2021 он: Засаг дарга нар аймгийнхаа хөгжлийг ингэж харж байна

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарыг онцолж байна. УИХ, орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг

Сэлэнгэ:
-“Үндэсний бичгээрээ уншиж, бичицгээе 2021” аян өрнүүлж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”-ийг хэрэгжүүлж, “Чанарын чуулган” зохион байгуулна.

Дархан-Уул:
-Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын гэр хорооллын айл өрхүүд рүү дэд бүтэц шинээр татах ажлыг бүрэн дуусгахад 18.8 тэрбум төгрөг зарцуулна.

Дорноговь:
-Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам дагасан уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн логистикийн төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс гэсэн мега төсөл ажлын байр нэмнэ.

Сүхбаатар:
-Аймгийнхаа 16 сургууль тус бүрт байгалийн ухааны лабораторийг байгуулахаар зорьж, номын сангийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулна.

Булган:
-Гэрээ хэлцэл хийхээс авахуулаад хамтран ажиллах, харилцан туршлага солилцох гээд бүхий л асуудлуудад бэлтгэгдсэн боловсон хүчинтэй болно.

Завхан:
-Эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэсэн Монгол хүнийг хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, хувь хүний ур чадвар олгоно.

Дорнод:
-Байгаль, түүх, соёлын үзмэр, аяллын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан нутгийн иргэдийг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

Баян-Өлгий:
-Ард иргэд, Боловсрол, соёлын газар, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран аймгийн 38 мянган хүүхдийн боловсролын түвшинг урагшлуулах болно.

Ховд:
-Утаагүй бүс нутаг болох зорилтын хүрээнд байгуулах “Шахмал түлшний үйлдвэр”-ийн барилгын ажил эхлүүлж, “Хүний хөгжил”- д түлхүү анхаарна.

Говьсүмбэр:
-Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын байрыг хадгалах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад онцгойлон анхаарна.

Хөвсгөл:
-Ирээдүйн хөгжлөө тодорхойлсон  бодлогын баримт бичгүүдийг иргэд, мэргэжлийн холбоод, баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын саналыг тусган боловсрууллаа.

Орхон:
-Орон нутгийн төсвийн 1.5 тэрбум  төгрөгийн барилга, их засвар, нэн шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг  хөрөнгө оруулалтын  ажлуудыг хийнэ.

Архангай:
-Монгол хүний хүмүүжил, хэл соёл, ёс заншил өв уламжлалыг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрсөлдөх чадвартай боловсролыг олгоход үндсэн бодлогоо чиглүүлж байна.

Говь-Алтай:
-2021 онд суурь дэд бүтэцдээ анхаарч, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн талаар салбар тус бүрт  чиглэсэн хөгжлийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулна.

Өвөрхангай:
-Халамжаар амьдрах биш, ажил хөдөлмөр хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллана.

Увс:
-Өмнөх жилүүдэд бүтээн байгуулалтад илүү их хөрөнгө оруулж байсан бол энэ жилээс хүн төвтэй хөгжлийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн..

Баянхонгор:
-Хөгжлийн тэргүүлэх салбарууд бол хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, байгаль орчны салбар байх болно.

Өмнөговь:
-Орон нутагт иргэний оролцоо бүхий нээлттэй, шударга, авлигагүй, шуурхай, цахим засаглал бий болгоход анхаарна.

Хэнтий:
-Аймгийн түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын ажил дуусч байгаа. Малын өвчин гардаг бүх голомтоо устгах, вакцинжуулалтад хамруулж эрүүл бүс болгоно.

Төв:
-Хүнээ хөгжүүлэх, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад чиглүүлэн “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” жил болголоо.

Дундговь:
-Өрсөлдөх чадвараар аймгуудаас сүүлийн найман жил хоцорч явсанд дүгнэлт хийж байраа урагшлуулахын төлөө ажиллана.

 

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:  90 жилийн ойн хүрээнд 90 бүтээлч ажил өрнүүлнэ

-2021 он бол ардын хувьсгалын өлгий, амуу буудайны өлгий Сэлэнгэ аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож буй онцлогтой жил. Ардын хувьсгалын 100, аймаг байгуулагдсаны 90 жилийн ойн хүрээнд 90 бүтээлч ажлыг өрнүүлнэ. Ард иргэд, хүүхэд залуучуудынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэхэд нь зориулсан томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр төлөвлөөд байна. Мөн тусгай хэрэгцээт иргэдийг хөгжүүлж, нийгэмшүүлэх ажлыг ч хийхээр төлөвлөлөө. Сэлэнгэ аймгийн хувьд  2021 он бүхий л салбарт  чанарыг эрхэмлэсэн он байх болно. Томоохон бүтээн байгуулалтаас дурдвал, “Сайханы-Хөтөл” аялал жуулчлалын цогцолбор байгуулж, аялал жуулчлалын олон улсын жишигт нийцсэн аялал жуулчлалын бүс болгох, Сүхбаатар суманд “Хүүхэд хамгаалах хөгжлийн төв”, Мандал суманд “Ахмадын төв”, Сайхан суманд “Залуучуудын хөгжлийн ордон”-ны барилгын ажлыг эхлүүлнэ. Мөн тавдугаар багт “Хүүхдийн тоглоомын парк”, Хушаат суманд “Цардуулын үйлдвэр” байгуулна. “Үндэсний бичгээрээ уншиж, бичицгээе 2021” аян өрнүүлж, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр 3”-ийг хэрэгжүүлж, аймгийн хэмжээнд “Чанарын чуулган” зохион байгуулах зэргээр олон нийтэд үр өгөөжөө өгөх, хүртээмжтэй, ажил арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал:  47.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр  104 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ

-2021 онд 47.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 104 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс авто замын салбарт 18.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал, Дархан-Шарын гол чиглэлийн 47.7 км авто замаас  28 км-ыг хатуу хучилттай болгож, Хонгор- Салхитын  13.2 км авто замын  суурийн ажлыг бүрэн дуусгана.  Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хотын гэр хорооллын айл өрхүүд рүү дэд бүтэц шинээр татах ажлыг бүрэн дуусгахад 18.8 тэрбум төгрөг зарцуулна. Энэ онд 100 хүүхдийн цэцэрлэгийн нэг барилга, Орхон суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын өргөтгөлийг барина. Ингэснээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдалт 100 хувьд хүрч байна. Дархан хотод баригдаж байгаа 2200 хүний суудалтай спорт цогцолборын барилгын ажлыг  бүрэн дуусгана.  “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд Олон улсын стандартад нийцсэн хөл бөмбөгийн талбай,  Шарын гол суманд шинээр  хөл бөмбөгийн талбай, хуучин Дарханд спортын ордон шинээр барих ажилд 7.7 тэрбум төгрөг зарцуулна. Хотын дотор дөрвөн км унадаг дугуйн зам болон алслагдсан гэр хороололд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 1880 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилна. Дархан хотын 60 жилийн ойг угтан иргэд, төрийн бус байгууллагуудаас гарсан саналыг үндэслэн тэдний оролцоотой 60 бүтээлч ажлыг хийж хэрэгжүүлнэ.

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал: Мега төслүүд хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлнэ

-Дорноговь улсаас санхүүгийн дэмжлэг авдаггүй, төсвөө орон нутгаасаа бүрдүүлдэг цөөн аймгийн нэг. 2021 онд аймгийн  төсвөө өөрсдөө бүрдүүлээд зогсохгүй, улсын төсөвт 2.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр Эрдэнэ, Алтанширээ, Хатанбулаг, Даланжаргалан сумдыг төвлөрсөн шугам сүлжээнд холбосон. Энэ ажил  энэ онд үргэлжилж, дахин дөрвөн сумыг нэгдсэн шугам сүлжээнд холбоно.  Мөн энэ онд 640 хүүхдийн сургууль, халдвартын эмнэлэг, шинэ театрын барилга ашиглалтад орно. Үүнээс гадна  газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам дагасан уул уурхайн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд, бүс нутгийн логистикийн төв, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс гэсэн мега төсөл манай аймагт хэрэгжсэнээр олон зуун ажлын байр бий болж, хүн ам ихээр төвлөрч, орон нутаг илүү их хөгжиж, иргэдийн амьдрал өдрөөс өдөрт өргөжин дээшилнэ гэдэгт итгэлтэй байна. Төрийн үйлчилгээний тэгш хүртээмжтэй, ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд анхаарч ажиллана. Мөн 2021 онд цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээг шуурхай авах, урьдчилан сэргийлэх, хүн амынхаа эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:  Зөв, соёлтой иргэнийг төлөвшүүлнэ

-2021 оны хэтийн төлвөө цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд гаргасан. Тухайлбал, аймгийн нэгдсэн эмнэлэгт PCR шинжилгээ хийх  орчин нөхцөл бүрдүүлж, урвалж оношлуураар хангаж,  хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж, ажиглах байрны нөөцийг нэмэгдүүлнэ. Мөн Бичигт хилийн боомтод тандалтын нэгж байгуулж,  Мөнххаан, Баруун-Урт суманд жишиг эрүүл мэндийн төв барьж, мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахаар төлөвлөлөө.  Хамгийн их анхаарлаа хандуулж байгаа нь боловсролын салбар юм. Учир нь боловсролын салбартаа анхаарч байж бид зөв, соёлтой иргэнийг төлөвшүүлнэ.Тиймээс энэ онд боловсролын салбарын хүрээнд аймгийн хэмжээний бүх сургууль, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүнийг сайжруулах, орчин үеийн техник технологитой болгох, дижитал технологи ашиглах боломжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан. Байгалийн ухааны мэргэжлүүд хэзээ ч үнэ цэнээ алдахгүй дүр зураг харагдаж байгаа учир аймгийнхаа 16 сургууль тус бүрт байгалийн ухааны лабораторийг байгуулахаар зорьж байна. Бас нэгэн чухал ажил нь номын сангийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах юм.  Мөн малын гоц халдварт  өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингүй халдваргүй тайван бүсийг тогтоохоор төлөвлөсөн. Сумдын хатуу хучилттай авто замын ажлыг дуусгаж, гэр хороололд гэрэлтүүлгийг бүрэн ашиглалтад оруулна.

Булган аймгийн Засаг дарга  Б. Ариун-Эрдэнэ: Хүний нөөцөө бэлтгэнэ

-Нутаг орондоо халдварын тохиолдол гаргахгүй байхын тулд  аймгийн онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагууд чадах чинээгээрээ  ажиллаж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, шинээр үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдээ бодлогоор дэмжих, тэнд ажиллах боловсон хүчнүүдийг аймгийнхаа хоёр МСҮТ-өөр дамжуулан бэлтгэх гээд олон ажил байна. Гадаад харилцаа аль ч газар орны хувьд хамгийн чухал асуудал. Гол нь бид гэрээ хэлцэл хийхээс авахуулаад хамтран ажиллах, харилцан туршлага солилцох гээд бүхий л асуудлуудад бэлтгэгдсэн байх нь чухал. Тиймээс хүний нөөцийн бодлогоо энэ тал руу чиглүүлж, бүх салбарын бизнес эрхлэгчдээ энэ үйл ажиллагаанд чиглүүлэх нь нэн тэргүүний ажил байна. Худалдаа наймаа, аялал жуулчлалын ихэнхи урсгалууд манай аймгаар дайран өнгөрч байгааг ашиглах боломж бий гэж харж байна. Энэ онд төлөвлөсөн таван чухал ажлын гурав нь ажлын байр нэмэгдүүлэх, ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд шууд хамаатай. Эдгээр ажлуудыг чанартай зохион байгуулна.
Эрүүл мэнд, боловсролын асуудалд онцгойлон анхаарна. Энэ салбаруудад ахиц гаргахгүй бол эргэж босоход тун хэцүү салбарууд. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: 50.9 тэрбумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийнэ

-Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөнд иргэдийнхээ саналыг эрэмбэлэн, бүх сумдад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгаж, нийт 50.9 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөлөө. Эх хэл, түүх, өв соёлоо дээдэлсэн эх оронч үзэл, эв нэгдлийг эрхэмлэсэн монгол хүнийг хөгжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, хувь хүний ур чадвар олгох ажлуудыг шат дараатай зохион байгуулна. “Чадварлаг эмч”, “Чадварлаг багш” дэд хөтөлбөр хэрэгжүүлж, багшийн хөгжлийн загвар төвүүд байгуулна. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр хангана. Арван сумын сургуулийн барилга, дотуур байр, спорт заалны барилгууд, зургаан сумын цэцэрлэгийн барилга,  нэг сумын эрүүл мэндийн төвийн барилга, дөрвөн сумын соёлын төвийн барилгуудыг барьж, засвар үйлчилгээ хийнэ.  Соёлын өвийг хашиж хамгаалах, аялал жуучлалын мэдээллийн төвийн тохижилтыг сайжруулах зэргээр аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр тодорхой ажлууд хийхээр төлөвлөлөө.  Мал аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалт хийх инкубатор төвийн ТЭЗҮ-г боловсруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ хөнгөлөлттэй зээлд хамруулж дэмжиж ажиллана.

Архангай аймгийн Засаг дарга Д.Золжаргал: Өрсөлдөх чадвартай боловсрол олгоход бодлогоо чиглүүлнэ

-Дэлхий нийтийг донсолгоод буй цар тахлын хүнд нөхцөл байдал цаашид тодорхой бус хугацаагаар үргэлжлэх өндөр магадлалтай. Тиймээс эрүүл мэндийн салбарыг бэхжүүлж, чадавхижуулах үйлчилгээг чанартай, шуурхай хүртээмжтэй болгохын төлөө ажиллана. Улмаар монгол хүний хүмүүжил, хэл соёл, ёс заншил өв уламжлалыг дээдэлсэн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, өрсөлдөх чадвартай боловсролыг олгоход үндсэн бодлогоо чиглүүлж байна. Мөн аймгийн эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбар, аймгийн нөөц боломжид тулгуурлан жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, өрх бүрийг үйлдвэрлэгч болгох, ажилгүйдэл ядуурлыг бууруулах зорилт тавин ажлаа эхэлж байна. Цаашид төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чадварлаг болгож, орон нутгийн чанартай зам гүүрийг засч, Цэцэрлэг хотод дулааны цахилгаан станц барьж ашиглалтад оруулах, иргэдийг орон сууцжуулах, ногоон байгууламж байгуулж, иргэдийг ая тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах зэрэг хямралыг давж, хөгжлийг авчрах олон олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Ирэх дөрвөн жил бол иргэн бүрийн оролцоог хангасан эдийн засаг, нийгмийн дэвшил хүртсэн жилүүд байх болно.

Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: “Хэтийн Хэнтий-2024” мөрийн хөтөлбөрөө батлууллаа

-Өнгөрсөн сард ИТХ-аа хуралдуулж мөрийн хөтөлбөрөө “Хэтийн Хэнтий-2024” уриатай боловсруулж батлууллаа. Ингэхдээ Засгийн газар, УИХ-аас явуулж байгаа төрийн бодлогын хүрээнд “Алсын хараа-2050”, таван жилийн үндсэн чиглэл мөн Засгийн газрын үйл ажиллагааны хүрээ гэсэн гурван бодлогын хүрээнд бичиг баримтаа боловсруулсан. Тиймээс иргэдийн хүсэлт, агентлагуудтайгаа амьдралд бодитой хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр болсон гэж үзэж байна. Энэ онд хийх зарим ажлаас товч танилцуулахад, энэ оны төсөвт ямар ч гэсэн өөрийн төсвийн орлогоо нэмэгдүүлэх, татварын бааз суурийг нэмэх бодлого барьж байгаа.  Аймгийн түүхэн аялал жуулчлалын зургаан цогцолборын ажил дуусч байгаа. Малын өвчин гардаг бүх голомтоо устгах, вакцинжуулалтад хамруулах гэсэн том ажил бий. Хэнтий аймаг малын эрүүл бүс үүсгэхээр зорьсон. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан аймгуудад байдаг. Тиймээс зээлээ төлөөгүй төрийн албан хаагчдын зээлийг хурдан төлүүлэх “Бусаддаа боломж олгоё” аянг эхлүүлнэ. Уул уурхайн компаниудтай хуулийн хүрээнд хамтарч орон нутагт үр өгөөжийг нь хүртээж, хууль бус уул уурхай, нөхөрлөлийг таслан зогсооно. Төрийн албан хаагчдыг иргэдээ алагчилдаггүй, хүнд сурталгүй, харьцаа хандлагыг өөрчлөхийн төлөө ажиллана. Мэргэжилтэй боловсон хүчин дээр салбар салбарт анхаарахгүй бол боловсон хүчний дутагдал үүссэн байна. Энэ тал дээр бодлоготой ажиллах ёстой.

Ховд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав: 20 гаруй дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ

-COVID-19 цар тахлын халдвар хэзээ ч хаалга тогшиж болзошгүй  энэ цаг үед ард иргэдийн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүллээ.  2021 онд 2020 онд ажлыг нь эхлүүлсэн бүсийн хөгжлийг тодорхойлохуйц томоохон төслөө эхлүүлж заримыг нь ашиглалтад хүлээж авна. Тухайлбал, жилдээ 300.0 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, “Ховд эко Цементийн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулна. Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн үйлдвэрээ хүлээн авч, Үйлдвэр технологийн  паркийн төслийн ажил эхлүүлнэ. Ховд Агро парк төслийг өргөжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Хэд хэдэн суманд сургууль цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 1000 оюутны Хөгжил Политехник коллежийн хичээлийн байрны барилгыг ашиглалтад оруулна. Утаагүй бүс нутаг болох зорилтын хүрээнд байгуулах “Шахмал түлшний үйлдвэр”-ийн барилгын ажлыг эхлүүлнэ. Хамгийн гол нь “Хүний хөгжил”- ийн асуудалд түлхүү анхаарна. Нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлыг нь шинэ шатанд гаргана.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батзам: Зургаан зорилтын хүрээнд 145 арга хэмжээ хэрэгжүүлнэ

-Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, бүс орон нутгийн хөгжлийн бодлого гэсэн зургаан зорилтын хүрээнд 145 арга хэмжээтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. 2021 онд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх ажлын байрыг хадгалах, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилгоор салбар хоорондын уялдааг хангаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, аймгийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх, зах зээлийн орчинг сайжруулах, аймгийн хөгжлийн тэргүүлэх салбар болох дэд бүтэц, тээвэр, ложистик, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилтуудыг тавьсан. Тухайлбал,  Чойр хотын ерөнхий төлөвлөгөөг тодотгон шинэчлэх, дулааны станцын барилгын ажлыг эхлүүлнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малчдад чиглэсэн бодлогыг дунд, богино хугацаанд төлөвлөн хэрэгжүүлнэ. Мөн төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх, бизнес эрхлэх орчин нөхцлийг бүрдүүлнэ.

Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж: 2021 оныг  “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан

-Өвөрхангай бол хөдөө аж ахуй давамгайлсан аймаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгойгоор улсад байнга тэргүүлэх үзүүлэлттэй явна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Нөгөө талдаа бэлчээрийн даац, цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад малчид отор нүүдэл хийх нь ихэсч, тулгамдсан олон асуудал гарч байна. Тиймээс ирэх дөрвөн жилд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах зорилго тавьж, 2021 оныг  “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн олон ажил төлөвлөсний дотор малын тэжээл, ургамлыг аймагтаа тарьж, өвс тэжээлийн нөөцийг дотроо бүрдүүлдэг байх томоохон зорилтыг дэвшүүлээд байна. Мөн “Халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлого руу” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Халамжаар амьдрах биш, ажил хөдөлмөр хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллана. 2020 онд “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийг зарлаж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Энэ ажлыг үргэлжлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарна. Мөн аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр гэж 6 тэрбум гаруй төгрөг бий. Энэ хөрөнгийг бүтээлч иргэд, ажил олгогчид руу чиглүүлж, оновчтой төслийг дэмжиж ажиллана гэж бодож байгаа.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал: Гадны хөрөнгө оруулалтаар томоохон ажлууд хийнэ

-2020 онд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 32.5 сая тонн хүдэр боловсруулж улс, орон нутгийн төсөвт их наяд төгрөг давсан орлогыг төвлөрүүлсэн хамгийн их үндэсний баялаг бүтээсэн жил болж байна. 2021 онд улсын төсвийн 900 сая төгрөгөөр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжийг нийлүүлнэ.
Түүнчлэн орон нутгийн төсвийн 1.5 тэрбум  төгрөгийн барилга, их засвар, нэн шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг  хөрөнгө оруулалтын  ажлуудыг хийхээр шийдвэрлэсэн. Инженерийн хангамжтай нийтийн орон сууцны хорооллуудыг барьж аймгийн орон сууцны санг нэмэгдүүлнэ. Европын сэргээн босголт хөгжлийн банкны 14 сая ам.долларын дэмжлэгээр үерийн даланг шинээр барих, хотын төвийн инженерийн шугам сүлжээг шинэчлэн засварлана. Мөн Польш улсын Засгийн газрын есөн сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулахаас гадна хог дарж устгах ландфиллийн талбайг хөгжүүлэх, хог хаягдал татан зайлуулах тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм. 13 багт камержуулалтын ажил шинээр хийгдэнэ. Энэ онд үргэлжлэх барилга байгууламжууд цөөнгүй бий.

Дорнод аймгийн ИТХ-ын дарга М.Энхтөр: Дорнод аймаг аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Дорнод аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ  онд 16 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  хийнэ. Аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг иргэдийн санал хүсэлтэд үндэслэн боловсруулсан. Үүнд, халдварт цар тахлын үед, иргэн аж ахуйн нэгжийг дэмжих арга хэмжээг эрчимжүүлнэ. Багш нарын сургалт, дадлагын төв байгуулах, хүн амын хөгжил, боловсрол соёл урлагийг дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. Иргэдийн ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд засвар, тохижилтын ажлыг үргэлжлүүлж, үлдсэн сумдыг шилэн кабелд холбож мэдээлэл холбооны үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж бүрт хүргэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарна. Мөн төрийн албан хаагчийг чадавхжуулах, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангаж, сумдад хөрсний бохирдлыг бууруулах эко ариун цэврийн байгууламжийг үе шаттайгаар байгуулан, байгаль, түүх, соёлын үзмэр, аяллын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулан нутгийн иргэдийг түшиглэн аялал жуулчлалыг дэмжин хөгжүүлэх  зорилтуудыг дэвшүүлэн ажлаа эхлүүллээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Хөгжлийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулна

-Говь-Алтайн хөгжлийн талаар яг цаасан дээр буусан төлөвлөгөө алга. Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд хийсвэр улс төржсөн байдалтай явж ирснээс биш шинжлэх ухааны үндэслэлтэйгээр “үйлдвэрлэсэн” цаас, хөрсөн дээр буусан бодит төлөвлөгөө алга.
Тиймээс 2021 онд суурь дэд бүтэцдээ анхаарч, боловсрол, эрүүл мэнд, нийгэм, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн талаар салбар тус бүрт  чиглэсэн хөгжлийн төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулна. Аймаг орныхоо онцлогт тохирсон хөгжлийн төлөвлөгөөг ул суурьтай, оновчтой гаргахын тулд шинжлэх ухааны байгууллагуудтай нягт хамтран ажиллана. Нэг үеийг бодоход Говь-Алтай аймаг олон жилийн турш ярьж, хүлээсэн автозамын бүтээн байгуулалтаа хүлээж авлаа. Ирэх жилүүдэд бүтээн байгуулалт хийгдэнэ. Гэхдээ дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын хариу арга хэмжээг шуурхай, оновчтой хэрэгжүүлэхэд голчлон анхаарна. Аймаг орон нутгаас гадна өрх бүрийн эдийн засагт онцгой анхаарч, хямралыг сөрсөн уян хатан мэргэжлийн бодлого баримтлах учиртай. Говь-Алтай аймгийг хөгжүүлэхээр төлөвлөсөн, томоохон байгуулалт хийхийг зорьсон зүйлс бий. Ирэх жилүүдэд хийх ажлаа ярихаас илүү хэрэгжилт, үр дүн харуулна.

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан: Хүний хөгжил, шударга ёс, эв нэгдэл гэсэн бодлогыг дэвшүүлж байна

-Хүний хөгжил, шударга ёс, эв нэгдэл гэсэн бодлогын гурван асуудал дэвшүүлж байна. Улс даяар хүний хөгжлийг нэгдүгээрт тавьж байгаа учраас төрийн бодлоготой ажлаа уялдуулж байна. Мөн шударга ёсыг үргэлжлүүлнэ. Хамгийн том зорилго бол эв нэгдэл. Баян-Өлгий аймагт үндэстний цөөнх казах түмэн, ястны цөөнх урианхай, дөрвөд, тува түмэн амьдардаг. Эдгээр иргэдийн эв нэгдлийг сахиж ажиллах ёстой. Түүнээс гадна боловсролын салбарт ахиц гаргая гэж шийдвэрлэсэн. Энэ хүрээнд зоригтой, дорвитой ажлуудыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Ард иргэд, Боловсрол, соёлын газар, багш, сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран аймгийн 38 мянган хүүхдийн боловсролын түвшинг урагшлуулах болно.   Байгалийн тогтоц, амьдралын хэв маягаас шалтгаалан зүрх, судасны өвчин их байна. Өнгөрсөн дөрвөн жилд хоёр том эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Цаашид Баян-Өлгий аймгийн эмч нарыг дурангийн хагалгаа болон ямар ч шинжилгээг орон нутагт хийх бүрэн боломжтой болгох асуудлыг тусгаж байна. Дипломоо өвөртөлсөн есөн мянган залуу гэртээ сууж байна. Эдгээр залуучуудыг Монгол Улсын өнцөг булан бүрт Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон үйлдвэрүүдэд болон гадаадын орнуудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах асуудлыг хөндөнө. Аймгийн хөгжлийн нэг гарц болсон аялал жуулчлалыг хөгжүүлнэ .

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд: Хүн төвтэй хөгжлийг бий болгох зорилт дэвшүүлсэн

-Аймгийн ИТХ-ын дөрөв дэх удаагийн ээлжит хуралдааныг энэ сарын 6-нд хийж, 2021-2024 оны үйл ажиллагааны үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батална.  Өмнөх жилүүдэд бүтээн байгуулалтад илүү их хөрөнгө оруулж байсан бол энэ жилээс хүн төвтэй хөгжлийг бий болгох зорилтыг дэвшүүлсэн. Аймгийнхаа нийгэм, соёлын онцлог, хөдөө аж ахуй, аялал жуулчлалдаа түшиглэж иргэд рүүгээ хандсан, иргэдийнхээ оролцоог хангасан олон ажлыг зохион байгуулна. Тухайлбал, Увс аймгийн Улаангом хотоо ногоон байгууламжтай, иргэд нь эрүүл аюулгүй  амьдрах  орчин нөхцөлийг бүрдүүлсэн хот болгохын тулд хэд хэдэн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Манай аймагт олон ястны төлөөлөл амьдардаг учраас тэднийхээ өвөрмөц соёл, нүүдэлчний өв, уламжлалд тулгуурласан шинэ бүтээлийг бий болгож, өвлүүлэх, ёс заншлаа уламжлан түгээх  ажлыг зохион байгуулах Ажлын хэсэг гарган ажиллаж байна.

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан: Төсөв харж, тендер царайчилсан байдлаас сална

-Баянхонгорчууд 30 жилийн зам, түүхээ харж  хөгжлийнхөө үндсэн чиглэлийг тодорхойллоо. Иргэдэд талцал хуваагдал, хэрүүл тэмцэл биш, ажлын байр, эдийн засгийн бодит өсөлт, хамтын ажиллагаа чухал байна. Төрийн албаа цэгцэлж, чадавхижуулахын тулд шинэчлэл хийж, сахилга батыг чангаруулж, авилгал, ашиг сонирхолыг арилгана. Ажлын байр нэмэгдүүлэхэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллана.Хот тохижилтыг үйлдвэрлэл болгоё. Ажлын байрыг  нэмэгдүүлж байж, нийгмийн бусад асуудлаа шийднэ. Төсөв харж, тендер царайчилсан байдлаас салах ёстой. Тиймээс аймаг, сум гэлтгүй хүн бүр, дор бүрнээ хичээн ажиллах хэрэгтэй. Аймгийн орлогыг нэмэгдүүлнэ. Энэ онд  аймгийн хөгжлийн зөвлөгөөнөө хийнэ. Бидний хөгжлийн тэргүүлэх салбарууд бол хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай, байгаль орчны салбар байх болно. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлээ хөгжүүлнэ. Малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлээр хангах гээд багагүй ажлыг өрнүүлж байна. Цаашдаа бэлчээрийн даац хэтэрч, дэлхийн дулаарал, цөлжилт нэмэгдэж байгаад дүгнэлт хийж хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт баримтлах бодлогоо өөрчлөх болно. Иргэдээ соён гэгээрүүлэе. Архины улмаас олон сайхан залуус амь нас, амьдралаа алддаг учраас “Жаргалтай амьдрал” төвийг байгуулсан. Иргэдийнхээ хандлагыг өөрчлөхөд хүчээ нэгтгэе.

Өмнөговь аймаг Засаг дарга Р.Сэддорж: Аймгийг таван үндсэн чиглэлд хөгжүүлнэ

-2010 онд Өмнөговь аймгийн хөгжлийг нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэх гурван тулгуурт зангидан, 2020 он хүртэл хөгжүүлэх “Байгалийн баялаг-Сайн засаглал-Хөгжсөн Өмнөговь” бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлсэн.Энэхүү хөгжлийн бодлогыг залгамжилсан “Нутгийн хишиг-2024” хөтөлбөр нь аймгийн хөгжлийг эдийн засгийн өсөлт, боловсрол, шударга засаглал, эрүүл мэнд/нийгмийн халамж/, байгаль орчин гэсэн таван тулгууртай байхаар тодорхойлсон.  Ирэх дөрвөн жилийн аймгийн хөгжлийг таван үндсэн чиглэлд төлөвлөн, хэрэгжүүлж эхлээд байна. Аймгийн хүн ард, өрх гэр бүл, бизнесийн байгууллагын орлогын тогтвортой, хүртээмжтэй өсөлт бий болгох, насан турш боловсрол олох, хүүхэд залуусын сурах бүтээлч орчин бүрдүүлэх, багш ажилчдын өөрийгөө хөгжүүлэх, тэдний нийгмийн баталгааг бэхжүүлнэ. Мөн орон нутагт иргэний оролцоо бүхий нээлттэй, шударга, авлигагүй, шуурхай, цахим засаглал бий болгоход анхаарна. Хүн ардын эрүүл мэндийн боловсролыг тэтгэх, аливаа өвчнийг эрт илрүүлэх, эмчлэхэд технологийн дэвшлийг бүрэн ашиглах, ахмад настан, зорилтот бүлгийн иргэд, эмч, эмнэлгийн ажилчдын нийгмийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэнэ. Тавдугаарт, цаг уурын өөрчлөлттэй зохицох, амьтан ургамал, бэлчээр, усыг хамгаалах, хүрээлэн буй орчинд үзүүлэх хүний нөлөөллийг хамгийн бага байлгах, нөөцийг зохистой, тогтвортой ашиглах орчин бүрдүүлнэ.  Дээрх үндсэн таван чиглэлд 2021 онд 124.4 тэрбум төгрөгийн 304 зорилт, арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга  Ш.Идэрбаясгалан: Хөгжлийн бодлогодоо бүх талын саналыг тусгасан

-Ирээдүйн хөгжлөө тодорхойлсон  бодлогын баримт бичгүүдийг иргэд, мэргэжлийн холбоод, баялаг бүтээгч хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд болон иргэний нийгмийн байгууллагууд, улс төрийн намуудын саналыг тусган боловсруулж, 2021-2024 онд хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсрууллаа. Аймгийн хүн ам 134 гаруй мянга болж өслөө. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ээлжит II хуралдаанаа хийж 2021 оны аймгийн төсөв, ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаар, 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хуралдан баталлаа. Ард иргэдийнхээ элч төлөөлөгч болон сонгогдсон төлөөлөгчдөөрөө дамжуулан иргэдтэйгээ ямагт ойр байж иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан ажиллах болно. Энэ онд Ардын хувьсгалын 100 жил, аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн тэгш ой тохионо. Дээрх түүхэн ойн баяраа Хөвсгөлчүүд бид өндөр бүтээл, амжилтаар дүүрэн угтана гэдэгт итгэл төгс байна.

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар: “Хүний хөгжил-эрүүл мэндийг дэмжих” жил болголоо

-Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, aймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй нийцүүлэн 2020 оны өнөөгийн бодит байдлыг дүгнэн тооцож, аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй уялдуулан төлөвлөлөө. COVID-19 цар тахлаас үүдэлтэй хүндрэл улс, аймаг, сум, өрх гэр бүл, хувь хүний түвшинг хамарч улмаар сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, хөгжиж дэвжих бүх үйл ажиллагаанд  нөлөөлж байгаа энэ цаг үед аймгийн хөгжлийн жилийн төлөвлөгөөний зорилт, арга хэмжээг хүнээ хөгжүүлэх, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх, эрүүл мэндийг нь сахин хамгаалахад чиглүүлэн “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” жил болголоо. Аймгийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө  COVID-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засаг, нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд хүний хөгжил, эдийн засаг, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, ногоон хөгжил, бүс, орон нутаг, засаглалын бодлого. Мөн түүхт ой угтсан бүтээлч ажил гэсэн найман бүлэг, 49 зорилт, 262 хэрэгжүүлэх үйл ажиллагаатай, 395 шалгуур үзүүлэлттэйгээр боловсрууллаа.

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат: Малын үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарна

-Бид 2021-2024 онд аймгаа хөгжүүлэх хөтөлбөрөө батлуулаад байна. Хөтөлбөрт багтсан ажлууд энэ оноос хийгдэж эхэлнэ. Бүтэн хэрэгжүүлэх ажил ч бий. Заримаас нь дурдвал, цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээг 10 хувиар ахиулна. Иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх шинэ төслийн хүрээнд дэд бүтэц, тохижилттой сумын төвийг гурваар нэмэгдүүлнэ. Салхитын мөнгөний ордын орлогын тодорхой хувийг орон нутагтаа үлдээх асуудлыг шийдвэрлүүлнэ. Өрсөлдөх чадвараар аймгуудаас сүүлийн найман жил хоцорч явсанд дүгнэлт хийж байраа урагшлуулахын төлөө ажиллана. Хүний хөгжлийг хангах үүднээс иргэдээ ажилтай, орлоготой байлгах, мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй болоход малын үүлдэр угсааг сайжруулахад анхаарч өмнө нь Шил адуу, Олдохын хүрэн тэмээ, Сайнцагааны “Далай”  хонио омгоор бүртгүүлсэн амжилтдаа тулгуурлан ажиллах зэргээр яривал их зүйл бий. Хөдөлмөрч түмнийхээ дэмжлэгт тулгуурлан зорилтоо хангах болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn