Нэр дэвшигч Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар: Миний охин хэзээ ч худал хэлж, төрөөс хулгай хийхгүй

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог, Баянзүрх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяа 20 хоногийн турш өдөр бүхэн тойргийнхоо иргэд сонгогчидтой уулзав. Инженер аав, эдийн засагч ээжийн охин яагаад Их хуралд өрсөлдөх болсон итгэл үнэмшил, дэлхийн хоёр ч том сургуульд эзэмшсэн мэдлэгээ өнгөрсөн хугацаанд хэрхэн ашигласан, ирээдүйд юуны төлөө зориулахыг хүсэж буйгаа, чухам яагаад Баянзүрх дүүргийг сонгож нэр дэвшсэн тухайгаа сонгогчиддоо танилцуулж, олон мянган иргэдийн талархлыг хүлээж буй юм. Сайн эцэг, эхийн хичээнгүй зүтгэлээр сайн хүн, сайн улстөрч болж бэлтгэгдэж буй охиныхоо иргэд сонгогчидтой хийх уулзалтын төгсгөлд Нисэхийн инженер С.Хүрэлбаатар гуай уулзалтад нь ирж оролцсон юм.

Тэрбээр, “Би Иргэний нисэхийн салбарт 36 жил ажиллаад тэтгэвэртээ суужээ. 36 жилийн хугацаанд миний хийсэн ажил гэвэл онгоцны техник, газрын техник, холбооны техник гээд дандаа мэргэжлийнхээ ажлыг хийсээр байгаад тэтгэвэрт гарсан байна. Сайн дарга нарын удирдлага дор мэргэжлээрээ ажилласаар байгаад л тэтгэвэрт суусан. Өнөөдөр миний ажиллаж байсан салбар дэлхийд танигддаг болжээ. Гадны олон улс орны онгоц Монголд ирж засвараа хийлгэж, жилдээ салбарынхаа төсөвт тодорхой хэмжээний мөнгө оруулж байдаг баярлаж явдаг юм. Одоо харин завгүй хүүхдүүдийнхээ ар талыг бат хамгаалах ажлыг эхнэртэйгээ хамт хийгээд сууж байна. Өнөөдөр та бүхнийг ийм олуулаа цуглаж, ийм сайхан үгсийг миний охинд зориулж хэлнэ гэж төсөөлж ч байсангүй. Та бүхэн минь миний жижигхэн охиныг дэмжээрэй.

Энэ хүүхэд хулгай хийж, худлаа ярихгүй байх. Би амьдралдаа ийм намын даргад очиж уулзаад, ийм албан тушаал аваад, ингээд мөнгө авчихъя гэсэн бодол байгаагүй. Миний амьдралд олон боломж байсан ч өмнөх ажлаа л хийж явах ёстой гэж боддог байлаа. Хүүхдээ эрдэм номтой, улс эх орондоо хэрэгтэй хүн болгох юмсан гэж зүтгэж явсан. Охин маань нэг хэсэг АНУ-д суралцаж байхдаа тэнд гайгүй компанид ажиллаж мөнгө ч олж байсан. Гэвч эхнэр бид хоёр зад загнаад аваад ирсэн юм. Чадах, чадахгүй ч эзэмшсэн мэргэжлээ улс эх орныхоо төлөө зориулах ёстой. Бид цөөхүүлээ. Хүн бүхэн хэдэн ам.долларын төлөө газар, газар очиж ажиллаад байвал хэн үлдэх билээ. Эрдэм сурчихаад зугтаагаад байвал хэн энэ улсыг хөгжүүлж чадах билээ. Эх орноо хөгжүүлнэ гэж зүтгээд явж байгаа охиноороо үнэхээр бахархаж байна” хэмээлээ.

Нэр дэвшигч Х.Булгантуяагийн аав С.Хүрэлбаатар гуай 1953 онд Завхан аймгийн Алдархаан суманд төржээ. Аав нь бяцхан хүүг бага байхад нас барсан бөгөөд Завханы Идэр сумын уугуул нэгэн байсан аж. С.Хүрэлбаатар гуайг дөнгөж нэг настай байхад тэднийх Улаанбаатар хот руу нүүх шийдвэр гаргаж, 1954 онд нутгаасаа гарч, хоёр жил малаа туун нүүдэллэж явсаар Төв аймгийн Баянцогт суманд нүүж ирсэн гэдэг. Гэвч нэгдэлжих хөдөлгөөн өрнөж бүх малаа нэгдэлд өгч байсан түүхтэй гэнэ лээ. Улмаар, Улаанбаатар хотод бүрэн суурьшиж аав нь Бэлтгэл конторт морин тэрэгчин, Их дэлгүүрт ачигч хийж байсан бол ээж нь оёдолчин хийж байсан эгэл жирийн малчин ардын хүүхэд юм.

Нэр дэвшигч Хүрэлбаатарын Булгантуяагийн сонгуулийн штабаас бэлтгэв

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn