Эдийн засгаа аврахын тулд улс орнуудын авч буй арга хэмжээ

Шинэ төрлийн коронавирусийн /Covid-19/ улмаас БНХАУ төдийгүй дэлхий нийтийн аж үйлдвэрлэлийн логистик сүлжээнд доголдол үүсч, эдийн засаг бүхэлдээ хүндхэн үетэй нүүр тулаад байна. Тодруулбал, дэлхийн эдийн засаг 2020 онд 0.4 хувь хүртэл буурах магадлалтай хэмээн олон улсын санхүүгийн хүрээлэн /IIF/ мэдэгджээ. UNCTAD үзэж буйгаар, коронавирусийн улмаас дэлхийн эдийн засаг 2 их наяд ам.долларын алдагдал хүлээнэ хэмээн үзэж байгаа бол Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн хямрал өмнөх санхүүгийн хямралын үеэс ч илүү доройтож, 2021 онд сэргэж магадгүй хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Үүний зэрэгцээ, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас, коронавирусийн улмаас 25 сая хүн ажлын байраа алдах эрсдэлтэй гэсэн судалгаагаа танилцуулжээ.

Эдийн засаг эрчимтэй буурч буйн жишээг БНХАУ-аас харж болох юм. Тус улсад аж үйлдвэрлэл эхний хоёр сарын байдлаар 13.5 хувиар буурч, худалдааны эргэлт 20.5 хувь, хөрөнгө оруулалт 24.5 хувиар тус, тус буурчээ. Харин ажилгүйдэл 6.2 хувь хүртэл өссөн. Өөрөөр хэлбэл, Хятадын эдийн засгийн хувьд энэ жил 1976 оноос хойш буюу соёлын довтолгоо дуусч, Мао өөд болсноос хойших хамгийн тааруу үзүүлэлт үзүүлэх магадлалтай байна. Хэдийгээр БНХАУ вирусийн дэгдэлтийг бараг л гартаа оруулж, хумиж чадсан бөгөөд орон нутгийн үйлдэрлэл л сэргэж эхэлсэн ч вирус Европ болон АНУ-д голомтлон тархаж, үйлдвэрлэлүүд нь зогсонги байдалд шилжиж, хэрэглэгчид нь хөл хорионд орж, ажилгүйдэл нэмэгдэж байна. Тус улсад гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногт тэтгэмж авахыг хүссэн өргөдөл дөрөв дахин өсч, 280 мянгад хүрчээ. Ийм нөхцөлд 2020 онд дэлхийн эдийн засгийн хямралаас зайлсхийх магадлал нь тэг байна.

Энгийн хямралыг бодвол цар тахал эрэлт болон нийлүүлэлтэд нэг зэрэг цохилт өгч байна. Ийм цочролд орсон компаниуд зээлийн төлбөрөө төлөх, нэмэлт зээл авах, түрээсийн төлбөрөө төлөх боломжгүй болж, улмаар дампуурах эрсдэл нэмэгдэж байна. Үйлдвэрлэл нь зогссон компаниудын хөрөнгө оруулалтын төлөвлөгөө бүтэлгүйтэж, бүтээмж буурах төдийгүй, ард түмэн болон компаниудад ирээдүйн орлогын талаарх гутранги бодолтой болж, хүмүүс хэмнэж эхэлмэгц, эрэлт буурна. Улмаар эрэлт, нийлүүлэлт аль, аль нь буурна хэмээн Венийн их сургуулийн эрдэмтэд хэлжээ.

Үүнтэй зэрэгцээд, дэлхийн олон улс дундаж давхарга аврахын тулд төрөл бүрийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛЫГ ДАВАХ ТӨРИЙН ДЭМЖЛЭГ

Хөл хорио, карантинд буй иргэд өнөөдөр юу, юунаас илүүтэй төрийн дэмжлэгийг үгүйлж байна. Өөрөөр хэлбэл, орлогогүй байгаа иргэдэд улсын төсвөөс бэлэн мөнгө олгох нь өнөөдрийн нөхцөлд олон улсад гол тренд болж байна.

АНУ-ын эдийн засгийн хямралыг давах багцад 1 их наяд ам.долларын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж буйгаас дөрөвний нэгийг нь ард түмэндээ шууд бэлэн мөнгө хэлбэрээр тарахаар болжээ. Ингэхдээ насанд хүрсэн иргэддээ 1000 ам.доллар, хүүхдүүдэд 500 ам.доллар олгох асуудал яригдаж байна. Энэхүү мөнгөн дүнг хоёр дахин өсөх ч боломжтой ажээ. Ард түмэндээ ингэж мөнгө тарааснаас хөл хорионд буй иргэд хоол, унд худалдаж авах, ус цахилгаан, орон сууцныхаа төлбөрийг төлөх, банкны зээлээ төлөхөд нь тус дэм болох бөгөөд ингэснээр санхүүгийн системд учрах эрсдлийг буруулна гэж үзжээ.

Хонконг ч мөн адил дээрхтэй арга хэмжээ авч байна. Насанд хүрсэн 7 сая хүн бүр 1280 ам.доллар авах бөгөөд үүнд 9 тэрбум ам.доллар төсөвлөжээ. Энэхүү мөнгийг тус улсад ажил эрхлэх зөвшөөрөлтөй гадаадын иргэн ч авах боломжтой ажээ.

Харин Сингапурт 70-210 ам.долларыг ард иргэддээ өгөхөөр болсон бөгөөд хүүхэдтэй гэр бүл, ахмад настан, амьдралын баталгаажих түвшнөөс доогуур амьдарлтай хүмүүс дээрх үнийн дүнгээс илүүг авах ажээ.

Макао 375 ам.доллартай тэнцэх хүнсний ваучер олгохоор төлөвлөж байна. Энэ арга хэмжээ нь хэрэглэгчдийг дэмжихээс гадна рестораны хүргэлтийн үйлчилгээг дэмжихэд зориулагдаж байна.

Их Британи улс ч энэ төрлийн арга хэмжээг авахыг Goldman Sachs-ийн эдийн засагч Жим О’Нил уриалж байна.

Харин Австрали улс уламжлалт аргыг хэрэглэж байгаа бөгөөд ядуу, тэтгэврийн насны иргэддээ буюу 7 сая хүн 430 ам.доллар өгөх ажээ. Үүний зэрэгцээ, тус улс өнөөдөр эдийн засгийн аврах хоёр дахь багц хөтөлбөрөө танилцуулсан байна. Үүнд 66 тэрбум ам.долларыг төсөвлөжээ. Эхний багц хөтөлбөрт Австрали улс 17.6 сая ам.доллар болон 100 тэрбум ам.долларыг зээлийг царцаахад зориулан зарцуулахаар төлөвлөж байсан. Нийтдээ Австрали улс 189 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг эдийн засгаа хямралаас гаргах, ажлын байрыг хадгалахад зарцуулахаар болжээ.

Энэ мэтчилэн улс орнууд ард иргэддээ бэлэн мөнгө олгож, зээлийн төлбөр, орон сууцны үйлчилгээний төлбөр, хоол ундаа авахад нь дэмжлэг үзүүлж байгаа бол зарим улс татварын хөнгөлөлт үзүүлэх чиглэлд анхаарч байна. Тухайлбал, Исланд улсад татварын хураамжийг хойшлуулсан бол Италид ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулаад байна. Мөн Хорватад зээлийн үндсэн төлбөрийг эргэн төлөлтийг хойшлуулжээ.п

Хэрвээ хөгжингүй орнууд өвчлөлийн оргил үеийг дөрөв болон тавдугаар сард давж гарч чадвал дээрх арга хэмжээ нь авч болохуйц арга хэмжээ ажээ.

Харин ОХУ-д эдийн засгийн хямралыг давахад ард иргэддээ туслах гэхээсээ илүүтэй томоохон компаниудад дэмжлэг үзүүлж байна. Ингэхдээ эхний ээлжид төрийн өмчит компаниудад тусламж үзүүлж байгаа ажээ. Иймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид болон ард түмнээ бодож, хямралыг давах өөр арга барил хэрэгтэй гэдгийг эдийн засагчид нь сануулах болжээ. Тухайлбал, ард иргэдийнхээ худалдан авах чадварыг дээшлүүлэх үүднээс дөрөв болон тавдугаар сард 10 мянган рублийг нэг удаа олгох санал гаргажээ. Үүнд ойролцоогоор 1-1.5 их наяд рубль шаардагдах тооцоо гарсан байна.

Мөн Үндэсний халамжийн санд энэ хэмжээний хөрөнгө байгаа бөгөөд хэрвээ шаардлага гарвал дээрх арга хэмжээг зун ч хэрэгжүүлж болно гэв. Энэ арга хэмжээг томоохон хотуудад хөл хорио тогтоосон үед авах хэрэгтэй гэв. Үүний зэрэгцээ, жижиг, дунд бизнес эрхлэгчид болон зээлтэй иргэдэд онцгой нөхцөлд торгууль, алданги тооцохгүй байх, түрээсийн төлбөрөөс чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахыг уриалсан ажээ.


Эх сурвалж: FORBES, RT, МҮХАҮТ

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn