​ҮЦТХТ: ЭТТ ХК-аас мөнгө дутуу орж ирсэн тул ногдол ашиг хуваарилах боломжгүй

“Амьгүй” байсан 1072 хувьцаа 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг тэрбум 30 сая ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаар “амь орсон”. Тус компаниас нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж, 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн тус бүрд ногдол ашиг хуваарилахаар болсон билээ.

Ногдол ашиг тараана гэж мэдээлснээс хойш иргэд хувьцааны дансаа идэвхтэй нээлгэж, хүлээж байна. Гэтэл залуучуудын хэлдгээр бараг л “хударчхаад” байна уу даа.

Тавдугаар сарын 1-ээс хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл иргэдийн дансанд шилжээгүй байгаа юм. ЭТТ ХК хамгийн сүүлд тавдугаар сарын 11-ний өдөр мэдээлэл хийхдээ “Бид өнөөдөр ч ногдол ашгийг хуваарилахад бэлэн. Энэ ажилд манайхаас гадна ҮЦТХТ, Улсын бүртгэл, НӨАТ-ын систем зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж иргэн бүрийн мэдээллийг хянан тулгаж байна. Мөн бичиг баримт, бүртгэлийн асуудалгүй нэг сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ рүү шилжүүлсэн” гэж байв.

Нэг сая хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг ҮЦТХТ рүү шилжүүлсэн юм бол өнөөдрийг хүртэл яагаад иргэдийн дансанд ногдол ашиг нь ороогүй байна вэ?

Энэ талаар бид ҮЦТХТ-ийн Стратеги, эрсдэлийн удирдлага, хамтын ажиллагааны ахлах мэргэжилтэн Т.Төгөлдөрөөс тодруулсан юм.

-Бүртгэлийн ямар нэг асуудалгүй нэг сая орчим иргэний ногдол ашгийг ҮЦТХТ рүү шилжүүлсэн гэсэн. Гэтэл одоо болтол иргэдийн дансанд ногдол ашиг нь ороогүй байна. Яагаад орохгүй байгаа юм бэ?

-ЭТТ ХК Монгол Улсад мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зэх зээлийн  тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу ногдол ашгаа манай байгууллагаар дамжуулан хуваарилах гэж байна. Компанийн мөнгө дутуу орж ирвэл тараах боломжгүй байдаг. ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэнээс үнэт цаасны данстай нэг сая иргэний ногдол ашгийн мөнгийг шилжүүлсэн нь үнэн. Гэхдээ дараагийн 1.5 сая иргэний ногдол ашгийг өгөөгүй байна. Зохицуулалтын журмаар бүх мөнгө нь ҮЦТХТ-д төвлөрсний дараа ногдол ашгийг шилжүүлнэ. Тэрнээс биш эхний нэг сая иргэний мөнгийг шилжүүлчхээд дараа нь 1.5 сая иргэний ногдол ашгийг шилжүүлнэ гэж таслахгүй. Бид Сангийн яамыг төлөөлж ажилладаг төрийн байгууллага. ЭТТ ХК ч гэсэн Сангийн яамнаас гаргасан зохицуулалтын журмын дагуу л ажиллана. Тиймээс зөвхөн ЭТТ ХК-д зориулсан журам тусгайлж гаргана гэж байхгүй.

-ЭТТ ХК-аас үлдсэн 1.5 сая иргэний ногдол ашгийг шилжүүлсний дараа иргэдийн дансанд мөнгө орох юм байна. Тус компанийн зүгээс хэзээ шилжүүлнэ гэж мэдэгдсэн бэ?

-Хэзээ ногдол ашгаа шилжүүлэхийг бид мэдэхгүй, тухайн компани мэднэ.

Үүнээс харахад ЭТТ ХК үлдэгдэл 1.5 сая иргэний ногдол ашгийг ҮЦТХТ-д шилжүүлсний дараа бүх хувьцаа эзэмшигчдэд тэгш байдлаар олгогдох аж.

Тэгвэл ЭТТ ХК хэзээ үлдэгдэл 1.5 сая хувьцаа эзэмшигчийн ногдол ашгийг шилжүүлэх нь тодорхойгүй байна. Энэ талаар ЭТТ ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс тодруулахад “Мэдээлэл өгөхгүй” гэв.

Төрийн байгууллага, компаниуд албажаагүй шийдвэрээ танилцуулж иргэдээс оноо авчихаад, эргээд тэрийгээ албажуулж, бодит ажил болгоход уддагийн бодит жишээ. ҮЦТХТ-д ногдол ашгийн мөнгөө төвлөрүүлчхээд “маргааш” тараалаа гээд хэлчихсэн бол хэн хэндээ амар байж дээ.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn