Ардчилсан Ерөнхий сайдуудын өв Монголыг тэжээж байна

Яг долоо хоногийн дараа, зургадугаар сарын 24-ний Лхагва гаригт шинэ парламентыг бүрдүүлэх сонгуулийн санал хураалт явагдана. Дараагийн дөрвөн жилд улс орныг удирдан залах улс төрийн хүчин хэн байх вэ гэдгийг хоёр сая илүү сонгогчдын мэргэн сонголт шийднэ.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш найм дахь удаагийн ардчилсан сонголтоо хийх гэж байна. Өнгөрсөн долоон удаагийн сонгуулийн тавд нь МАН засаглаж, Ардчилсан нам хоёр удаа эрх барьжээ. Ингэхдээ 1996 онд үнэмлэхүй ялсан бол 2012 онд парламентад ердийн олонхийн суудал авч хамтарсан засаг байгуулан засаглажээ.

Сонгуулийн сурталчилгааны ид өрнөж байгаа энэ өдрүүдэд улс орон уруудсан, эдийн засаг унасан, шударга ёс үнэгүйдсэн, авлига гаарсан, амьдрал доройтсоныг нэр дэвшигч болгон шахам хэлж байна. Тэгвэл анхны ардчилсан сонгууль явагдсан 1992 оноос хойш таван удаа үнэмлэхүй, нэг удаа хамтран засаг барьсан МАН-ын засаглал чадаагүй гэсэн үг. Энэ хариуцлагыг яг одоо нэхэх цаг.

Сонгуульд ялсан улс төрийн хүчний бодлогыг зангидан явуулдаг гол хүн бол Ерөнхий сайд. 2020 оны сонгуульд өрсөлдөж байгаа Ардчилсан нам хэрвээ долоо хоногийн дараа сонгогчдын итгэлийг хүлээж парламентад олонх болбол Ерөнхий сайдаар Ринчиннямын Амаржаргалыг ажиллуулахаа Даваа гаригт /2020.06.17/ мэдэгдэж улс төрийн том соёл тогтоолоо. Р.Амаржаргал бол Монголын ардчилсан нийгмийн 30 хүрэхгүй жилд байсан цөөн Ардчилсан Ерөнхий сайдын нэг.

Өнгөрсөн 30 жилийн түүхийг эргэн харж, үнэнээр харж чаддаг бол Ардчилсан Ерөнхий сайдуудын үед эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг хийж чадаж байсан. 1996 оны сонгуулийн шөнө улс төрийн салхи 180 хэм эргэнэ хэмээн 70 илүү жил Монголын төрийг залсан МАН зүүдлээ ч үгүй байсан. Тэр шөнө ардчилсан сонгууль гэж юу байдаг, сонгогчдын санал гэдэг ямар хатуу үнэн болохыг МАН ясандаа тултал ойлгосон.

Ардчилсан хүчний эвслийн Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар Мэндсайханы Энхсайхан ажилласан. Ардчилсан нийгмийн улс төрийн сонголтоо хийчихсэн Монголын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах гол суурь болсон эдийн засгийн суурь өөрчлөлтүүд хийгдээгүй, ийм өөрчлөлтийг хийх улс төрийн зориг МАН-д байгаагүй 1996 оны хүргээд байсан. Энэ алдааг залруулах алтан боломжийг сонгогчид Ардчилсан намд өгч, анхны Ардчилсан Ерөнхий сайд Мэндсайханы Энхсайхан ч шинэчлэлийг зоригтой хийж чадсаны үр шимийг монголчууд одоо хүртэж байгаа. Хувь заяаны шоглоомоор 1990-2000 оны Ардчилсан хүчний эвслийн Засгийн газар дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзсэн. Мэндсайханы Энхсайхан, Цахиагийн Элбэгдорж, Жанлавын Наранцацралт, Ринчиннямын Амаржаргал гэсэн дөрвөн Ерөнхий сайдын нүүрийг үзсэн ч эдийн засгийн шинэчлэлийн бодлогоосоо ухраагүй юм.

2012-2016 оны Ардчилсан намын Засгийн газар хоёр Ерөнхий сайд сэлгэсэн. Норовын Алтанхуяг, Чимидийн Сайханбилэг. Энэ хоёр Ардчилсан Ерөнхий сайдын үед эдийн засгийн хөгжлийн дараагийн шат руу шилжсэн гэхэд буруудахгүй. Хамгийн том жишээ НӨАТ-ын цахим систем бөгөөд энэ систем нь эдийн засгийг ил тод болгох чиглэлд хийсэн том дэвшил байсан. Энэ шинэчлэлийг хийхэд хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь тухайн үедээ МАН-ынхан байсан гэдгийг тэр үеийн хэвлэл мэдээллээс харж болно. 2012-2016 оны үед төрийн сангийн бодлогод өөрчлөлт оруулах, татвар санхүүгийн реформ хийгдсэн.

Ардчилсан намын ил тодоор зарласан дараагийн Ардчилсан Ерөнхий сайд Ринчиннямын Амаржаргал ч шинэчлэлийн өвөө тээн үргэлжлүүлэх болно гэдэгт сонгогчид итгэх хэрэгтэй. Ялангуяа коронагийн цар тахлын энэ үед намын үзэл суртлаа биш ардчилсан үзлийн мэдрэмжтэй, эдийн засгаа мэддэг Ерөнхий сайд ус агаар шиг хэрэгтэй байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын энэ хэдэн сард юу хийсэн бэ? Эгнэгт өөрчлөгдөж буй эдийн засгийн дэг журамд нийцсэн бодлого явуулахаас илүүтэй сонгуулийн санал авахаар улайрсан халамжийн бодлогоо л үргэлжлүүлсэн. Энэ бодлогын гайгаар жижиг, дунд бизнес дампуурлын ирмэгт ирсэнээ зарлаж эхэллээ. Угаасаа жижиг, дундад очих ёстой мөнгийг нь МАН-ын аваад идчихсэн.

Эдийн засгийн эрх чөлөө үгүй бол эрх чөлөө үгүй гэдгийг Ардчилсан Ерөнхий сайдууд нотолсоор ирсэн. Харин МАН-ын Ерөнхий сайдууд бол халамжийн бодлогоор дамжуулан сонгогчдын эдийн засгийн хараат байдалд байлгах арга барилтай. Ардчилсан Ерөнхий сайдууд төсвийн хөрөнгөөр хөшөө, байшин сүндэрлүүлсэнгүй, харин монголчуудын дараа дараагийн үе хүн шиг амьдрах замыг оюун ухаанаараа, бас хүмүүсийн оюун ухаанд зассан юм.

Ийм гавьяатай хүмүүс МАН-ын засаглалын цаг дор хууль хяналтынхны харцан дор доромжлуулж, хэдэн тэрбумийн барьцаанд хавчигдаж, төсөвлөгдсөн хөрөнгөндөө тааруулан машин худалдан авсан хэргээр шүүхээс ял сонсч, хоригдож байна.
Эх сурвалж: www.news.mn

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn