“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИД IPO ХИЙХ ХУВИЛБАРЫГ ДЭМЖИХГҮЙ”

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг: “Ийм үед IPO хийж компанийхаа хувьцааг хямд үнээр зарах нь утгагүй. Би яг одоогийн Засгийн газрын “Эрдэнэс Тавантолгой” компанид IPO хийх гээд байгаа энэ хувилбарыг доорх үндэслэлээр дэмжихгүй байна. Үүнд:

  • Зүүн Цанхид Тавантолгойн ордын нийт коксжих нүүрсний (төмөрлөгийн үйлдвэрт ашигладаг, шатаахад илчлэг өндөртэй) 70 гаруй хувь нь байгаа гэдэг. Зүүн Цанхийн ордын нүүрсний Үлдсэн 30 хувь нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс болно.
    Коксжих нүүрс нь эрчим хүчний (хүрэн) нүүрснээсээ 4-5 дахин үнэтэй.
    Зүүн цанхийн ордын коксжих нүүрсний нөөц нь хамгийн багадаа 2.5 орчим тэрбум тн болов уу. Нэг тн дутмаас хамгийн багадаа 12 ам. долларын цэвэр ашиг олно гэвэл 30 орчим тэрбум ам.доллар болно. Үүний 30 хувь нь гэвэл үүнд оногдох цэвэр ашиг есөн тэрбум ам.доллар болж байх шиг байна. Тэгэхээр Зүүн цанхи дээр байгуулсан компанийн хувьцааны 30 хувийг нэг тэрбум ам. доллароор зарна гэвэл ес дахин бага үнэтэй болж байна. Иймээс энэ хувилбарыг дэмжихгүй.
  • “Эрдэнэс Тавантолгой”ХК-д IPO хийх цаг нь одоо биш. Э хлээд дэд бүтэцээ буюу хоёр чиглэлийн төмөр замаа тавих, нэг ордод дахиж нүүрс олборлож экспортлох эрхтэй ямар ч компани байгуулах шаардлагагүй, Эрдэс баялагийн бирж байгуулж бүх ашигт малтмалыг дэлхийн зах зээлд ойрхон ханшаар борлуулах нөхцлийг бүрдүүлэх, Тавантолгойн ордын Зүүн Цанхийн орд бол “Эрдэнэс Тавантолгой”ХК компанийн хамгийн чухал орд гэдгийг ухамсарлах, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”ХК-ийн 80 хувийн хувьцааныхаа хэд хувийг бирж дээр зарах нь илүү үнэд хүрэхээр байгааг маркетингийн аргаар тогтоох (test marketing хийх), 2.5 сая иргэнийхээ хувьцаанаас борлуулахдаа тэднээсээ асуухгүй бол хүний өмчинд хууль бусаар халдсан болно. Иргэдийнхээ хувьцааг хэрхэхийг өөрсдөөр нь шийдүүлэх үүднээс нээлттэй орхисон нь дээр дээ…”

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 30 ХУВИЙГ ОДООГИЙН НӨХЦӨЛД IPO ХИЙЖ БОЛОХГҮЙ”

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: “Дэлхийн зах зээл хямралтай, хөрөнгийн нөхцөл байдал хэцүү үед сандарч, тэвдэж байгаа мэт байгаа зүйлээ зарж, үнэгүйдүүлж болохгүй. Би үүн дээр хатуу байр суурьтай байгаа. Монгол Улс хүнд байдалд орчихоогүй байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг одоогийн нөхцөлд IPO хийж болохгүй. Яг одоогийн байдлаар зах зээлд гаргах юм бол хэн худалдаж авах вэ гэдэг асуулттай тулгарна. Сул мөнгөтэй буюу оффшорт мөнгөтэй хүмүүс дүрээ хувиргаж, 30 хувийн эзнээр суучих гээд байна. Жинхэнэ зах зээлийн үнээр авах боломж бүрдэхгүй. “Чоно борооноор” гэдэг шиг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг зарах гэж улайрах нь буруу. Огт болохгүй. IPO гаргах нь зөв үү гэвэл зөв. Гэхдээ одоогийн нөхцөл байдалд IPO гаргах нь буруу юм. Улс төрийн хүчний харьцаа дараагийн сонгуулиар ямар байх нь тодорхойгүй байгаа үед улайрах хэрэггүй. Ямар ч компани IPO хийж болно. Гэхдээ одоо цаг нь биш. Нэг тэрбум ам.доллароор юу ч хийж чадахгүй”

“ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ХУВЬЦААНЫ ҮНЭ УНАЖ БАЙХАД ЗАРНА ГЭДЭГ ХАМГИЙН МУУ МЕНЕЖМЕНТ БОЛНО”

АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Эрхэмбаяр:IPO хийж болно, гэхдээ одоо цаг нь биш. Арван жил олох ашгийг IPO-гоор шууд олох боломж байгаа. Гэхдээ 30 хувийг сонирхох улс байхгүй л болов уу. Энэ тохиолдолд 30 хувь нь огт үнэ хүрэхгүй гэж ойлгож байгаа. Гадны компаниуд Монголын төрд итгэхгүй. Хэдэн тэрбум ам.доллар оруулчихаад хяналтаа тавиад байж чадах уу гэдэг дээр итгэл байхгүй. Манай төр өөрөө тогтворгүй учраас ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Одоо IPO хийхээ болих хэрэгтэй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх манай Засгийн газар IPO хийхгүй гэдгээ зарлачих шиг боллоо. Нэг тэрбум ам.доллароор зарахыг эсэргүүцэж байгаа. Ингэж зарсны оронд Монголдоо байж байсан нь дээр гэсэн байр суурьтай байгаа. Харин үнэхээр сайн, үнэ цэнэ хүргэж чадвал зарж болно. Хямд бол зарж болохгүй. Дэлхийн зах зээлд хувьцааны үнэ унаж байгаа үед зарна гэдэг хамгийн муу менежмент болно”

“ТАВАНТОЛГОЙ БОЛ ДЭЛХИЙН ХУРУУ ДАРАМ МАШ ҮНЭ ЦЭНЭТЭЙ ОРДЫН НЭГ”

УИХ-ын гишүүн асан Р.Раш: Тавантолгой бол дэлхийн хуруу дарам маш үнэ цэнэтэй ордын нэг. Коксжсон нүүрс бол Гангийн үйлдвэрийн зайлшгүй шаардлагатай түүхий эд гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудалд маш нарийн чамбай, хариуцлагатай хандах нь ойлгомжтой. 30 хувь гэдэг чинь коксжсон нүүрсний баялагтай Зүүн цанхийн нь асуудал юм гэж сонссон. Энэ чинь ёстой хөөрүүлсэн сүүний шаргалтсан өрөм нь гэж би мунхагладаг.

Ил уурхай ашиглах туршлага манайд байгаа. Багануурын уурхай, Шарын гол, Эрдэнэт гээд бүгд ил уурхай шүү дээ. Тэгэхээр ил уурхайн туршлага бидэнд бий. Ил уурхай дээр хуримтлуулсан өөрийн туршлага нөөцөө бас ашиглах хэрэгтэй юм. Тэгэхээр хувьцаа оруулсан оруулаагүй монгол хүн бүр л Дэлхийд гайхагдсан ийм баялаг нөөцтэй орд газраа үеийн үед бидний амьдралд наалдаж үлдээсэй билээ гэж бодолгүй яахав. Энэ чинь Монголын асар их баялаг. Тэгээд Монголын ард түмэн эзэн нь байх ёстой.

“АРД ТҮМЭНДЭЭ ЯДАЖ ТАВАНТОЛГОЙГ НЬ ҮЛДЭЭГЭЭЧ”

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай: Тавантолгойн IPO буюу Тавантолгойн 30 хувийг зарна гээд байна. Тавантолгойн 30 хувийг зарна гэдэг бол хүний өмч болгож байгаа хэрэг шүү дээ. Таван тэрбум ам.доллар байна уу, нэг тэрбум ам.доллар байна уу хамаагүй, 30 хувийн ногдол ашгийг худалдаж авсан хүмүүс нь авна. Хувьцаа эзэмшигч нь авна. Монголын ард түмэнд ямар ч хамаагүй болно. Тэр байтугай багцаар нь авсан хүн тус компанийн бодлогыг тодорхойлох хэмжээнд очно шүү дээ. Ингэж ард түмний өмчийг үрэн таран хийж болохгүй ээ. Бүх хувьчлал, бүх IPO чинь дандаа “Нохойн зам”-аар орсныг мартаа юу. Одоо болимоор юм. Монголын ард түмнийг дээрэлхэж, доромжилж ханахгүй юм. Ямар ард түмэн гэхээр ингэж дээрэлхүүлж, хамаг юмыг нь зарж үрэн таран хийж байхад хараад сууж байдаг юм бэ. Үнэхээр харамсалтай байна. Монголын ард түмний бүх олигтой, өнгөтэй бүхнийг зараад, хуваагаад авчихлаа. Энэ ард түмэндээ ядаж Тавантолгойг нь үлдээгээч.

Эх сурвалж: www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn