Сонгууль яах вэ, Э.Бат-Үүл хүүгээ хөтлөөд хэцүү нэртийг бараадах вий

Улсын баатар Э.Бат-Үүлийн хэл нь хөлөөсөө зөрөөд уймарч явна. Тэрбээр дөрвөн жилийн хугацаанд улсын хөрөнгийг хүүтэйгээ нийлж шамшигдуулсан хэрэгт буруутгагдан шүүхээс уяатай яваа нэгэн.

Саяхан даа, “АН-ын “амийг тасалж” байгаа хүмүүс бол З.Энхболд, С.Эрдэнэ хоёр учраас Зикагийн дэвшсэн УИХ-ын тойрогт хүч үзнэ” гэж мэдээлж байлаа. Харин тэрбээр өнөөдөр МАН-ын удирдлагуудыг нэг тойрогт хүч үзэхийг уриалав. Ардчилсан намд өс зангидаж явсан Э.Бат-Үүл намын байрандаа тухлаад мэдээлэл хийхдээ МАН руу дайрч сонгуульд оролцохоо мэдэгдсэн нь “би намдаа буцаад ирлээ” гэж хэлснээс ялгаа юу байхав. З.Энхболд бол тийм ч амар хүн биш. Хэзээ мөдгүй болох гэж байгаа Э.Бат-Үүлийн шүүх хурлаар далимдуулж, түүнийг барьцаалсан байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талдаа, Э.Бат-Үүлд намаас нь өөр дулаан хэвтэр үгүй. Шантааж хийж байгаад эцэст нь намаасаа мандат өвөртлөх атгаг санаа нь алсын хараа болж байна ч гэж ойлгож болно. Гэвч түүнд намаасаа ч, бие даагаад ч дэвших боломж нь нээлттэй бус байгаа юм.

Хэргийн талаар сануулбал, Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулгын хэрэгт холбогдуулан Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад байгаа юм.
А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард таван тэрбум, есдүгээр сард дөрвөн тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн аж. Энэ үед Э.Бат-Үүл хотын дарга байлаа шүү дээ. Түүний хүү Б.Чулуудай захирлаар нь ажиллаж байсан “Гранд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар” банкнаас 3.3 тэрбум, Туркийн “216 Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан. Зээлээ төлөхийн тулд Б.Чулуудай нь компаниа “Бэрэн групп”-ийн Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн эсэхийг шүүх шүүнэ. Удаа дараа хойшилж буй шүүх хурал энэ сарын 13-нд буюу өнөө маргаашгүй болох гэж байна. Сонгууль байтугай эцэг, хүү хоёр хөтлөөд хэцүү нэртийг бараадах вий.

Харин хотын дарга асан Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц барихаа амлаж байсан ч 2012-2016 онд ихэнх барилга нь шугам сүлжээ болон бусад асуудлаас шалтгаалан зогсонги байдалд орсон. Газраа чөлөөлсөн 615 айл өрх хэдэн жил айлаар хэсүүцүүлж, адаг сүүлдээ арай гэж түрээсийн байранд толгой хорогдох болсон. Дараа нь 400 иргэн байр ч үгүй, газар ч үгүй гудамжинд амьдрахдаа туллаа хэмээн жагсаал цуглаан болж байсан нь саяхан. Дээрх хугацаанд дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээнд зориулан нийслэлийн төсвөөс 104 тэрбум төгрөг зарцуулсан гэх боловч үр дүн нь үзэгдэж харагдахгүй, зарцуулалт нь тодорхой бус байгаа юм.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал бол Э.Бат-Үүлийн санаачилсан ажил ч биш. МАН 2008-2012 онд Ахмадын түрээсийн орон сууцаас эхлээд, гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн. МАН 2016 оноос хойш гэр хорооллын дахин төлөвлөлтийн зогссон ажлуудыг үргэлжлүүлж, өргөжүүлээд явж байна.

Өөрийнх нь хийж чадаагүй, магадгүй хүсээгүй ажлыг бусад нь давуу гүйцэтгэж байгаад атаархаж, “хор найруулах” ажлыг ч Э.Бат-Үүл хийсэн. Дахин төлөвлөлтөд орж, байртай болсон иргэдийн төлөөллийг дагуулан гудамжинд жагсч, өөрийгөө хэлмэгдэж буй мэтээр ярьсан. Энэ бол явуургүй улс төр болохыг НИТХ-ын тэргүүлэгчид Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө зарцуулалт, ажлын явцын талаар хэлэлцсэн хурлаараа ил тод болгосон юм.

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийг хохироосон төсөл хэрэгжүүлэгч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож, хохиролгүй болгох, мөн татвар төлөгчдийн хөрөнгөөр дэд бүтцээ татуулсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй, төсвийн хөрөнгийг шамшигдуулсан гүйцэтгэгч компаниудын нэрийг гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлах, Эрүүгийн хуульд заасан залилан луйврын шинжтэй гэмт хэргийн үйлдэлд хариуцлага тооцуулах, холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахыг үүрэг болгосныг Э.Бат-Үүл ямартай ч мэдсэн байлгүй. Энэ мэдээ түүнийг бүр ч тэвдүүлж, хэл, хөл нь зөрж, дэлхийг онохгүй ганхаж яваа ч юм билүү.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn