“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт эхэллээ

“Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт өнөөдөр Формоса төвд эхэллээ. УУХҮЯ, АМГТГ, МХЕГ, МУИС, ШУТИС, Монголын үйлдвэрлэлийн геологчдын холбоо хамтран зохион байгуулж буй чуулга уулзалтад 1000 гаруй зочид төлөөлөгчид, гадаад, дотоодын 100 гаруй хөрөнгө оруулагчид оролцож байна.
11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй чуулга уулзалтын эхэнд Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхол хүртсэн геологичдод хүндэтгэл үзүүллээ. Үргэлжлүүлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ салбарын ололт амжилт, хөрөнгө оруулалт, хэтийн төлөвийн талаар үг хэллээ. Тэрбээр “улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд гүйцэтгэх геологийн судалгааны ажилд 24.6 тэрбум төгрөгийг зарцуулахаар шийдсэн. Үүнийг өмнөх онтой харьцуулахад 11.3 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Энэ нь геологийн салбарыг хөгжүүлэх, судалгааны ажлыг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах зорилгын илрэл” гэдгийг онцлов.
Чуулга уулзалтад оролцогчид Засгийн газраас эрдэс баялгийн салбарт баримталж буй бодлого, хууль эрхзүйн орчин, хөрөнгө оруулалт, ашигт малтмалын ордын эрэл хайгуул, техник технологи, хайгуулын салбарын төсөл хөтөлбөр, үр дүнтэй танилцаж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн геологи, хайгуулын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн үйл ажиллагааг танилцуулж, сурталчилсан үзэсгэлэнг дэлгэжээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn