Нийт батлагдсан тохиолдлуудын 60 хувь нь ОХУ-аас үлдсэн нь 11 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн

ЭМЯ, ХӨСҮТ-өөс коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7 хүн, ажиглах байранд тусгаарлагдсан 242 хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 12 ачаа тээврийн жолоочид хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй” гэв.

Тэгвэл энэ хугацаанд хийгдсэн тандалтын судалгааны тоймыг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа. Тэрээр “Бид 2020 оны нэгдүгээр сарын 7-ноос өнөөдрийг хүртэл нийтдээ 316 сэжигтэй тохиолдлыг илрүүлж тусгаарлаж ХӨСҮТ-д оношилсон. Эдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй. 78 хувьд нь амьсгалын замын цочмог халдвар шинж тэмдэг эмнэл зүйтэй байсан. Сүүлийн 7 хоногт 4 тохиолдол Монгол Улсад зөөвөрлөгдөн орж ирж, нийтдээ 42 батлагдсан тохиолдол болсон. Батлагдсан тохиолдлууд эх орондоо ирээд 1-13 хоногийн дараа 1-6 удаа шинжилгээ хийн онош батлагдаж байна. Нийт батлагдсан тохиолдлуудын 60 орчим хувь нь ОХУ-аас үлдсэн нь 11 улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн байна. Хүйсийн хувьд 45 хувь нь эрэгтэй, 65 хувь нь эмэгтэй байна. Насны хувьд 11-65 хүртэлх насны хүмүүс байгаа. Тэдний дундаж нас 30. Насны ангиллаар задлан хэлбэл 15 наснаас доош 2, 50-аас дээш насны 7 хүн байсан.

Эмнэл зүйн явцын хувьд 42 тохиолдлын 40 хувь нь хөнгөн явцтай, 35.7 хувь нь дунд, 17 хувь нь хүндэвтэр, 7.3 хувь нь хүнд буюу маш хүнд гэсэн клиникийн явцтай ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Сүүлийн 3-4 тохиолдол хүндэвтэр ирсэн. Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлын 15 хувь нь эдгэрсэн, 27 нь эмчлэгдэж байна. Эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан иргэд 14 хоног сувилалд эмчийн хяналтад байгаа. Энэ хугацаанд 2 удаа шинжилгээ хийлгэнэ. Шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд гэрээр өрхийн эмчийн хяналтад 14 хоног байхдаа шинжилгээ хийлгэнэ. Одоогоор эдгэрсэн иргэдээс 5 хүн сувилалд, 2 хүн ХӨСҮТ-д, нэг хүн гэрийн ажиглалтад 7 хүний ажиглалт хяналтын хугацаа дууссан.

Эдгээр хүмүүс гуравдугаар сарын 15-17-ны онгоцоор ирж ХӨСҮТ-д оношлогдож эмчлэгдсэн хүмүүс байгаа. Гуравдугаар сарын 16, 17-нд ирж онош батлагдсан 16 тохиолдлын 15 нь эдгэрээд байна. Нэг тохиолдлын биеийн байдал сайжирч байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn