“Ээж минь төр засагтаа гомдож явдаг”

Дэлхийн II дайны үед эх орноо төлөөлөн Монголын ард түмний бэлгийг фронтод хүргэлцэж явсан “Фронт” С.Цэгмид гуай өдгөө 98 настай. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан түүнийг Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнасан мэдээ олныг сэтгэлийг тэнийлгэсэн.

Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэ шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчид дөрөвдүгээр сарын 18-нд нутагт нь очиж, гардуулан өгсөн байна. Ингээд түүний том хүү Ц.Гомбосүрэнтэй ярилцсанаа хүргэе. Тэрбээр одоо 73 настай ажээ.

–Та сайхан хаваржиж байна уу. Ээжийнх нь бие лагшин тунгалаг уу?

-Ээжийн минь бие лагшин тунгалаг. Ухаан санаа нь саруул. Фронт руу хамт явсан хүмүүсээ бүгдийг нь нэрлэнэ шүү дээ. Насны эрхээр чих жаахан хатуу, нүд нь муудаж байх шиг байна даа.

-Ээж нь нутагтаа суурин байгаа юу?

-Ээж маань нутагтаа суурин байдаг. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаасаа зүүн хойшоо Ташаа гэдэг газар хаваржиж байгаа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Бид эцэг, эхээс зургуулаа. Ээж минь хоёр хүү, дөрвөн охинтой. Би чинь 25 настайд нь төрсөн том хүү юм.

–Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсны амьд гэрч болон үлдсэн хүн бол С.Цэгмид гуай. Галын шугаманд очсон тухайгаа хэрхэн дурсан ярьдаг вэ?

-Ээж маань тэр үед 19-хөн настай байсан. Ээжийг минь 18 насандаа нэгдлийн 500 хонь маллаж “Улсын сайн малчин” болж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялааж байсан учраас фронт руу явуулсан юм билээ. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болж, Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очсон гэдэг. Тухайн үед цувааг ахлан явсан Маршал Х.Чойбалсан, хурандаа Г.Бумцэнд нартай хамт авахуулсан зураг хөрөг нь бий. Фронтоос буцахдаа Ленинградаар дайрч, И.Сталинтай гар барьж, ээжид “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж хэлж байсан гэдэг.

Ээж маань галын шугаманд байлдаж байгаа дайчид, нисгэгчтэй уулзаж, ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой зураг хөргөө авахуулж, их буугаар буудсан гэж байгаа. Цаанаасаа 30 гаруй герман нухчихсан гэж хариу өгсөн гэдэг юм билээ. Тэрбээр дурсан ярихдаа”Дээгүүр бууны сумнууд зөрөлдөөд л, хоноглох байр байхгүй нуувчинд хонож, баригдсан германтай хүртэл уулзсан. Цэргүүд “ЗХУ-ын юунаас айдаг вэ” гэхэд герман цэрэг “катюша”-гаас айдаг” гэж хариулж байсан гэсэн. Өөрөө бол их юм ярина.
Тэндээ долоо, найман өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгсөн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байсан гэдэг. Тухайн үед эх орноо төлөөлөн олуулаа явсан гэдэг юм. Одоо бол ганц ижий л үлдээд байна даа.

-Тухайн үед залуухан монгол бүсгүй ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовын хайрыг татсан гэж дуулсан. Энэ үнэн үү?

-Ээжийн онгоцны хажууд ЗХУ-ын баатар, нисгэгч П.В.Носовтой авахуулсан зураг нь одоо ч байдаг юм. Тэр үед хоёулаа нас чацуу байсан гэж ярих юм билээ. Залуу хүмүүс бие биедээ дотносч, хайрлаж байсан байлгүй. Нисгэгч П.В.Носов нь ээжид “Хоёулаа аргагүй нь эрхэнд саллаа даа” гэж хэлж байсан гэдэг.

-Одоо С.Цэгмид гуай тав дахь үеэ үзэж байгаа гэсэн үү?

-Тийм. Ээж минь сайхан насалж, одоо тав дахь үеэ үзэж сууна. Ойролцоогоор 140 гаруй үр хүүхэдтэй өнөр өтгөн айл. Тэр дундаа таван дүүгийн маань үр хүүхдүүдээс эмээгийнхээ малчин удмыг залгуулж, сайн малчин, уяачид болцгоосон.
–ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж, Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд шагнал Бүх ард түмнүүдийн найрамдлын одонгоор шагнажээ. Хүндтэй шагналыг нь хэзээ гардуулан өгөв?

Монголын ард түмэн Дэлхийн хоёрдугаар дайны хүнд үед тусламж үзүүлснийг үнэлсэн энэ хүндтэй шагналыг Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович өөрийн биеэр 500 км туулан, дөрөвдүгээр сарын 18-нд гардуулан өгсөн. Мөн Батлан хамгаалах яамны төлөөлөл “Ээжээс тодруулах зүйл байна” гээд гарын бэлгээ өгсөн. Батлан хамгаалах яамнаас ээжийн тухай баримтат киног тавдугаар сарын 9-нд гаргах юм билээ. Уг нь ОХУ-аас Төрийн дээд одон медалиар шагнахаас өмнө Монгол Улсын төр засаг Төрийн дээд шагналаа өгөх ёстой байсан болов уу.

Би хувьдаа “Ээжид минь болдогсон бол “Хувьсгал тэмцлийн ахмад зүтгэлтэн” цол өгдөггүй юм байх даа” гэж бодож явдаг. Шулуухан хэлэхэд Монгол Улсын баатар цолыг авахад ч буруудахгүй байх. Ээж минь сүүлд “Ахмад дайчин” цол авах гэж хөөцөлдөөд бүтээгүй. ОХУ-аас Ялалтын баярын ой болгоноор медаль өгдөг. Ээжид 75 жилийн өмнөх Ялалтын баярын бүх медалиуд байгаа гэсэн үг. Мөн шагнал нь эзэндээ ирэхдээ ямар нэгэн дамжлагагүйгээр хүрээсэй гэж хүсч байна. Бараг 20-иод жилийн өмнө санагдан, ОХУ-аас ээжид маань нэг мотоцикль бэлгэнд өгсөн. Тухайн үед бидний гарт мотоцикль ирсэн ч УАЗ-469 машин байсан гэсэн яриа гарсан.

Тийм учраас яг л ээжийн минь гар дээр шагнал нь ирээсэй гэж хүсч байна. Миний ээж бол Монгол Улсад нэгдүгээрт тавигдах хүн шүү дээ. Гэтэл энэ хүнийг огт тоодоггүй. Урлаг соёлынхон маань ч гэсэн ийм мундаг хүн амьд сэрүүн байхад кино уран бүтээл хийх хэрэгтэй шүү дээ. Ээж минь энгэр дүүрэн медальтай ч сүүлийн 20-30 жил Монголын төрөөс том одон медалиар шагнаагүй ээ. Яг үнэндээ Ялалтын баяр болохоор л ээжийг минь санадаг. Энэ жил л анх удаа Батлан хамгаалах яамнаас төлөөлөгч очиж байна. Сүүлийн хэдэн жил ээж минь төрдөө их гомдож явдаг болсон. Хэдийгээр төр засгаасаа юм гуйхгүй гэж боддог хэр нь горьдож л явдаг юм шиг байна лээ.

-“Фронт” С.Цэгмид гуайн хүүхэд насны талаар ярихгүй юу?

-Хар багаасаа ээжтэйгээ мал маллаж өссөн. Ээжийнхээ бага насных нь амьдралын талаар би охинтойгоо нийлж, ном гаргах гэж байгаа. Тэр номонд ээжийн минь туулж өнгөрүүлсэн бүхий л амьдралыг өгүүлнэ. Харц гаралтай эгэл жирийн малчин айлд төрж өссөн хүн.

Айлын малыг ямар ч гарз хохиролгүй маллаж өгдөг хүүхэд байсан. Хар залуугаараа “Улсын сайн малчин” болоход ээжийнх нь мал маллах ухаан их нөлөөлсөн гэж ярьдаг. Ээж минь гурван эрэгтэй дүүтэй. Одоо дүү нар нь бүгд бурхан болсон доо.

-Ээж нь үр хүүхдүүддээ юу гэж захиж, сургадаг вэ?

-Малыг л сайн маллаарай. “Мал дагавал ам тосдоно” гэдэг. Хүүхдүүдээ их сургуульд явуулах их дургүй. Малаа л маллаж бай гэдэг. Тэр үгийнх нь дагуу ихэнх үр хүүхдүүд нь мал даган амьдарч байна. Манайхан дунд аравдугаар анги төгссөн хүн цөөн. Манай нэг эмэгтэй дүү л байсан.

Хүүхдүүддээ ажилч хичээнгүй, хөдөлмөрч зан чанараараа үргэлж л үлгэр дууриалал болж ирсэн. Нэг ч зүгээр суухгүй хүн шүү дээ. Ээж минь хамгийн анх Монголд ямаа самнах самыг санаачилж байсан юм билээ. Мөн Дундговь аймгийн тулгын гурван чулууг нь тавилцаж байсан гэдэг.

Эх сурвалж: www.news.mn А.Цээсүрэн

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn