Б.Батбилэг: Алхах боломжгүй гэж сонссоныхоо маргааш л “бүх зүйлээрээ тэмцье” гэж шийдсэн

“Mongol HD” телевиз Монголд албан ёсны эрхтэйгээр гаргаж буй “Шарк Танк” шоуны хоёр дахь цуврал гарч өндөрлөлөө. Цувралын хамгийн сүүлийн оролцогч болох Б.Батбилэг, Г.Дэлгэрсайхан нар хийсэн бүтээснээрээ шаркуудын төдийгүй үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, тэдэнд хөдөлмөрлөхийн гайхамшгийг харуулав.

Тэд орон нутагтаа айл бууж байгаагүй 0,07 га газрыг худалдан авч, пийшин халаалттай 49-100 м.кв хүртэл талбайтай амины орон сууц барьж, бэлэн мөнгөөр болон лизингээр худалддаг байна. Ойролцоогоор 80 м.кв орон сууцыг хашаатай нь барихад 14 орчим сая төгрөгийн болдог бөгөөд нэг байшингаас дунджаар 3,5 сая төгрөгийн ашиг олдог хэмээн нэвтрүүлгийн үеэр ярьж байлаа. Тэд энэхүү бизнесээ эрхлээд долоон жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд 22 ширхэг амины орон сууц барьж худалдаалжээ. Харин өнгөрсөн жилээс эхлэн тэднээр амины орон сууц бариулах хүсэлтэй иргэд олширсон тул компанийн нөөц бололцоо хүчрэхгүй бол Шаркуудаас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч, компанийнхаа 20 хувийг санал болгосноор дэмжлэг авч чадсан билээ.

Нэвтрүүлэг дууссанаас хойш бид Б.Батбилэгээс анх удаа албан ёсоор ярилцлага авлаа.


-НЭВТРҮҮЛЭГТ ОРСНООС ХОЙШ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ НЭГ ДАХИН НЭМЭГДСЭН-

-Юуны өмнө Шаркуудаас хөрөнгө оруулалт авсан танай гэр бүлд баяр хүргэе. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?

-Намайг Балсанжавын Батбилэг гэдэг. Одоогоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод амьдарч байна. Ам бүл дөрвүүлээ. Манай том хүүг Сумъяабазар гэдэг. Одоогоор гуравдугаар цахилгаан станцад инженер хийдэг. Харин бага хүүг маань Жигжидсүрэн гэдэг. Энэ жил аравдугаар ангид сурч байгаа. Би өөрөө Хөвсгөлийн Арбулаг суманд ЕБС-аа дүүргэсэн. Хилийн цэргийн холбооны 0151-р ангид алба хаасан. Холбоочин мэргэжилтэй.

-“Шарк танк” нэвтрүүлгийг үзсэн олон мянган хүн танаас үлгэр жишээ авч, танаар бахархаж, таныг хүндлэх боллоо шүү дээ. Энэ нэвтрүүлэгт орсноос хойш та бүхний амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Нэвтрүүлэгт орж хөрөнгө оруулалт авснаас хойш үйл ажиллагааны цар хүрээ нь нэг дахин нэмэгдэж, ажилчдын тоо зургаагаар нэмэгдсэн. Үүнд мужаан, өрлөгчин, шавар засал чимэглэлийн ажилтан гэсэн зургаан орон тоо бий болсон. Түүнчлэн, эргэлтийн хөрөнгө нэмэгдэж илүү их чанаржиж байгаа. Хүмүүсийн намайг хүлээн авсан хандлага нь эерэг байсан учир маш сайхан санагдаж байгаа. Миний доор ажиллаж байгаа хүмүүс ч намайг маш их хүндэлж бахархаж байгаагаа хэлж байна лээ /инээв. сурв/

-АЛХАХ БОЛОМЖГҮЙ ГЭХ МЭДЭЭ СОНССОНЫХОО МАРГААШ Л БҮХ ЗҮЙЛЭЭРЭЭ ТЭМЦЬЕ ГЭЖ ШИЙДСЭН-

-Олон Монгол эрчүүдэд үлгэр жишээ болж байна, “Амьдрал гэдэг тэмцэл” юм гэж Шаркууд танд хэлж байсан. Амьдралд тохиох эрээн бараан зүйлсийг давах их хүчийг та юунаас, хэнээс авдаг вэ?

-Гэр бүлээсээ эрч хүчээ авдаг. Хүн нэг л амьдарна. Энэ хугацаанд үргэлж хөдөлмөрлөж байх ёстой. Гэр бүл, найз нөхөд, эргэн тойрныхноос дандаа “та чадна” гэсэн урмын үг ирдэг. Миний өөрийн сонгосон зам энэ учир хөдөлмөрлөх ёстой л гэж боддог. Багаасаа барилгатай холбоотой инженер болъё гэж боддог байсан. Бусдын барьсан барилга байгууламжийг хараад дандаа үнэлэлт дүгнэлт өгч үлгэр жишээ авдаг байлаа. Энэ ажилд дуртай байсан учир энэ чиглэлийг сонгоод тууштай явч байна. Эхлээд өөртөө л гоё байшин баръя гэж бодоод тэндээсээ суралцаад цаашаа зах зээлд гарах санаа төрсөн дөө.

-2005 онд анх авто осолд орсон тухайгаа ярьсан. Мөн л ажлаа хийж, хөдөлмөрлөж явахдаа ийм зүйлтэй учирсан уу?

-2005 онд нутгаасаа түүхий эд аваад Улаанбаатар хотод борлуулдаг байлаа. Тэр жил бизнесээ хийж яваад нийслэл хотоос Эрдэнэт орох замдаа осолд ороод нуруу нугасны их хүнд гэмтэл авсан. Үүнээс өөр гэмтэл бол өмнө нь авч байгаагүй.

-Босно, хоёр хөл дээрээ зогсоно гэж итгэж явсан ч боломжгүй гэдэг хариуг сонсоод өөрийгөө хэрхэн зоригжуулж байв? Юм болгон буруугаар эргэж байх тэр үед таныг босгож хүчтэй зоригтой болгох зүйл тань юу байв?

-Тухайн үед их хэцүү санагдаж, тэр байдлаасаа гарах гэж их тэмцсэн. Үргэлж л “бүх зүйл зүгээр болно” гэж боддог байсан. Цаг хугацаа ч их шаардагдаж, гурван жил гаруй эмчилгээнд явсан. Манай гэрт тухайн үед нэмэлт орлого гэж байдаггүй байлаа. Үргэлж эм тариа, зарлага л гардаг байсан. Манай найзууд гадагшаа эмчилгээнд яв гэж их хэлнэ. Найзууд болон гэрийнхэн намайг иргэж ирэх бүрдээ “эдгэрнэ, гадагшаа явч эмчлүүлэхэд л болно” гэдэг байсан. Манай нэг найз “Хятадад эмчилгээнд ороё. Явах зардлын талыг нь өгье” гэдэг байсан. Үлдсэн төлбөрөө гэрээ зарж, өөрт байсан бүх зүйлээ мөнгө болгож, хандив цуглуулж Хөх хот явсан. Гэтэл нугасны 50 хувийн гэмтэлтэйгээ гурван жил болоод ужгирсан учир алхах боломжгүй гэсэн хариуг эмчээс шууд сонссон. Яг тэр үед үнэхээр хүндээр тусгаж авч бачимдаж байгаад, маргааш нь л “зүгээр дээ, бүх зүйлээрээ тэмцье” л гэж бодсон. Манай гэр бүлийн хүн гурван жилийн хугацаанд эмнэлгээр яваад тийм үг сонссон учир их хямарсан. Энэ үед тэргэнцэртэйгээ өрөөний мухарт суугаад байх биш тэмцье, зүтгэе л гэж надад хамгийн түрүүнд бодогдсон. Гурван жилийн хугацаанд их зүйлийг бодсон доо.

-ЧИ ЧАДНА, ОЮУН УХААН ЧИНЬ ЭРҮҮЛ БАЙНА ГЭЖ ЭХНЭР МИНЬ ЗОРИГЖУУЛДАГ БАЙЛАА-

-Тууштай хөдөлмөр, амжилтын тань салгаж болохгүй чухал хэсэг бол таны эхнэр байх. Таны эхнэр энэ бүх үед танд хэрхэн хандаж, юу хэлдэг байв?

-Манай хүн “Цаашаа үргэлжлүүлж явахын тулд нийгэмд хурдан ор. Гэртээ ингээд суух хэрэггүй. Цаашид хүүхдүүдээ бодъё хэмээн чи чадна, оюун ухаан чинь эрүүл байна” хэмээн урам зориг өгдөг байсан. Нийгэмд хүмүүс тэргэнцэртэй хүн хараад л хөгжлийн бэрхшээлтэй гэж нэрлэдэг. Би энэ нэршилд маш их дургүй. Манай хань “чи төрлөхөөсөө ийм байгаагүй. Чиний бүх зүйл эрүүл, бүхнийг чадна” гэж хурцалдаг байсан нь надад их нөлөөлсөн, нөлөөлдөг.

-Өнгөрсөн хугацаанд та ямар ямар бизнес эрхэлж байсан бэ? 1994 оноос хойш бизнес хийж байсан гэсэн.

-Би 1994 онд Дэнжийн мянга зах дээр тамхи зардаг байлаа. Хоёр жилийн хугацаанд ажилласан. 1998 оноос 2000 он хүртэл Эрдэнэтэд савхины наймаа хийсэн. Хөвсгөлийн Арбулаг суманд цахилгааны монтёр хоёр жилийн хугацаанд хийгээд 2001 оноос хувиараа бизнесээ хийж эхэлсэн.

-Барилгын салбарт ороход мэдээж эхлэл хөрөнгө шаардлагатай байсан байх. Энэ асуудлаа та хоёр хэрхэн шийдэж байсан бэ?

-Хамгийн эхлээд барьцаа хөрөнгө байхгүй учир банкны зээл олдохгүй байсан. Тэр үед орох оронгүй хэцүү үе байсан. Бараг бүх банкнаас зээл асуусан ч боломжгүй л гэдэг хариу сонссон. Анхны хөрөнгө оруулалтаа дандаа ойр дотны хамаатан садан, аав ээж нарынхаа тэтгэврийн зээлээр босгосон. Төрийн банк анх үүсгэн байгуулагдаж, зээл хүсч байхад дөрөвхөн ажилтантай байлаа. Эдийн засагч Орхон, Теллер Хажидмаа болон Гэрэлсүрэн нар надад итгэж дөрвөн сая төгрөгний зээл олгож, бидэнд итгэл хүлээлгэж, маш их урам зориг өгсөн. Өнөөдрийн амжилтанд хүрэхэд дараах хүмүүс надад маш их тус болсон. Одоо тэдэнд үнэхээр их баярлаж явдаг даа..

-МИНИЙ БИЗНЕСИЙН ХАМГИЙН ЧУХАЛ ЗАРЧИМ БОЛ ЖУДАГ-

-Хашаа байшингаа банкинд тавьж бизнес эхлэнэ гэдэг бүх зүйлээрээ дэнчин тавьж байгаа хэрэг шүү дээ. Энэ шийдвэрийг гаргахад хүнд байсан уу?

-Энэ шийдвэрийг гаргахад хүндрэлтэй асуудал байгагүй. Учир нь эхнэртэйгээ ярилцаад бизнесээ эхлүүлж, хөл дээр нь босгоно гэсэн бат итгэлтэй. Хүн нь амьдралын жам ёс гэх үү дээ. Өөрийнхөөрөө зүтгээд хүн амжилтанд хүрэхгүй. Нэг биеийнхээ нөгөө тал болсон хань ижилтэйгээ үргэлж ярилцана. Надад үргэлж эхнэр минь л зааж зөвлөдөг. Хамгийн чухал ажлыг миний ард эхнэр минь л хийж байдаг.

-2005 онд авто осолд орж нуруу нугасны гэмтэлтэй болсон. Эхнэр ажлаасаа гарч, бүх зүйлээ зарж, орох орончгүй болж, өмсөх хувцастайгаа л үлдээд дахин эхэлсэн гэсэн. Яг энэ үед хийсэн хамгийн эхний алхам тань юу байв?

-Ирээдүйтэй бизнестэй болъё, үүндээ тууштай зүтгэе л гэсэн бодол төрсөн. Хамгийн эхний зорьсон алхам минь л энэ байсан гэх үү дээ…

-Та 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, хоёр бригад ажиллуулдаг гэсэн. Залуус ажил хөдөлмөр эрхлэхэд ямар дутагдалтай бас ямар давуу талтай байна гэж та бодож байна вэ?

-Төлөвлөгөөт эдийн засгийн үед буюу намайг бага байхад бүх хүн л ажилтай байсан. Би өнөөгийн нийгэм цаг үеийг үргэлж тэр үетэй харьцуулдаг. Чөлөөт эдийн засагтай болоод ардчилсан нийгэм рүү чиглэхэд хариуцлага гэдэг зүйлийг манай залуучууд сайн ухамсарлаагүй юм болов уу даа хэмээн боддог. Мөн, залуучууд маань цаг баримтлах тал дээр ихээхэн дутагдалтай. Аливаа хийж байгаа зүйлдээ сэтгэлээсээ хандан хийх хэрэгтэй. Би хамтран ажиллагсаддаа байнга захьдаг юм. Хийж байгаа ажилдаа үргэлж сэтгэлээсээ хандаж байх хэрэгтэй. Учир нь тэр бүтээн босгосон байшинг чинь хэн ч авч болно. Эргээд уулзах нүүр гэж байдаг учир бүх зүйлд сэтгээлээсээ ханд л гэж хэлдэг. Гэсэн хэдий ч үүний зэрэгцээ манайхан их хүний үгийг даадаг болсон. Хүний үгнээс гарахгүй ажлаа сайн гүйцэтгэдэг. Энэ нь бас л авууштай чанар шүү дээ.

-Нэг байшингаас 3.5 сая төгрөгийн ашиг олдог гэсэн. Үүнээс илүү ашиг олж болох ч яагаад ийм шийдвэрт хүрсэн бэ? Хамгийн хямдаар хүмүүст өгье гэсэн сэтгэл байв уу? Өөрийн туулж өнгөрүүлсэн амьдралаас санаа аван ингэж шийдсэн үү?

-Энэ бол миний өөрийн зарчим. Бүх зүйлийг мөнгөөр харна гэдэг утгагүй. Би хүнээс хэт ашиг харлаа гээд түүнийг нь өнөө маргаашийн зардалд л үрээд дуусгана. Түүний оронд барьсан байшингаа чанартай босгоод, түүнийг минь удаан ашиглахаар эдэлгээтэй байгаа нь л надад илүү үнэ цэнэтэй. Миний бизнест барьдаг хамгийн чухал зарчим бол жудаг. Бизнест өөрийгөө бодох биш худалдан авагчаа бодох ёстой. Түүнчлэн өөрийн хийсэн зүйлсийг зөвхөн үнийн дүнгээр тогтоож болохгүй шүү дээ.


-ХАЯГЖИЛТ ХИЙЖ ЯВАХДАА ХҮМҮҮСИЙН ОРОН ГЭРТЭЙ БОЛОХ ХҮСЛИЙГ АНЗААРСНААР БИЗНЕСЭЭ ЭХЭЛСЭН-

-Та ажил хөдөлмөр эрхлэхэд нийслэл болон аймаг сумын хэмжээнд дэд бүтэц хэр хангалттай, хэрхэн хөгжүүлээсэй гэж боддог вэ?

-Бид цаашид илүү хурдацтай хөгжмөөр байна. Дэд бүтцийг дагаад дулааны цахилгаан станцыг илүү их барих хэрэгтэй байна. Дэд бүтцийг шийдээд өгвөл илүү л их боломжтой. Нийслэлдээ дэд бүтэцдээ шинээр хороолол байууулах хэрэгтэй. Тэгж байж тарсан гэр хорооллууд маань нийслэл шиг болох боломжтой. Бид дээшээ агаарын зайгаа ашиглаж дээшээ сүндэрлэж хөгжмөөр байна. Нийгмээ хөгжүүлье гэвэл эхлээд тохьтой байх хэрэгтэй. Эхлээд улс нь дулааны шугамаар хангаж байж цаашид ая тухтай амьдарч нийгэм дагаж хөгжинө. Хотод захиалгаар барилга барьдаг зөндөө их компаниуд бий. Манайхныг ажиглаад байхдаа амьдарч буй өрх айлууд маань монгол гэрээсээ байшин барьж ахиж дэвшдэг юм байна. Хүмүүс хэдий нийтийн орон сууцад амьдрах гэдэг ч энэ нь бага зэрэг өндөр үнэтэй юм болов уу. Бид цаашид буцаад төрийн өмчит барилгын компаниудтай болох хэрэгтэй. Ингэж байж ажлын байр илүү их нэмэгдэнэ.

-Эрэлт ихээхэн нэмэгдэж, олон хүн та бүхэнд хандаж байгаа юу? Хямд өртгөөр өөрийн гэсэн орон гэртэй болъё гэсэн олон хүн хэзээ манай аймаг сумд захиалга авч эхлэх бол гэсэн хүлээлттэй байгаа. Цаашид бизнесээ хэрхэн хөгжүүлэхээр харж байна вэ?

-Энэ ажлыг хийх явцад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд судалгаа ихээхэн хийсэн. Мөрөн сумын хувьд нийт 14 багтай. Нийт 11000 гаруй хашаа бий. Манай гэр бүл энэ байшингуудыг барьж эхлэхээс өмнө Хөсвгөлийн нийт гэр хорооллын айлын гадаах хаягжилтыг зуун хувь хариуцан хийсэн. Энэ үед хүмүүс орон гэртэй болох хүсэл маш их байсныг анзаарсан. Хашаа байшин худалдаж авъя гэсэн бодолтой хүн наян хувьд байсан бол үлдсэн хорин хувь нь хямд үнэтэй орон сууцанд оръё гэсэн бодолтой байсан.

Цаашид манай компани хоёр гурван жилийн дараа барилга, орон сууц барих ажил руу ханцуй шамлаад оръё гэсэн зорилготой байна. Бизнесийн хөрөнгө оруулагч нараасааа маш их зүйлийг сурч байгаа. Хамгийн гол нь чанартай, бүрэн цутгамал, доторх тохижилт сайтай барилга барья гэсэн зорилготой. Гол нь доторх квадрат метр нь том, яг л хэлсэн хэмжээндээ байхаар зах зээл дээр бий болгоё гэсэн бодол бий. Нийслэлд баригдсан зарим орон сууцанд орж үздэг юм. Ингэхэд нойлын өрөө нь угаалтуурын өрөөтэйгөө хамт л байж байдаг. Ийм зах зэээлийг халах хэрэгтэй гэж боддог. Эрүүл мэндийн талаас бодсон ч яав ч хэвийн байж болох зүйл биш болов уу даа.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Уншигчиддаа хандаж та юу хэлмээр байна?

-Уншигчиддаа сүүлд нь хандаж хэлэхэд шөнө ажлыг хийх боломжгүй учир өдөр байх найман цагт л хүн бүх ажлаа амжуулах хэрэгтэй. Өдөр ажил хийх цаг дээрээ ухаалаг утсаа оролдож цагийг дэмий бүү үрээрэй. Бид бүхэн өдөр олдож буй ажлын хэдхэн цагтаа л сайн хөдөлмөрлөж энэ цагийг л үр бүтээлтэй байлгах хэрэгтэй шүү гэж хэлмээр байна.

-Тийм шүү, авч хэрэгжүүлэх болно оо. Танай компанид томоохон групп болон дэвшихийн ерөөлийг уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: www.ekhoron21.mn сайтаас ашиглав

 

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn