Сүхбаатарын талбайд “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал” болж байна

Өнөөдөр Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг МҮХАҮТ-аас “Ажлын байрны өдөр” болгон зарласан. Ингэхдээ CоVid19 халдвараас үүссэн эдийн засгийн хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж “Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе” цахим жагсаалыг интернэт орчинд болон “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-ыг Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Цахим жагсаалд оролцож буй бизнес эрхлэгчид, ААН-үүд “Пикет” буюу ажлын байран дахь ажил хаялтыг өнөөдөр 9.30-10.15 цагийн хооронд зарлажээ. Өөрсдийн бизнест тулгарч буй асуудлаа шууд бичлэгээр мэдэгдэх, албан ёсны цахим хуудас, фэйсбүүк хуудсаараа уриалга, уриа лоозон барьсан зургаа нийтлэх гэх мэтээр ямар ч хэлбэрээр нэгдэх боломжтой аж.

Мөн Соёлын төв өргөөний урд болж буй “Эзэнгүй багаж хэрэгслийн жагсаал”-д хоосон сандал, оёдлын машин, компьютер, барилгын малгай, ажлын хантааз, алх хадаас зэрэг багаж хэрэгслүүдийг тавьжээ. Үүгээр CoVid19 цар тахлын үед ажлын байрны цомхтголд орсон, ажлаасаа халагдсан хүмүүсийн дуу хоолойг илэрхийлж, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байрыг хадгалах дорвитой арга хэмжээ авахгүй бол эзэнгүй багаж хэрэгслүүд энэ мэтээр нэмэгдсээр байхыг төр засаг, нийгэмд сануулж байгаа юм. Уг жагсаал өнөөдөр 8.30-17.00 цагийн хооронд болно.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn