БНСУ-ын иргэн 50 настай Жэ Воунг гэгч этгээд монгол бүсгүйг илтэд доромжлон улаан цагаандаа гарчээ. Тухайн өдөр Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн амралтын газар БНСУ-ын иргэд амарч байсан аж. Энэ үеэр орчуулагч мэргэжилтэй, 27 настай эмэгтэй Д-г БНСУ-ын иргэн, эрэгтэй 50 настай Жэ Воунг зүй бусаар хүчирхийлэхийг завдсан байна.Жэ Воунг гэгч эл өдөр бүсгүйг архи согтууруулах ундаагаар шахаж, улмаар бүх хувцсыг нь тайлж, нүцгэн зургийг нь утсан дээрээ дарж ёс бусаар хүчиндэхийг завдсан нь адгууснаас ч долоон дор үйлдэл юм. Хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад “Солонгос иргэн хүчиндүүлчихлээ” хэмээн яаралтай дуудлага өгснөөр эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна. Өдгөө мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа бөгөөд монгол эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх БНСУ-ын иргэнийг саатуулан шалгаж байгаа аж.

Энэ нөхрийг бол үндсэндээ гадаадын иргэн нэрийн доор хаацайлаад манайхан нэг зуун мянган төгрөгөөр торгоод л явуулах байх. Харин Солонгосын охиныг маш “ичгүүрт” байдалд оруулсан гэх Үндсэн хуулийн цэцийн даргыг маань тэр 15 сая воноороо ч торгоод явуулчихгүй, хувь заяаг нь хутганы ирэн дээр бүжиглүүлэх өчигдрийн байдлаар үндсэндээ тодорхой болчихлоо. Хуультай орон, хуульгүй орон, хүнээ дээдэлдэг улс, хүнээ дорд үздэг төр хоёрын ялгааг зөвхөн энэ хоёр жишээнээс харчихаж болно. Монгол, солонгос эмэгтэйчүүдийн бэлгийн дарамтын үнэлгээнээс үүдээд ер нь бэлгийн дарамт гэж юу юм гэж жаахан юм ухлаа.

Эмэгтэйчүүдийн эрхийн хамгийн том зөрчил бол бэлгийн дарамт

Бэлгийн дарамтыг эмэгтэйчүүдийн эрхийн хамгийн том зөрчил гэж дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг. “Бэлгийн дарамт” буюу англиар “sexual harassment” хэмээх нэр томьёог анх 1973 онд АНУ-ын доктор Мэри Рове гэгч эмэгтэй жендэрийн асуудлаарх тайландаа гаргаж тавьжээ. Үүнээс хойш НҮБ-аас баталсан “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах тухай тунхаг” болон зарим улс орнуудын хууль тогтоомжид хэрэглэгдэж эхэлсэн байдаг. Улс орнууд соёлын хүчин зүйлээсээ шалтгаалан бэлгийн дарамтыг олон янзаар тодорхойлж иржээ. Аль ч өнцгөөс нь тодорхойлсон “бэлгийн дарамт” гэдэг ойлголтыг дэлхий дахинаа хүний эрхийн зөрчил, хүйсээр ялгаварлан гадуурхах илрэл, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нэг хэлбэр хувь хүний нэр төр, үнэ цэнэ, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг гэж үзэж байгаа. “Ажлын байрны бэлгийн дарамтын эсрэг ажиллагаа Ази номхон далайн орнуудад” номонд “Бэлгийн дарамт нь бэлгийн сэдэлттэйгээр дооглон тохуурхахаас эхлээд шахалт, дарамт үзүүлэх замаар хүсээгүй бэлгийн харилцаанд оруулах хүртэл үйлдэгдэг гэмт хэрэг бөгөөд энэ нь зөвхөн ажлын байраар хязгаарлагдахгүй” гэсэн байх юм. Монгол Улсын хувьд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-т “…Бэлгийн дарамт гэж бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ” гэж тодорхойлсон байна.

Бэлгийн дарамтын илрэх байдал

Хүн төрөлхтөний хамгийн яруу сайхан үйл янаг амраглал болоод үүлэн бороо, салхин сарны явдлаас ангид балмад нэгэн зүйл бол адгуусан маягаар дур хүслээ хангах бэлгийн дарамт гээч зүйл юм.Бэлгийн дарамт ямаршуухан байдлаар илэрдэг вэ гэвэл үзүүлэх харуулах байдлаар: Эротик болон порно агуулгатай зүйлс, зураг, дүрс бичлэг болон илт эвгүйцмээр бэлгийн харьцаатай холбоотой хөдөлгөөн хийх, амаар буюу үг хэлээр: бэлгийн өдөөсөн үг яриа, эвгүйцмээр шалиг, яриа, онигоо олон дахин ярих, бэлгийн дарамт агуулсан өнгө аястай зүйлс уншиж өгөх, бэлгийн харьцаатай холбоотой нэр хоч өгөх, доог тохуу хийх, үйлдлээр: биеийн эмзэг хэсэгт хүрэх, оролдох, тэврэх, үнсэх, хүчиндэх гэх мэт ёс бус үйлдлүүд багтдаг байна. Ер нь ч амьдрал дээр ялиг шалиг үгтэй хүнээс хол байгаарай гэж эцэг эхчүүд үр хүүхдэдээ захиад байдаг чинь бэлгийн дарамтаас л сэргийлж байсан алтан сургамж байсан байх юм.
Бэлгийн дарамт гээч энэ хүмүүн бус үйлдэл хаана ч, ямар ч нөхцөлд гарч болно. Хүнийг хүсээгүй байхад хүсэл зорилгоос нь үл хамаарч далд нууц нөхцөлд үйлдэгддэг. Энэ жигшмээр явдал охид, эмэгтэйчүүдийг бэлгийн дур хангагч хэрэгсэл мэт дорд үзэх үзлээс үүдэлтэй гэлцдэг. Мэдээж балчир хөвгүүдийн толгойг уруу татагч ажаа маамаа нар ч дарамтлагчид тооцогдоно л доо. Хүнийг дорд үзэх, бэлгийн харьцаанд орох зорилготойгоор үйлдэгддэг санаатай үйлдэл гэж байгаа. Бүсгүй хүнийг эрхшээлдээ оруулах, айлган сүрдүүлэх, тулган шаардах, итгэл эвдэх, хууран мэхлэх зэрэг аргаар үйлдэгдэхээс гадна хүчирхийлэл үйлдэгч эцсийн зорилгод хүрэхэд ихэвчлэн биеийн хүчирхийллийн аргыг хэрэглэдэг. Хүчирхийлэл үйлдэгч этгээд хохирогчид ямар хамааралтай болох, үйлдэгдсэн газар, түүний дотор гэр, ажлын байр, хаана үйлдэгдсэнээс үл хамаардаг.

Бэлгийн дарамтын хохирогч болон үйлдэгч

Нас, гэр бүлийн байдал, биеийн галбир, гадаад төрх, мэргэжлийн байр суурь, ур чадвараас үл хамааран эрэгтэй, эмэгтэй хэн ч бэлгийн дарамт үйлдэгч, хохирогч болж болох ч бодитбайдал дээр хохирогчийн 80 гаруй хувь нь охид, эмэгтэйчүүд байна. Ялангуяа олон эрчүүдийн дунд ажилладаг бүсгүйчүүд, гэрлээгүй залуу эмэгтэйчүүд илүү өртдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Үйлдэгч нь ажил олгогч эзэн, дарга, дээд албан тушаалын албан хаагч, менежер, хойд эцэг, багш, дасгалжуулагч гэх мэт эрх мэдэл бүхий хүмүүс дийлэнх нь байдаг.

Бэлгийн дарамтын үр дагавар, хор уршиг

Бэлгийн дарамт нь далд үйлдэгдэж, давтагдах тусам даамжирч байдаг эмэгтэйчүүдийн эрхийн ноцтой зөрчил бөгөөд үүнээс улбаатайгаар нь хувь хүн, байгууллага, нийгэм бүхэлдээ хохироход хүргэдэг. Бэлгийн дарамт нь хүн бүрт биеийн болон сэтгэл санааны хүнд дарамтанд орох, хөдөлмөрийн болон ажил амьдралын бүтээмж буурах, ажил, албан тушаалаа орхихоос өөр аргагүй байдалд хүрэх зэрэг эдийн хохирол ч авчирдаг. Түүнчлэн хохирогчийн нэр төрийг сэвтээх, сэтгэл санааны гүн хямралд оруулж, амь насыг хохироох аюулд ч хүргэдэг.

Эрх зүйн зохицуулалт:
Олон улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бэлгийн дарамт, хүчирхийллийг бууруулах таслан зогсоох чиглэлээр хэд хэдэн баримт бичиг гарсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1, 2, 4, 7, дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 8 дугаар зүйлийн 8.2-т “ Хэнийг ч бусдын эрхшээлд байлгаж болохгүй”, Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн 2 дугаар зүйлд “Оролцогч улсууд эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг буруушаан, эмэгтэйчүүдийг алагчилах үзлийг устгах бодлогыг зохистой бүхий л аргаар нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээг авах ” зэрэг охид, эмэгтэйчүүдийг хүйсийн болон аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах тодорхой эрхүүдийг дэлхийн олон нийт хүлээн зөвшөөрдөг. 1995 оноос хойш бүс нутагт болон улс орнуудын дотоодын хууль тогтоомж болон НҮБ-ын түвшинд бэлгийн дарамтыг хориглосон хууль тогтоомжийг баталж эхэлсэн. Эдгээр хууль тогтоомж нь бэлгийн дарамтыг хориглох, урьдчилан сэргийлэх, шуурхай таслан зогсоох, гомдлыг үр дүнтэй хянан шийдвэрлэх, хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх, хохирлыг барагдуулах, гэм буруутанд хариуцлага оногдуулахад чиглэгдэж байна.

Манай орны хувьд Эрүүгийн Хуулийн 126 дугаар зүйлд “…хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол” гэж бэлгийн дарамтын хамгийн ноцтой хэлбэр болох хүчингийн гэмт хэргийг хуульчилсан байна. Түүнчлэн 126 дугаар зүйлийн 126.2.5-т “албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчиндсэн бол таваас дээш арван таван жил хорих ял шийтгэх”-ээр хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулж өгсөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх чухал ач холбогдолтой заалт болсон хэдий ч бэлгийн дарамтыг зөвхөн хүчиндэх үйлдлээр хязгаарласан байна. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд “Бэлгийн дарамт үзүүлэх” гэсэн тусгай зүйл ангийг багтаан хуульчилж байгаа нь олон улсын нийтлэг тодорхойлолттой нийцэж байна.

Жендэрийн тэгш эрхийг хангах тухай хуулиар “бэлгийн дарамт” гэдэг ойлголтыг анх удаа тодорхойлж, энэ талаарх гомдлыг Хүний эрхийн Үндэсний комисс хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтыг бий болгосон зэрэг хууль тогтоомжийн хүрээнд дэвшил гарч буй хэдий ч энэ нь охид, эмэгтэйчүүдийн хувьд бодит хамгаалал болж чадаагүй өнөөдөр ч гэсэн эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн дарамт буурахгүй далд үйлдэгдсээр байгааг статистик судалгаа харуулж байна.

Бэлгийн дарамтад өртсөн тухай гомдол нь “хүчиндүүлсэн тохиолдолд” гэсэн нөхцлийг шаардахгүй бөгөөд ийм төрлийн заналхийлэл нь бодитой, хохирол учруулж болзошгүй бол та өөрийн аюулгүй байдлыг хангаж цагдаагийн байгууллагад гомдлоо гаргах ёстой аж.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn