Нэр дэвшигчдийг “онилсон” шүүхийн шийдвэр

Сонгуулийн сурталчилгаа шувтрах шатандаа орсон энэ өдрүүдэд нэр дэвшигчид сонгогчидтой хийх уулзалтдаа илүүтэй анхаарч, нүүр тулан уулзаж, хөтөлбөрөө танилцуулж, дэмжүүлэхийг зорьсон тактик барьж байгаа. Тэгвэл зарим нэр дэвшигчдийн хувьд сонгогчидтой уулзалт хийх бүү хэл шүүхийн шийдвэрээр цагдан хоригдож байна.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцээд нэр дэвшигчидтэй холбогдох шүүх хурлууд ч үргэлжиллээ. Өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал болж, цагдан хорих шийдвэр гаргасан. Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд буруутган яллагдагчаар татад байгаа юм.

Өчигдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт холбогдох шүүх хуралж болж өмгөөлөгчийн саналаар шүүх хуралдааныг энэ сарын 26-нд явуулахаар хойшлуулсан. Хан-Уул дүүргийн сонгуулийн 29 дүгээр тойрог нэр дэвшигч Н.Номтойбаяр сонгуулийн сурталчилгааны хугацаанд шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсоор өндөрлүүлэхээр болоод байгаа. Түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг аав Н.Нямтайшир нь СЕХ-ноос гардан авч, мөн мөрийн хөтөлбөр, сурталчилгааг нь Н.Номтойбаярыг төлөөлөн хийж яваа. УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Г.Батхүү амиа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн зээлийн олголтын явцад албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан. Гэхдээ түүний өмгөөлөгч Н.Мандах яллах тогтоолоо гардаж аваагүй гэдгээ мэдэгдээд байгаа.

Мөн өдөр УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг дарамталж, 50 сая төгрөг авсан гэх асуудлаар нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг шүүхийн шийдвэрээр хориод байна.

Тэгвэл өнөөдөр С.Баяр нарын 7 хүнд холбогдох шүүх хурал болж, шүүхийн шийдвэрээр С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг цагдан хорих шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд асан С.Баяр нарыг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Шүүхийн шийдвэрээр цагдан хоригдох С.Баярцогт Сэлэнгэ аймагт, Б.Бямбасайхан Дархан-Уулд, Д.Ганболд Хөвсгөлд тус тус УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Нэр дэвшигчдэд холбогдох шүүх хурал үүргээр зогсохгүй. Сэлэнгэ аймагт нэр дэвшичг Д.Эрдэнэбат Аж үйлдвэрийн сайд байхдаа “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах давуу эрхээс татгалзсан хэрэгт хамжигчаар оролцсон үндэслэлээр яллагдагчаар татагдаж, хилийн хоригт тавьсан бөгөөд шүүх хурал долдугаар сарын нэгэнд товлоод байгаа. Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл Нийслэлийн Засаг дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ийнн гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгагданхолбогдох шүүх хурал энэ сарын 29-нд болно.

Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд үргэлжилсэн шүүх хуралд хэн нэгийг гэм буруутайг тогтоох гэхээсээ өрсөлдөгчид шүүхийн шийдвэрээр далайлган, өрсөлдөгчөө намнаж байна гэж олон нийт харж байгаа юм.

Нэр дэвшигчдийг цагдан хорих нь эсэх нь шүүхийн шийдвэрээс гадна хуулийн заалттай. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.9.1-д “гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан” бол Улсын Их Хурал шийдвэрлэх талаар заасан заалт Ж.Эрдэнэбатыг цагдан хорих шийдвэр дээр зөрчигдсөн. Учир нь дараагийн парламент бүрдэж, гишүүд тангарагаа өргөснөөр өмнөх парламентын бүрэн эрх дуусгавар болдог. Энэ утгаараа Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрх хадгалагдаж байгаа.

Тэгвэл бусад цагдан хоригдсон нэр дэвшигч нарт шүүх хууль зөрчсөн үйлдэл гаргасаныг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5.5-д иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглож, нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр “эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, цагдан хорих”-ыг хориглоно гэж 35.2.2-д тусгайлсан заалтаар бататгаж байна.

Шүүхийн шийдвэр нь эргээд сонгогчдын сонгох эрхийг ч шүүхийн шийдвэр зөрчиж байгаа юм. Нэр дэвшигчдийг цагдан хорьж байгаатай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт гаргасан мэдэгдэлдээ “Шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим хууль дээдлэхэд оршдог. Шүүгч зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлж шийдвэр гаргана гэж төрийн сүлдэндээ тангараг өргөдөг. Гэтэл зарчмаа, тангаргаа илт зөрчсөн үйлдэл ийнхүү хийж байгаа нь хуулийг хулгайлах замаар төрийн эрх мэдэлд халдах санаархал, зөвхөн хуульд захирагдаж, хэнээс ч хараат бусаар ажиллах зарчмаа худалдах ичгүүргүй оролдлого боллоо гэж үзэхээс өөр арга алга. Төрд өөрийн элч төлөөлөгчийг сонгох замаар Монголын ард түмэн засаглах эрхээ эдлэхэд хэн ч, ямар ч байгууллага саад хийх ёсгүй. Саад хийхийг оролдсон, хүний эрх, эрх чөлөө, парламентын засаглал, цаашилбал Монгол төрийн дархлаанд заналхийлсэн үйлдэл хэрхэвч байж таарахгүй” гэдгийг онцолжээ.

Хараат бус шүүх засаглал хэнд үйлчлээд байна вэ? Цаашлаад шүүхийн шийдвэрээр өрсөлдөгчөө хавчдаг жишиг тогтох вий гэсэн айдас нийгэмд бий боллоо.

Эх сурвалж: www.shuud.mn Н.Энхбат

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn