Хөвсгөлд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлж, чичирхийлэл нь Улаанбаатарт мэдрэгдэв

Өнөө өглөө буюу 2021.01.12-ны 05:33 минутад Хөвсгөл аймагт 6.6-6.8 магнитуд газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлт Хөвсгөл аймгийн Ханх суманд илүү хүчтэй мэдрэгдсэн ба Улаанбаатарт ч мөн газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн юм.

Эх сурвалж: m.emsc.eu

Эх сурвалж: m.emsc.eu

АНУ-ын Геологийн албанаас(USGS) уг газар хөдлөлтийг 6.8 баллын хүчтэй байсан гэж тодорхойлсон ба энэ нь тус бүс нутагт урьд нь болж байгаагүй хүчтэй газар хөдлөлт хэмээн тодотгов.

1950 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурын хойд талд 6.9 баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан юм. Түүнчлэн 1991 оны арванхоёрдугаар сард нуурын баруун хэсэгт 6.4 баллын хүчтэй газар хөдөлж байжээ.

Одоогоор газар хөдлөлтөөс үүдэлтэй хохирлын талаар мэдээлэл өгөөгүй байна. Бид үргэлжлүүлэн энэ талаарх мэдээллийг тодруулан хүргэх болно.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам: 

1. Аюулгүй орон зайг тодорхойлох– Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу булан байдаг. Гэр дотроо хамгийн аюулгүй гэсэн 3-4 цэгийг тодорхойлж өрхийн гишүүн бүрт хэлж таниул. Мөн ажлын газар, сургууль, цэцэрлэг гэх мэт ихэнх цагаа өнгөрүүлдэг газруудынхаа аюулгүй орон зайг тодорхойл.

2. Тавилга, эд хогшлоо бэхлэх- Том тавилгууддаа дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд нь бэхэл. Гарах гарцыг хааж болзошгүй тавилга бүү тавь, шилэн эдлэл хагарахаас сэргийл. Унтаж байхад орон дээр унаж, гэмтээх эд зүйл бүү тавь.

3. Сургалт, дадлагад хамрагдах- Газар хөдлөлтийн сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагд. Орон байраа орхин гарах дадлага сургууль хий. Сурснаа  бусдадаа зааж сурга.

4. Бэлэн байдлын цүнхтэй болох- Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгч, аль болох удаан хадгалагдах илчлэг сайтай хүнс, ус, хоолны хэрэгсэл, радио, анхны тусламжийн цүнх, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хувцсаа нөөцөл. Чухал шаардлагатай бичиг баримтуудын хуулбараа ус нэвтрэхгүй газар хадгал. Тэдгээрийг хаана байрлуулсныг болон яаж ашиглахыг хүн бүр мэддэг байх.

5. Уулзах цаг, амьдрах газраа товлох- Газар хөдлөлтөөс үүдэн гар утас, цахилгаан холбоо тасарсан тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ уулзах газраа товло.

6. Чичирхийлэл мэдрэгдэх үед- Барилга дотор байвал цахилгаан болон хий, усны шугамыг хааж аюулгүй газарт түр хүлээнэ. Чичиргээ зогссоны дараа байгаа газраасаа тайван гарч, аюулгүй талбайд оч.

7. 1-2 минутын дараа- Чичирхийлэл намдмагц гал гарч болох эх үүсвэрүүдийг шалгаж унтраа, гэр бүлийнхнээ эсэн мэнд эсэхийг тодруул. Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Уул хадтай газарт яваа бол чулуу унах хөрс нурахаас сэргийл. Гадаа яваа бол блокон хашаа нурах, самбар, хагарсан унаж ирэхээс болгоомжил.

8. 3 минут!!!- Хүмүүсийн эсэн мэнд эсэхийг шалга, гал түймэр гарахаас сэргийл. ойр орчимд гал түймэр гарвал чанга дуугаар хүмүүст мэдэгдэж, гал унтраах арга хэмжээ ав.

9. 5 минут !!! – Дүрвэж гарахдаа хийн зуухны хоолой, цахилгаан таслах хөшүүргийг дахин шалгах, бэртсэн, шархадсан хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээг анхааралтай сонс.

10. 10 минут өнгөрснөөс хойш- Хүчээ нэгтгэн гарсан галыг унтраа, аврах, яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд ор, цуу ярианд автахгүй бай, хохирлын мэдээг цуглуул, харилцан туслах сэтгэлтэй бай.

Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Шинэ мэдээ

© 2021 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. honh.mn