COVID-19 ба хуйвалдааны онол

Цочмог хүндэрдэг амьсгалын дутагдлын хам шинж буюу SARS (Sever Acute Respirator Syndrome) өвчнийг үүсгэгч шинэ коронавирусийн геном энэ оны нэгдүгээр сард шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөс л хүн төрөлхтөн энэ аюултай вирустэй “албан ёсоор танилцаж” нэр усыг нь мэддэг болсон билээ. SARS-CoV-2 гэдэг энэ шинэ вирус байгаль дээрх төрөл бүрийн амьтдын хооронд бусад коронавирус шигээ дамжин эргэлдэж байдаг ердийн л нэг вирус. Бас биологийн олон төрөл зүйлийн нэг билээ. Энэ вирусийн геномын дөрөвний гурвыг нь эзэлдэг 1a, 1b гэсэн хоёр урт ген, дөрөвний нэгд нь шахцалдан байрладаг дөрвөн жижиг генбусад бүх коронавируст ч бий.

Гэтэл коронавирусийн өвчин-19 (COVID-19) гарснаас хойш элдвийн цуу яриа дэлгэрлээ. Жишээ нь: Нэг орой Оросын телевиз үзээд сууж байтал, биологийн зэвсгийн талаар ерөнхийлөгчдөө зөвлөгөө өгдөг, өөрсдийнх нь хэлдгээр “большая шишка” бололтой нэг нөхөр ёстой залж байна аа. COVID-19-ийн цар тахлыг үүсгэсэн шинэ коронавирусийг америкийн цэргийн албаны биологийн зэвсгийн мэргэжилтнүүд зохион бүтээсэн гэнэ. Тэр тусмаа, Оросын Холбооны Улсыг тойрон байрласан НАТО-гийн цэргийн баазын микробиологийн лабораторид бүтээсэн гэнэ шүү. Нөгөө “большая шишка”яриандаа бүр улайраад, “муухай санаатай” америкчуудын биологийн зэвсэг хийсэн аргыг нь хэлж өглөө. Тэгсэн чинь яасан гээч! Түрүүнд нь, SARS өвчин үүсгээд алга болсон вирусийн геномд, хүний дархлал хомстлын вирус (ХДХВ)-ийн хоёр ч генийг суулгаж хийсэн биологийн зэвсэг гэнэ дээ, энэ SARS-CoV-2.Тэгээд л ийм айхавтар өвчин үүсгэж байгаа юм байх. Манай монголчууд бараг бүгдээрээ орос хэл мэддэг болохлоор, тэр нэвтрүүлгийг үзсэн хүн олон байгаа. Харин оросуудад зориулж бүтээсэн бололтой “биологийн зэвсэг” яагаад андуураад Хятадын Ухань хотод очижөвчин үүсгэчихсэн талаар нөгөө зөвлөх тайлбарлаагүй юм. Лав, “улсын нууц” байсан байж таарна.

Анагаах ухааны вирус судлалч мэргэжилтэй, хувьдаа бас биологийн зэвсгийн талаар овоо юм уншсан хүний хувьд, би тэр зөвлөхийн яриаг сонсоод үнэхээр гайхсан шүү. Сарьсан багваахайн биед агуулагддаг коронавирус, түрүүнд нь SARS өвчин үүсгээд алга болсон коронавирус, саяхан COVID-19-ийн цар тахлыг үүсгэсэн шинэ коронавирус гурвын генүүдийг харьцуулан судалсан судлаачдын хэвлүүлсэн геномын зураг дээр ямар ч генийн оруулга байгаагүй л юмсан. Тэгээд интернет ухлаа. Хэрэгтэй мэдээллээ ч оллоо. Нөгөө “биологийн зэвсгийн талаар ерөнхийлөгчдөө зөвлөгөө өгдөг хүн”, хүчин төгөлдөр бус хуурамч шинжлэх ухааны дүгнэлт ашиглачихжээ! Уул нь, Энэтхэгийн баахан эрдэмтэд шинэ коронавирусийн геномд залгасан ХДХВ-ийн хоёр геныг олж тогтоосон талаар ямар ч баталгаагүй өгүүлэл бичиж интернетэд тавьсан нь, дэлхийн эрдэмтдийн шүүмжлэлд өртөж, хэвлэлээс хасагдсан юм байна. Гэтэл нөгөө зөвлөх мэдээллийн үнэн зөвийг нягталж шалгасангүй. Нобелийн шагналт эрдэмтэн вирус судлалч Люк Монтанье ч ялгаагүй мөн л тэр ажлыг уншсан бололтой, SARS-CoV-2-ыг лабораторид зохион бүтээсэн хэмээн тун зоригтой мэдэгдсээр л байна. Хайран сайхан шагналын нэр хүнд!

Ер нь, COVID-19-ийн цар тахалтай холбоотой есөн шидийн цуу яриа барууны хэвлэлүүдэд бичигдэж байна. Харин манайхны худал цуу яриа гэхийг барууныхан хуйвалдааны онол (Conspiracy Theory) хэмээн хачин дөвийлгөн бичдэг, ярьдаг моод гарлаа. Ухаандаа, “Аа, худлаа худлаа” гэхийг “Аа, хуйвалдааны онол, хуйвалдааны онол!” гэдэг болох нь шив дээ. COVID-19-ийн цар тахлын талаар есөн төрлийн цуу яриа давамгайлж байна. Үүнд:

Дэлхийг ноёрхон захирагч эхэс дээдсүүд дэлхийн хүн амын тоог цөөлөх зорилгоор шинэ вирус зохион бүтээж COVID-19-ийн цар тахлыг үүсгэсэн юм.
Тэд, дэлхийн хүн амын улам бүр хөгширч байгаа популяцийг устгах зорилгоор энэ өвчнийг тараасан юм.
Тэд, дэлхийн хүн амын хөгшчүүлийг нь устгаж хөрөнгө мөнгөө арвилан хэмнэхийн тулд энэ өвчний вирусийг бүтээсэн юм.
Харь гарагийнхан шинэ коронавирус авчирч тараан, COVID-19-ийн цар тахлыг үүсгэсэн юм.
COVID-19-өөр далимдуулан дэлхийн хүн бүхнийг албаар вакцинжуулан хүүхэд төрүүлэх чадваргүй болгохын зэрэгцээ хүмүүст чип суулгаж алхам тутмыг нь интернетээр хянаж байдаг болгох гэж байгаа юм.
Энэ өвчнөөр далимдуулан цаасан мөнгийг хэрэглээнээс хасаж, зөвхөн картаар гүйлгээ хийлгэн хүн бүхнийг хянадаг болгох гэж байгаа юм.
Энэ өвчнөөр далимдуулан эдийн засгийн хямрал үүсгэж, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дараагийн сонгуульд ялагдуулах гэж байгаа юм.
COVID-19-өөр далимдуулан дэлхийн шинэ дэглэм тогтоох гэж байгаа юм.
Байгаль эх хүн төрөлхтнийг шийтгэх гэж энэ өвчнийг үүсгэсэн юм.
За, нэг иймэрхүү л цуу ярианууд дэлгэрч байна даа. Юм мэддэг хүн уншвал ч ичмээр дамшиг байгаа биз?!

Анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа 2020-05-15

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn