“Төмөр замын ажилчид 36 сарын тэтгэмж авах боломжтой юу”

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа төмөр замчдын төлөөлөлтэй уулзаж, цалин тэтгэвэр, нийгмийн халамж, төрийн өмчит компанийн ажилчид тэр дундаа “Амгалан” өртөө орчим амьдарч буй төмөр замчдын ахуй амьдралд тулгамдаж буй асуудлыг сонсож, санал бодлоо хуваалцав. Монгол Улсын төр засаг сүүлийн 20 гаруй жил ярьсан төмөр замын царигийн асуудлаа шийдэж, энэ жил түүхэн бүтээн байгуулалт өрнүүлж буйд Сангийн Дэд сайдын хувьд баяртай байна гэдгээ хэлж байсан юм.

Мөн 1990-ээд оноос өмнөх тоног төхөөрөмжтэй байгаа төмөр замын салбараа техник, тоног төхөөрөмжийг нь шинэчлэх замаар өөрчлөлт хийж, улсын эдийн засагт оруулж буй хувь нэмрийг нь нэмэгдүүлнэ гэлээ. Харин төмөр замчдын тухайд тэтгэврийн доод хэмжээ хэтэрхий доогуур, төмөр замын ачаа тээш гэх мэт хүнд нөхцөлд ажиллаж буй ажилтнууд тэтгэвэрт гарахдаа төрийн албан хаагч шиг 36 сарын тэтгэмж авч чаддаггүй, түүнчлэн “Амгалан” өртөө орчим амьдарч буй айл өрхүүд худаг байхгүйгээс хэдэн буудал газраас усаа зөөж ууж байна гэх мэтээр олон тулгамдсан асуудлаа Нэр дэвшигчид дуулгалаа. Өмнө нь хэзээ ч нэр дэвшигч өөрийн биеэр зорин ирж асуудал юу байгааг сонсож, мөн гарц шийдэл санал болгодоггүй учраас зорин ирж уулзаж буйд нь талархлаа илэрхийллээ. Төмөр замчдын төлөөллийн асуултад Нэр дэвшигч Х.Булгантуяа хэрхэн хариулт өгснийг тоймлон хүргэе.

Төмөр замын ахмад ажилтан Б.Лхамсүрэн: Төмөр замын тодотголтой 2Б гээд энэ гэр хороололд асуудал олон бий. Үе үеийн төмөр замчдын үр хүүхэд, өртөөнд ажиллаж буй олон арван ажилчид энд амьдардаг. Энд ус байдаггүй. Усыг нь төмөр замын машин л зөөж өгдөг. Авч чадах айл бий, авахгүй айлууд ч олон. Тэгээд л айл, айлын хаалга тогшиж ус гуйна. Ус олж уухын тулд төв замаар давж, Хангамжийн дөрөвдүгээр хэсэг рүү явж ус авдаг. Үүнийг шийдэх боломж байна уу. Төмөр замынхан бид намын үйл ажиллагаанд оролцдоггүй. Гэхдээ зорьж ирээд бидний асуудлыг сонсох гэж байгаад талархаж байна. Цаашдаа энд амьдарч буй хүмүүсийн усны асуудлыг шийдэж өгөх боломж байна уу?

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Худгийн асуудлыг би анхаарч, дүүргийн төлөөлөгч нартай ярилцана. Гэхдээ энд амлалт өгч болохгүй гэдгийг та бүхэн ойлгоорой. Манай яаманд хэтэрхий бага дүнтэй мөнгө тавигддаггүй. Энэ бол дүүрэг шийдчих л асуудал юм шүү дээ. Танай энэ орчимд худгийн асуудлаас гадна хог ихтэй юм билээ. Төмөр замаа дагаад битүү хог. Энэ асуудлыг ч бид зохих газруудад нь хандаж ачуулах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа.

Төмөр замын ажилтан Н.Энхбаяр: Монгол Улсын Ерөнхий сайд цар тахал гарлаа гэж байхад ард түмнийхээ амьдралыг дордуулахгүй аваад явах мөнгө хангалттай бий гэж хэлж байсан. Энэ үнэн үү. Дараа нь мөнгө байсан ч түүнд зарцуулчихлаа гэх мэтээр булзааруулаад өнгөрдөг асуудал бий. Мөн төмөр замчдын талаар ярьж байгаа учраас саналаа хэлье гэж бодлоо. Тэтгэвэрт гарах насыг нь цэрэг, цагдаа шиг 25 жил болгох боломжгүй юу. Яг үнэндээ 50-аас дээш насны хүн хэзээ ч 20, 30 настан шиг ажиллаж чадахгүй. Ялангуяа замчдын хувьд хэцүү шүү дээ. 60 нас хүрээд тэтгэврээ авахад хэцүү шүү дээ?

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Монгол Улсын эдийн засаг амаргүй байгааг та бүхэн мэдэж байгаа биз. Тамирын голын мөсийг долоох шахам гэдэг шиг л өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгаа өндийлгөхийн тулд амаргүй цаг үеийг давж чадлаа. Валютын нөөцөө дөрөв дахин нэмлээ. Өртэй биш хуримтлалтай Монгол Улс байхын төлөө ажилласан. Бид уг нь “Үдийн хоол” хөтөлбөрийг 2020 онд үргэлжлүүлнэ гэж төсөв тавьсан байсан. Өвчнөөс үүдэж сургууль хаасан учраас энэ мөнгийг хүүхдүүддээ тарааж өгье гэж шийдсэн юм. Их дээд сургууль, цэцэрлэгийн багш нар ч цалингаа авдгаараа авч байгаа. Бид тэтгэврийн насыг наашлуулах, хойшлуулах, тэтгэвэр нэмэх, тэтгэмж яаж олгох вэ гэдэг асуудлыг ярьж байхад танай салбар огтхон ч яригдаагүй. Би маш сайн санаж байна. Тэтгэврийн реформ хийх цаг болсон гэж боддог. Нэг сая иргэн татвар төлж байхад 400 гаруй мянган иргэн татвар авдаг. Дараагийн нэг үе тэтгэвэрт гарахад ямар ч мөнгө байхгүй болох вий. Тиймээс хувь хүнийхээ хувьд тэтгэврийн реформ хийж, өөрчлөлт шинэчлэлт хийх болсон гэж бодож байгаа. Хувь хүн өөрөө тэтгэврийн сандаа мөнгө хуримтлуулж, хүссэн үедээ хэдэн төгрөг байгааг орж хардаг, хүсвэл эрт тэтгэвэрт гараад мөнгөө авч болдог тогтолцооны өөрчлөлт хийх болсон. Төмөр замын салбарт олон асуудал бий. Би өөрөө нисэхийн инженер аавтай. Зам тээврийн салбар ямархуу хүнд хүчир ажлын ард гардаг гэдгийг мэднэ. Тиймээс энэ талаар намынхаа мөрийн хөтөлбөрт тусгах, төмөр замын салбарын ажилчдын зураглалыг гаргаж үзэх ёстой гэж бодож байна.

Төмөр замын ажилтан Д.Ягаанцэцэг: Төмөр замчдыг төрийн албан хаагч гэж үздэг. Засгийн газраас төрийн албан хаагч учраас татвараас чөлөөлсөнгүй гэж мэдэгдсэн юм билээ. Тэгээд яг төрийн албан хаагч юм уу гэхээр төрийн албан хаагч шиг тэтгэвэрт гарахад 36 сарын тэтгэмж өгдөггүй. Эмэгтэйчүүд нь 33, эрчүүд нь 36 жил ажиллаж байж 18 сартай тэнцэх мөнгө авдаг. Үнэхээр төрийн албан хаагч юм бол 36 сараараа тэтгэмжээ авч болохгүй юу. Та Их хуралд гарлаа гэж бодоход төмөр замчдын төлөө яг юу хийх вэ?

Нэр дэвшигч Х.Булгантуяа: УБТЗ бол төрийн өмчит компани. Тийм учраас сая Засгийн газраас баталсан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулаагүй. Хэдийгээр МИАТ, Төмөр зам зэрэг Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажиллаж байгаа ч цалингаа цагт нь тавьж байгаа учраас төрийн байгууллагыг хамруулахгүй гэж шийдсэн юм. Хувийн хэвшил хамгийн их нөлөөлөлд өртөж байгааг ойлгож үзээрэй. 36 сарын тэтгэмжтэй холбоотой асуудалд ч бид урдуур нь орж шийдэхэд хэцүү. ТУЗ-өөр нь шийдэгддэг юм билээ. Оросын тал хувьцаа эзэмшиж байгаа учраас ажилчдаа хэрхэн цалинжуулах, тэтгэмж яаж өгөх вэ гэдгээ шийддэг юм билээ. Бид 36 сараар өгье гэж шийдлээ гэхэд нөгөө тал зөвшөөрөхгүй бол бас хэцүү. УБТЗ чинь 2000 гаруй ажилтантай. Үүнийгээ дагаад маш олон цэцэрлэг, сургууль, төмөр замын коллежтой. Нийгмийн дэд бүтцээ бид өөрсдөө санхүүжүүлнэ, харин төр татварын асуудлаа эргэж хараарай гэдэг. Тэнд нь дандаа монгол ажилчид нийгмийн халамж авдаг учраас төрөөс татварын хөнгөлөлт хүсдэг. Үүнийг бид хууль болгож батлуулсан. 1945 оны гэрээ хүчингүй болох гээд байсан учраас хуульчилж асуудлыг шийдсэн. Ингээд татвараар дарамтлахгүй, харин 2000 гаруй ажилчдынхаа асуудлыг бүрэн шийдээрэй гэсэн тохироонд хүрсэн. Тэглээ гээд төр та бүхнийг орхихгүй. Эрүүл мэнд, халамж хамгааллын үйлчилгээ давхар явах ёстой.

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn