АН-аас “бурхан”-аар сугалуулах дараагийн хүн нь З.Энхболд

Ардчилсан нам баруун төвийн нам байж, түүнийгээ холбиролтгүй дагаж мөрдөхөө зарласан нь саяхан. Тус намд янз бүрийн л үзэл бодол, үг үйлдэлтэй гишүүд бий.
Анх 2000 онд ардчиллын төлөөх таван нам нэгдэж Ардчилсан намыг байгуулж асан хугацаанаас хойш олон ургальч үзлээс гадна олон ч хүний албан тушаалд очих гишгүүр, амь аврах бамбай, алдаршиж танигдах талбар нь тус нам болж байлаа. “Үйлс нь заримдаа бүтэлгүй ч, үг нь үнэн юмдаа” гэсэн итгэл үнэмшлээр Ардчилсан намыг дэмжсээр ирсэн олон мянган гишүүдийн хувьд “…..баруун төвийн нам байна” гэсэн үзэл баримтлал нь баярт мэдээ байсан. Энэ шийдвэрийг ардчилагчид алга ташин хүлээн авсан бол харин “популист”-уудад таалагдсангүй. Үүнийгээ “Бурханы тавилан” гэж нэрлээд тус намын мандатаар УИХ-д хэдэнтээ сонгогдсон хоёр ч гишүүн гараад явчихлаа. Нэг нь цагтаа Ардчилсан нам дээр ирж “амь авраач” гэж гуйн, шоронгийн хаалга татахаас мултарч чадсан Ж.Батзандан. Харин нөгөөх нь ардчиллын буянаар банкны эзний тавилангаар амьдарч буй Л.Болд. “Адгийн шаар аргаа барахаараа эх оронч болдог” гэдгийн амьд жишээ нь Ж.Батзандан, Л.Болд нар болж байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд зориулсан сангийн хөрөнгөнөөс “саасан” Засгийн газрын сайдуудтай хариуцлага тооцох намынхаа бодлогын эсрэг ажилласан тул Ж.Батзандан, Л.Болд нарт Ардчилсан намд багтах зай үлдээгүй. Иргэдийнхээ боломжийг хулгайлсан Засгийн газартай хариуцлага тооцохыг дэмждэггүй сөрөг хүчний гишүүн байж болдгийг Монголын улс төрийн түүхэнд тэр хоёр л анх удаа баталж харуулсан ч байж магад. Ийнхүү зарчимгүй зангаасаа болж намаасаа жийгдсэн тэд өнөөдөр Ардчилсан намынхнаас “өшөөгөө авах” гэж их л мэрийж байна. Тэднийг хөөрөгдөж, хүч нэмж байгаа хүн нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд. Бас л баг өмссөн коммунист болох нь танигдсан. Ардчилсан нам Монголд бүртгэлтэй бусад намуудаас дутахгүй зүүний, тэр тусмаа коммунист чиг баримжаатай ажиллах болсон нь ердөө нэг сонгуулийн өмнөх цаг хугацаа. “Баруунтнууд нийгмийн халамжийг амлаж, зүүнтнүүд төрийн оролцоог бууруулахыг шаардаж байна. Цаг цагаараа байдаггүй гэдэг үнэн юм” гэсэн шүүмжлэл З.Энхболдыг намын даргаар ажиллаж байсан үеийн Ардчилсан намд хаяглагдаж байлаа. Тэрбээр Н.Алтанхуягаас булаах шахам авсан Ардчилсан намын даргын тамгыг хоёр жил л барьсан. Эрх баригч намын болон УИХ-ын дарга гэсэн тодотголыг намтартаа нэмж чадсан тэрбээр туршлагатай улстөрч мөн боловч зарчимтай лидер биш байжээ. Эрх барьж байсан намыг есхөн суудалтай, дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээнд үлдэх гашуун ялагдлын буруутан нь З.Энхболд. УИХ-ын дарга болон АН-ын даргын албан тушаалыг ашиглан тухайн үеийн парламент, Засгийн газар, ҮХЦ, Монголбанк зэрэг төрийн институцыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож, дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боох аргаар бүх эрх мэдлийг гартаа авах гэсэн түүний улайрал, хувийн зохисгүй араншин нь ”З.Энхболдоос салж л байвал Ардчилсан нам ялагдсан ч яахав” гэх болгоомжлолыг нийгэмд түрүүлсэн билээ. Түүнийг спикер, намын дарга байх үед Монгол оронд коммунист, фашист маягийн дэглэм тогтох нь уу гэсэн болгоомжлол ард түмний дунд бий болсон юм. Албан тушаалын хүчээр, дээр нь сонгуулийн зүг шахаж буй цаг хугацааны хүчин зүйлээр АН-ын даргын суудалд тогтон сууж байсан З.Энхболдын хэмжээгүй их эрх мэдэл тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг хүүхэлдэй мэт харагдуулж, фракц хоорондын зөрчилд гал нэмэх учир шалтгаан болсон билээ. Эрхэм спикерийн дэргэд парламент бачимхан, Үндсэн хуулийн цэц багахан, Засгийн газар балчирхан, ардчилсан намын гишүүд алиахан харагдаж, үүний үр дүнд зөрчил улам бүр гаарав. Тэр хагалан бутаргагч байжээ. Тэглээ гээд З.Энхболдын нэр хүнд өссөнгүй. Харин түүний гайгаар З.Энхболдтой хамт Ардчилсан намын нэр хүнд ч уруудаж байсан юм. Тэгвэл З.Энхболд тэр мөн чанараа өнөөдөр ч бас нөхөд хийгээд нохдодоо хангалттай таниуллаа. Ардчилсан нам өнөөдөр мөнгөний амлалт, халамжийн бодлогоос татгалзаж, бүтээн босголт, үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, баялаг бүтээгчдийг дэмжихээр баруун төвийн үзэл баримтлалаа эргэн сэргээж байна. Харин сонгогддог бус, томилгоот албан тушаалд Ардчилсан намаас хамгийн том “бялуу” болох ЕТГ-ын суудлыг авсан З.Энхболд нийтийн өмчийг түлхүү ярьж, орд газруудыг хураана, нийгэмчилнэ гэж попорч сууна. Тэр коммунист байжээ. Намаа ялагдуулж, гишүүдээ лааз өшиглүүлсэн З.Энхболд улстөрийн хариуцлага хүлээн намын даргын албан тушаалаа өгсөн. Тэгэх нь ч тодорхой байсан. Харин З.Энхболд, Н.Алтанхуяг нарын хатгаас явуулга болон хувийн шунал хүслээр эрх баригчдын кнопчин, хүүхэлдэй болсон Ж.Батзандан, Л.Болд нарын гайгаар Ардчилсан нам УИХ-д албан ёсны бүлэггүй болох нь өнөө маргаашийн л асуудал болоод байна. Харин энэ ажиллагааг зохион байгуулахдаа З.Энхболд, Н.Алтанхуяг нарын ашиг сонирхол нэг цэгт огтлолцжээ. Тэр нь намдаа алдсан эрхээ сэргээж, Ардчилсан намын удирдлагыг гартаа авахаар санаархаж байна. Өөрөөр хэлбэл УИХ-д бүлэггүй болгуулсан бурууг өнөөгийн АН-ын дарга С.Эрдэнэд үүрүүлж, өөрсдөө намын эрхийг гартаа авахаар санаархаж байна. Тэр өс зангидагч байжээ. Гэхдээ ардчилсан намын өнөөгийн удирдлагууд, гишүүд дэмжигчдийн дунд хувийн өмчийг дээдэлж, төрийн зохицуулалтыг үл хэрэгсэх баруун төвийн үзлийг дэмжигчид жин дарсаар буй гэдгийг түүнд сануулъя. Ардчилсан нам баруун төвийн үзэл баримталалыг хатуу мөрдөнө гэж хэлэхгүй ч зүүн төв рүү тэмүүлэхээ одооноос эхлэн больж байгааг бас дуулгая. Өөрөөр хэлбэл Ардчилсан намд коммунистууд багтах орон зай алга байгаа учраас бурханы зурсан тавилангаар сугарах дараагийн хүн нь З.Энхболд байлтай. Хэрэв ингэж чадвал Ардчилсан намынханд ард түмний өмнөөс коммунист З.Энхболдоос салсан өглөөний ч юм уу шөнийн ч юм уу мэндийг баяртайгаар хүргэе.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn