Долоон хүн эдгэрч, батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдлээ

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19-ийн халдвартай холбоотой үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Манай улсын хувьд коронавируст халдварын онош батлагдсан тохиолдол 206 болсноос 139 хүн эдгэрээд байна. Өчигдөр ХӨСҮТ-ийн лабораториудад 314 хүний шинжилгээ хийгдсэнээс хоёр тохиолдолд халдвар илэрчээ. Тухайлбал, Алтанбулагийн боомтоор ирсэн ачаа тээврийн жолооч ОХУ-ын иргэн, мөн Франкфуртын онгоцоор ирсэн 80 настай монгол иргэний шинжилгээ эерэг гарчээ. Одоогоор ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл 60 нь хөнгөн, долоон хүн хүндэвтэр байна. Тус төвд эмчилгээ, тандалт ажиглалтад нийтдээ 108 хүн байна. Өнөөдөр долоон хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. Эдгээр хүмүүсийн хувьд 23-37 хоногт эмчлүүлсэн байна.

Зургаадугаар сарын 20-нд Франкфурт-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 262 хүн, мөн тандалтын зорилгоор цуглуулсан 13 сорьцод шинжилгээ хийгээд байна. Өнгөрсөн шөнө 02 цагт газардсан Сөүлийн онгоцоор ирсэн зорчигчдын шинжилгээ хийгдэж байна. Зорчигчдоос таван хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Коронавирус дэлхийн нийт 216 оронд дэлгэрч, нийт 8 сая 896 мянга гаруй хүн халдвар авснаас, 496 мянган хүн энджээ. Сүүлийн нэг хоногт нийт 108048 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4000 гаруй хүн нас баржээ.

Манай улсын хувьд өчигдөр 533 хүн ажиглалтад орж, 362 хүн гэрийн тусгаарлалт руу шилжин, одоогийн байдлаар ажиглалтын байранд 2,184 хүн байна.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn