Х.Баделхан: Ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлт олон байгаа ч ачааллаа дийлэхгүй байна

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд оны эхний есөн сарын байдлаар нийт 313 тэрбум төгрөгийн санхүүжилтыг 4447 иргэнд олгоод байгааг Төв банкнаас мэдэгдсэн. Ипотекийн зээлд зориулж 2018 онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол, 2019 онд 115 тэрбум төгрөгийн санхүүжилтыг улсын төсөвт тусгасан. 2019 оны эхний есөн сарын байдлаар Засгийн газрын эх үүсвэрээс 83 тэрбум төгрөгийн санхүүжилтыг ипотекийн зээлд зориулан олгоод байгаа.Тэгвэл ипотекийн зээлийн санхүүжилтын эх үүсвэрт зориулж 2020 онд 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгохоор төсөлд тусгажээ. Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн хүүг бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулах бөгөөд ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулахтай холбоотой гарах зардлыг бууруулах чиглэлээр холбогдох хууль журамд шаардлагатай өөрчлөлт оруулж, одоогийн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтын схемийг боловсронгуй болгоно гэж Сангийн яамны зүгээс мэдэгдсэн юм.

Энэ талаар Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделханаас тодрууллаа.

Ипотекийн зээлийн хэмжээ ирэх онд буурахгүй

Тэрбээр “Улсын төсвийн санхүүжүүлэх хэмжээг 120 тэрбум төгрөгөөс 60 тэрбум төгрөг болгон бууруулсан. Гэхдээ Их хурлын ажлын хэсэг энэ асуудлыг ярьж байна. Манай орны хувьд “Ирээдүйн өв сан” гэж сан байдаг. Тэнд нилээн их мөнгө хуримтлагдсан байдаг. Одоогоор тэр сангаас эргэн төлөлтөөр ашиглая гэсэн байдлаар яригдаад явж байна. Ипотекийн зээлийн хэмжээ ирэх онд буурахгүй” гэв.

-Банкуудаас ипотекийн зээл олгож байгаа гэдэг боловч бодит байдал дээр иргэдэд олгохгүй байгаа. Иргэдийн дараалал үүсчихсэн байгааг одоо яах вэ?

-Жилдээ 10 орчим мянган иргэнд ипотекийн зээлийг олгож байгаа. Өнгөрсөн жил УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос шийдвэр гаргасан. Тухайлбал, улсын төсвөөс гаргаж байгаа эх үүсвэрийн хүүг бууруулаад арилжааны банкны чөлөөт мөнгөний үлдэгдлийг татан оруулсанаараа хоёр дахин нэмэгдсэн. Улсын төсвөөс 120 тэрбум төгрөг байвал арилжааны банкнаас 120 тэрбум төгрөгийг гаргах гэх мэт эдийн засгийн эх үүсвэрийг хоёр дахин нэмэгдүүлсэн. 2020 оны төсвийг мөн адил бууруулсан. Гэхдээ эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ярьж байна.

-“Ирээдүйн өв сан”-гаас ойролцоогоор хэдэн төгрөг нэмэх боломжтой байгаа вэ?

-Тэрийг одоогоор хэлэх боломжгүй байна. Тэндээс нэмэх боломжтой гэж ярьж байгаа.

-Арилжааны банкуудад ипотекийн зээлд хамрагдах хүсэлт хэр их ирж байна?

-Ипотекийн зээлд хамрагдах хүсэлт олон байгаа. Хүсэлтийг өнөөдөр хангах боломжгүй байна. Ачааллаа үнэхээр дийлэхгүй байна.

-2019 онд санхүүжилтэд төлөвлөсөн бүх мөнгөө олгочихсон гэсэн үг үү?

-Сар сардаа төлөвлөөд олгож байгаа. Есдүгээр сарын байдлаар гурван эх үүсвэрээс төлөвлөсөн хэмжээгээрээ олгоод явж байна.

www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn