Эдийн засагч Н.Дашзэвэг: Тавантолгойн 30 хувийг зарах шийдвэрийг хүчингүй болгох ёстой

Бизнесийн дунд сургуулийн захирал, доктор, Гавьяат эдийн засагч Намжаагийн Дашзэвэгтэй ярилцлаа.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийг байгуулж, Зүүн цанхийн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл шилжүүлсэн нь зөв үү?

-Энэ бол маш буруу шийдвэр. Тавантолгойн бассейнд нэг л компани байх ёстой гэж би үздэг. Учир нь компани болгон давхардсан зардал гаргаж нүүрсний өртгийг нэмэгдүүлж байна. Нүүрсний үнэ унасан үед ганц компани байвал гадаадын компаниудтай өрсөлдөж чадна. Зэрэгцсэн олон зардалтай компаниудад нүүрсний өртөг өндөр байх тул бүгд үнийн өрсөлдөх чадваргүй болж дампуурна. Засгийн газрын дээрх шийдвэр нь Тавантолгойн ордын нэг хэсгийг манай сайд, дарга нар гадаадынхантай нийлж хулгайлж идэх гэсэн арга байх гэж би бодож байна. Засгийн газрын дээрх шийдвэрийг хүчингүй болгох ёстой. УИХ-аас охин компани байгуул гэсэн зөвлөмж Засгийн газарт өгөөгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг гадаадын зах зээл дээр гаргаж, стратегийн хөрөнгө оруулагч олно гэвэл буруу биш.

-Стратегийн хөрөнгө оруулагч гэж хэн бэ?

-Хувьцаа аваад дахиад нэмж төслүүдэд хөрөнгө оруулахыг хэлнэ. Ердийн хөрөнгө оруулагч бол хувьцаа аваад л болоо.

“Өнөөдөр хувьцаа зарах цаг үе нь биш байна. Короновирус эдийн засагт цохилт өгч байна”

-208 жил ашиглах асар их нөөцтэй ордоо ердөө нэг жилийн орлогоор нь зарах нь зөв үү?

-Ийм өөдрөг ганц хувилбар ярьж болохгүй. Нүүрсний үнэ унавал “Эрдэнэс Тавантолгой” ХК ашиг олж чадахгүй. Ийм үед эрсдэл үүрэлцэх хөрөнгө оруулагчтай байсан нь дээр. Би бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг зарсан нь дээр. Гадны хяналт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүх нэгж дээр орж ирнэ. 15 хувь эзэмшдэг ард түмэн тус компанид хяналт тавьж чадахгүй байна. Хараат бус захирал нэрээр эрх баригч хоёр нам, Ерөнхийлөгч өөрсдийн хүнээ оруулсан гэж харагдаж байна. Ийм намуудын эзэмшлийн компанийн хувьцаа үнэ хүрэхгүй, зарагдахгүй байж болно. Гэхдээ өнөөдөр хувьцаа зарах цаг үе биш байна. Короновирус эдийн засагт цохилт өгч байна. Харин Засгийн газар нөгөө 30 хувиа их бага үнэлсэн байна. Жилийн ашгаа 10 жилээр үржүүлж анхны үнэ тогтоож болно. 10 жилийнх нь Өнөөгийн цэвэр үнэ цэнээр /NPV/ зарна. EBIDTA-гаар /хүү, татвар, элэгдэл хорогдлын өмнөх ашиг/ зарах нь дэлхийн жишиг юм. Манай Засгийн газарт иймэрхүү мэдлэгтэй хүмүүс байхгүй байна. Бөх сайд бүдүүн бараг юм л ярьж байна Сонирхох хүнгүй байгаа дээр 2-3 хуурамч компани оруулж, жүжиг тавьж хямд авах гэж байж болох юм.

-Тавантолгойг ер нь яаж ашиглавал дээр вэ? Таны бодол…?

-Нүүрсээ угааж үнээ өсгөж, цааш нь кокс болгон үнээ дахиад хоёр дахин өсгөж зарах ёстой. Кокс химийн үйлдвэр, металург, нүүрснээс хий гаргах, цахилгаан станц барих гээд их хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Коксын үйлдвэрээ гадныхантай, металлургын үйлдвэрүүдтэй хамтарч барихгүй бол кокс зарахад хэцүү. 2-3 чиглэлийн төмөр замаар далайн эрэгт хүргэх ёстой. Үүнийг хурдан хиймээр байна. Стратегийн хөрөнгө оруулагч хэрэгтэй. 10-аад тэрбум ам.доллар хэрэгтэй болов уу. Эрсдэл, хяналтаа бодоход “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30-49 хувиа гадагшаа, стратегийн хөрөнгө оруулагчдад зарсан нь дээр.

Эх сурвалж: www.medee.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn